© Ардчилсан нам. 2011-2024
2020/12/01 / Үйл явдал

АН-ын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын хэсэг ҮБХ-ны цахим хуралд ажлаа танилцууллаа


ҮБХ-ны өнөөдрийн цахим хурлыг УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нээж, УИХ дахь АН-ын бүлгийн болон намын дотоод ажлын цаг үеийн мэдээллийг өгсөн юм.  

Өчигдөр /2020.11.30/ УИХ дахь АН-ын бүлэг цар тахлын үеийн хөл хорио, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний асуудлаар хуралдаж, УОК-ийн гишүүдээс асуулт асууж, саналаа хэлсэн. Мөн УИХ-ын гишүүний хувиар 2020 оны 4 сарын 29-нд баталсан Ковидын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачилан өргөн барьж байгаа, Коронавируст цар тахлын үед АН-аас санаачилан хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа зарим ажлын тухай товч танилцууллаа. Үүний дараагаар намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийн танилцуулгыг ажлын хэсгийн гишүүд хийсэн юм.

О.Алтангэрэл: Үндсэн дүрмийн өөрчлөлтөд субъектив зүйл тусгаагүй

Ажлын хэсэг 44 хүний бүрэлдэхүүнтэй, бүтэн 5 сарын хугацаанд ажилласны үр дүнд “Эв нэгдэл –Нээлттэй байдал – Бодлогын нам байх өөрчлөлтийг тусгасан үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслөө гишүүдийн гар дээр хүргүүлсэн.  

Ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл, нарийн бичиг С.Сансэр нар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын явц болон гол гол өөрчлөлтүүдийг ҮБХ-ны гишүүдэд танилцууллаа.

Нэмэлт өөрчлөлтийг хийхийн тулд ажлын хэсэг асуудлуудаа тодорхойлж байж зорилгоо боловсруулсан гэж ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл онцлон тэмдэглэв. Мөн тэрээр дүрмийн нэмэлт өөрчлөлтөд субъектив зүйл байхгүй, олон шөнө нойроо хугаслан, олон хүнээс санал авч, ярилцлага хийсний үндсэн дээр бодит зүйлийг тусгасан гэж ҮБХ-ны гишүүдэд тайлбарласан  юм.

С.Санасэр: Намын даргын эрх мэдлийг бууруулж, ҮБХ, УТЗ-ийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн

Харин ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Санасэр хэлэхдээ “Гишүүд дэмжигчдийн санаа зовоож байсан асуудлыг дүрмэндээ тусгахын төлөө ажилласан. ҮБХ-ны гишүүд, анхан дунд шатны гишүүд, дэмжигчид, намын бүтэц, дэргэдэх байгууллагын гэсэн гурван шатлалт санал асуулгаар асуудлаа тодорхойлсон. Үүний үндсэн дээр намын ялагдлын гол хүчин зүйл гэж гишүүдийн үзсэн дотоод хагарал хуваагдлыг алга болгох үүднээс намын даргын дотоод сунгааг болиулах, санхүүгийн ил тод байдлыг сайжруулж, энгийн гишүүдэд очдог санхүүгийн дарамтыг үгүй хийж татвар, дэнчингүй болгох зэрэг өөрчлөлтүүд орсныг онцлон тэмдэглэсэн юм.

Товчилбол, Эв нэгдэл- хамтын удирдлага, Нээлттэй байдал - ил тод, тайлагнал, Интситутын - бодлогын нам гэсэн үндсэн гурван зүйл дээр дүрмийн нэмэлт өөрчлөлт чиглэсэн гэж ажлын хэсгийнхэн танилцууллаа.

Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр аймаг, нийслэл, сум дүүргийн намын гишүүд саналаа өгч, хэлэлцүүүлэг өрнүүлж байгаа. Энэ сарын 5-ныг хүртэл гишүүд, дэмжигчдийн саналыг хүлээн авч, нэгтгэх ажлыг хийх юм байна.

Ийнхүү дэнчин, татварыг үгүй хийж, намыг санхүүгийн хяналтын хороотой болгож, намын даргын эрх мэдлийг багасган, ҮБХ, Улс төрийн зөвлөлийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл дээр АН-ын гишүүд санаа бодлоо уралдуулсаар байна.