АН-ЫН ХЭГ-ЫН ДАРГА П.НҮРЗЭД: ЭРХ БАРИГЧИД СҮҮЛИЙН ҮЕД ЦАР ТАХЛААР ДАЛИМДУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙГ БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЧИХ БАЙДАЛ ГАЗАР АВЛАА
АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд “Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр болж байна. Одоогоос 31 жилийн өмнөх энэ өдөр Ардчилсан хувьсгалын анхны жагсаал, цуглаан болж байсан түүхтэй. Гэтэл эрх баригчид сүүлийн үед цар тахлаар далимдуулан хүний эрхийг бүдүүлгээр зөрчих байдал газар авлаа. Өнөөдөр гэхэд МҮОНРТ-ийн гурван сэтгүүлчийг барьж саатууллаа. Дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээлэл, сэтгүүлчидрүүгээ төр засаг нь дайрч, төрийн төмөр нударга үзүүлж, хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж буй нь байж боломгүй асуудал. Цаашлаад хүний амьд явах эрхийг хүртэл зөрчсөн. Үүнд харамсаж байна. Ардчиллын 30 жилийн түүхэн дэх хамгийн том эмгэнэл болж байна. Социализмын жилүүдэд байсан маш олон хар түүхүүд давтагдлаа. Үүнтэй Ардчилсан намын зүгээс эвлэрэхгүй. Тиймээс намын бүлгээр дамжуулж Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн” гэлээ.
АН-ЫН ҮБХ-НЫ ГИШҮҮН Ц.ОЮУНГЭРЭЛ: 30 ЖИЛИЙН ТУРШ БИДНИЙ ТЭМЦЭЖ ИРСЭН ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД МОНГОЛ АРДЫН НАМ ХАЛДАЖ БАЙНА
Тэрээр “Ардчилсан нам цар тахал гарснаас хойш эрх баригчдад ажиллах боломжийг олгож дуугүй байлаа. Дуугүй байсны учир нь эрх баригчдад бид бүтэн жилийн хугацаа өгч, аль болох төвлөрсөн удирдлагаар ажиллаасай гэж хүссэн юм. Харин өнөөдөр сөрөг хүчин байр сууриа илэрхийлж дуугарахаас өөр аргагүйд хүрэв. Яагаад гэвэл 30 жилийн турш бидний тэмцэж ирсэн хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө зэрэг бидний язгуур үнэт зүйл рүү Монгол Ардын нам халдаж байна. Нэгдүгээрт, сэтгүүлчид үг хэлэх эрх чөлөөгөө эдэлсний төлөө, тэвчишгүй байдалд оруулсан дарга нараа эсэргүүцэж шүүмжилсний төлөө тэднийг баривчилжээ. Тиймээс бидний зүгээс сэтгүүлчдийг өнөөдөртөө багтааж суллахыг эрх баригчдаас шаардаж байна. Хоёрдугаарт эрүүл мэндийн төлөө тогтоосон гэх хөл хорио нь өөрөө иргэдээ эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй болгож байгаа нь эмгэнэлтэй байгааг хэлье. Үүнээс болж хүмүүс амиа алдаж байна. Эрх баригчдад төлөвлөгөө байхгүй байгаа нь харагдаж байна. Үүнийг эмнэлгийн тусламж авч чадахгүй “бурхан болж” байгаа хүний, эцэг эхийнхээ гар дээр ч очиж чадахгүй нас барж байгаа хүүхдийн эмгэнэлт хувь заяагаар харж болно. Гуравдугаарт, хүний эрхийн маш олон зөрчлүүд ужгирч байна. Хоол тэжээлийн дутагдал, ажил хийж амьжиргаагаа авч явах эрх зөрчигдөж байна. АН-ын зүгээс хувийн хэвшлийг хөл дээр нь босгон, Монголын эдийн засгийн 80 гаруй хувийг бий болгодог болгох гэж байнга хамгаалж ирсэн. Гэтэл сүүлийн үед МАН хувийн хэвшлийг цар тахлын үед хэрхэн хамгаалахаа тооцохгүй байна. Тиймээс бид цар тахлын төлөвлөгөөнд хувийн хэвшлээ хэрхэн хамгаалах тухай оруулахыг эрх баригчдаас мөн шаардаж байна” гэлээ.
АН-ЫН ҮБХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧЛҮҮД ДЭЭР АРДЧИЛСАН НАМЫН ХУУЛЬЧДЫН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА
АН-ын ҮБХ-ын гишүүн, хуульч Р.Булгамаа “Эрх баригчдын зүгээс хүний эрхийн олон зөрчил гаргаж буйтай холбогдуулан Ардчилсан намын зүгээс хуульчдын баг ажиллуулж байна. Хүний эрхийн зөрчлүүд дээр дүн шинжилгээ хийж , иргэдэд хууль зүйн болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлуудыг зохион байгуулж байна.” гэсэн юм.
Энэ ташрамд дурдахад жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр “Олон улсын хүний эрхийн өдөр” тохиодог юм. Мөн энэ өдөр ардчилсан хувьсгалын анхны цуглаан болсон өдөр гэдгээрээ “Ардчилсан хувьсгалын өдөр” хэмээн тэмдэглэдэг билээ. Эдүгээ 31 дэх жилийн ой болж байна.