© Ардчилсан нам. 2011-2024
2021/01/11 / Ярилцлага

Б.Ган-Очир: Чухам аль хурал хүчин төгөлдөр вэ гэдгийг АН-ын дүрмийг Дээд шүүх хүлээж авахаас шалтгаална


АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Ган-Очиртой ярилцлаа.

 

-АН-ын  X их хурал болж дүрмэндээ өөрчлөлт оруулж баталсан. Их хурлын дүр зураг ямархуу болсон бэ гэдгээс ярилцлага эхэлье

-УИХ-ын хоёр сонгууль дамнаж АН үнэмлэхүй ялагдсаны дараа болсон хурал. Намын бүх шатны удирдлагын хувьд сөрөг хүчин нэртэй цаасан титэмийг 12 жил гудамжинд өмсөх нь тодорхой болсоны дараах анхны Их хурал боллоо.  Хорсолдоо идэгдсэн ах нарын тунирхал дүүрэн, итгэл нь алдраагүй гишүүдийн идэвх өндөр, ялагдал бол шинэ эхлэл гэх тайтгаралтай их хурал боллоо. 

 Миний хувьд 30 жилийн дараа Монголчууд зохистой улс төрийн хэлбэр, нийгмийн бүтээлийнх нь хувьд Ардчиллыг яагаад зөв аргаар хэрэгжүүлж чадахгүй байна  вэ. буруу нь юу вэ, буруутан нь хэн бэ гэдэг эргэцүүлэл дүүрэн байлаа. 

 Уг нь ардчилагчид бид ард түмний санаа зөв бөгөөд мэргэн байдагт итгэдэг. Ингэхийн тулд ард түмний нүдээр харж, сэтгэл зүрхээр мэдрэх хэрэгтэй.  Харамсалтай нь олон улс төрчид ардчиллын үндэслэлийг ашиглан мөн чанараасаа тэс өөр зүйлийг бий болгосон нь ард түмэн АН-ыг хонины арьс нөмөрсөн чоно мэт тэднээр төсөөлж харах аюултай туллаа. Олон ургалч үзэл өөр өөрийн мэдлэгийг түлхэх  биш аялдан дагах, боломжийг хүлээх, фракцлан жижгэрэх нь эцэстээ Ардчилсан намд ард түмэн эргэлзэхэд хүргэлээ. 

Ардчилсан нам хэн бүхний хүсэл зориг, итгэл үнэмшил, бодол санаанд тэгш хандаж түүнийгээ илэрхийлэх боломж олгох үедээ бусдыг татдаг. 

Харин сонгогдсон удирдлагууд нь МАН-ыг дуурайж дарга суудал авмагцаа үг бүрээ бурханы мэт тулгаж, дэмжигчдийнхээ дуу хоолойг сонсохгүй дүлий дүмбэ царайлж эхлэхэд ялзарч доройтдог. Эндээс бид Ардчилсан намын дотоод ардчилалыг ярих хэрэгтэй болно.

 

-Ардчилсан нам тамгаа булаацалдаж, хоёр талд хурлаа хийж, нэг нэгнийхээ гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байна.  АН-ын дотоод асуудал юу болоод байна вэ? 

-Нэг талаас намын гишүүдийн дуу хоолойг дарж захирах гэсэн хүсэл, нөгөө талаас бусдын эрхшээлд орохгүй Ардчилсан намдаа байх хүсэл хоёрын зөрчил дунд нам хагардаг. 

Энэ үед ялагдсан цөөнх нь эсрэг талд гарч, үгээ хэлсэн нь хохирч, зальтай нь идэвхгүй хүлээж, завшаан хайгчид нь өөдөө мацдаг.  Уг нь ямарч улс төрийн хүчин оршихын тулд бүгд захирагддаг, нийтээрээ хүлээн зөвшөөрсөн дүрэм журам хэрэгтэй. 

-Намын дүрмийн өөрчлөл, даргын асуудал цаашид хэрхэн үргэлжлэх бол?

-Нийгэмд бол Ардчилсан намын дүрэм сонин биш. Харин дарга нь хэн гэж хүн болж байгаа нь илүү сонин. Тэр утгаараа шинэ дүрмээр намын даргыг сунгаагаар биш Их хурлаар сонгогддог болж байгаа. Энэ ч зөв. Угаасаа өмнөх намын даргын сунгаа өөрөө чадамжгүй сунгаа байсан. 

Бүх гишүүдээс сонгогддог сунгааг бид АНУ-аас хуулж авчирсан. Гэхдээ сунгаа хийхийн тулд бүх гишүүдийг төлөөлөх чадамж бүхий тодорхой тооны хүнийг сонгох хэрэгтэй. АН 200 мянган гишүүнтэй гэвэл 336 сум, 9 дүүргээс тэднийг төлөөлөх 2000 төлөөлөгч төлсөн татвар, гишүүний хугацаа, ажлын идэвхээрээ шалгарах ёстой гэсэн үг. 

Харамсалтай нь сунгаа хийх суурь зарчимаа дүрмэндээ тусгалгүй бүх гишүүдээрээ сунгаа явуултал намын батлах Нарантуул зах дээр зарагдаж, МАН-ын гишүүд хүртэл манай намын даргын сунгаанд АН-ын батлахтай санал өгч, нэр дэвшигчид мөнгө тарааж сунгаа өндөрлөсөн. Эцэстээ 2016 онд АН намын даргад нэр дэвшсэн 5 хүн эв нэгдлийн тангараг өргөж атгасан сумаараа эргэж нэгнээ харваад дууссан. Энэ мэт задлаад ярьвал дүрмийн шинэчлэлийн талаар их зүйл ярих болно. 

АН дүрмийн өөрчлөлт маргаан дагуулж эхэллээ. Их хурлаар хэлэлцээгүй заалтыг Дээд шүүхэд өгөхдөө нэмсэн тухай асуудал яригдаж байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөгчгүйгээр АН-аас  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх гэж байна гэж намын ихэнх гишүүд эсэргүүцэж, энэ заалт батлагдах ёсгүй  гэж  эсэргүүцэж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

Хэрэв үнэн байсан бол намын Их хурлын эрх мэдэлд халдсан үйлдэл. Би Их хурлын тэргүүлэгчийн хувьд хариуцлагатайгаар хэлэхэд энэ бол ийм заалт байхгүй. Хэн хаанаас ямар зорилгоор явуулж байгааг мэдэхгүй юм. 

-АН-ын дүрэм Дээд шүүх дээр батлагдах эсэх нь эргэлзээтэй боллоо гэж гишүүд ярьж байна. Хуулийн хугацаагаар Дээд шүүх АН-ын дүрмийг  хэзээ батлах вэ?

-АН Х  их хурлаар хэлэлцсэн дүрмээ хуулийн дагуу дээд шүүхэд илгээсэн. Батлагдах эсэхийг дээд шүүх шийднэ. Хугацааны хувьд янз бүр байдаг. Дүрмийг бүтнээр нь батлаж болно. Зарим нэг зүйл заалтад хэсэгчлэн хориг тавьж болно. Тэгвэл түүнийг нь засаад эргээд өгдөг. 2017 онд С.Эрдэнэ дарга Их хурлаар баталсан намын дүрмээ илгээхэд хэсэгчлэн хориг тавьж, хэд хэд буцааж, тодруулж байсан тохиолдол байдаг. 

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ дүрмийг хүчингүй гэж мэдэгдээд байна. Хуулийн ямар маргаантай нөхцөл байдал үүсээд байна вэ. Одоогийн нөхцөл байдлыг тайлбарлахгүй юу?

Аль ч тал юу ч гэж гомдолсон хуулийн дагуу УДШ эцсийн зогсоол. Тиймээс Х их хурлын дүрмийг шүүх хүлээн авах эсэх хүртэл хэний ч үг зүгээр үзэл бодол төдий. 

-АН-ын  одоогийн удирдлагууд Ерөнхийлөгч Х.Баттулгын тушаал заавраар ажиллаж байна, Ерөнхийлөгчид зориулсан дүрмийн өөрчлөлт хийж,  батлуулах гэж байна гэх хардлага явж байна. Та үүнд юу хэлэх вэ?

 -Ер нь ийм яриаг гаднаасаа биш дотроосоо тараадаг. Заримдаа хоёр талын маргааны голд хүчээ гамнаж байгаад хожих гэсэн улс төрийн бэртэгчид, дайтуулж байгаад урт наслах гэсэн нөхөд ярина. Эсвэл Ц.Туваан, С.Эрдэнэ нарт үнэнчээ харуулах гэсэн долдой хүмүүс ингэж ярина, үгүй бол зангидсан хорсолдоо сохорсон тэмцэл ийм яриа гаргадаг.

Харин миний санаж байгаагаар С.Эрдэнэ дарга өөрийн амаар хариуцлагаа хүлээж, хоёр гараараа тамгаа шилжүүлж, хэвлэл мэдээллээр түүнийгээ зарлаж дүрмийн дагуу Ц.Туваан даргыг үүрэг гүйцэтгэгчээр тавьсан. Сонголтыг С.Эрдэнэ дарга хийсэн. Хэрэв Ерөнхийлөгчийн заавраар Ц.Туваан дарга томилогдсон бол заавраар хөдөлсөн хүн нь Туваан биш С.Эрдэнэ дарга болно гэсэн үг. 

Дүрмийн өөрчлөлтийн хувьд хүн зааварласан ч, зааварлаагүй ч ийм л өөрчлөлт орох байсан. Ийм өөрчлөлт гэдэг нь өмнө нь бид ҮЗХ гэх 220 хүн бүх шийдвэр гаргадаг олонхын дарангуйллыг туулсан, дараа нь бүх гишүүдээсээ намын даргаа сонгож нэг хүний дарангуйлалд ҮБХ байх нь үр дүнгүй, Бодлогын зөвлөлд ажиллах нь нөлөөгүй байсаар ялагдлаа. Одоо 3 дахь хувилбар нь сая хэлэлцсэн намын их хурлаар намын даргыг сонгох хувилбар л үлдсэн. 

Гэхдээ манай ах нарын хамгийн том сул тал хүчтэй үедээ дүрэм чинь би гэж даналзаад. Хүчгүй үедээ дүрмээ мөрдөө ч гэж бархирах. 

-Дүрмээ дүрэм биш болгодог энэ байдлаас яаж гарах вэ? 

-Ардчиллын хөгжилд суралцах хэрэгтэй. 20 дугаар зуунд Ардчилал төрийн дарангуйллаас иргэдийг хамгаалах байсан бол өнөөдөр олонхын дарангуйллаас цөөнхийг хамгаалах болсон. Цөөнх гэдэг нь тухайн асуудалд ямагт цөөнх байдаг эрдэмтэд, мэргэжилтэнүүд, салбарынхан гэсэн үг. Үүний төлөө бид Бодлогын зөвлөл байгуулж байсан боловч харамсалтай нь эрх мэдэл өгөөгүй учир хөдөлмөр нь талаар болж, бэлэгдэл төдий болсон.

Гол нь даргын биш гишүүдийнхээ оролцоотой нам болох. Өөрийн оролцсон дүрмээр засаглалаа байгуулна гэдэг эрх чөлөөний ойлголтын сонгодог тодорхойлолт. 

Мөн дүрмээр завших гэсэн даргын хүслийг хазаарлах арга нь гишүүн бүрийн оролцоо юм. Оролцоотой дүрэм нэгдмэл, хүчин төгөлдөр, санал нэг тохиролцоог шаарддаг.

Оролцооны хомсдол гэдэг нэгдлээс илүү сөргөлдөөнийг бий болгоно. Гишүүн бүрийн оролцоог бүрэн хангаагүйн гайгаар ардчилал авторитари дэглэмээс дутахааргүй эрх мэдлийг төвлөрүүлж, өргөжүүлдгийн зовлонг бид мэднэ.

АН-ын хуучин дарга С.Эрдэнэ АН-ын бүх  эрх мэдэл над дээр ирсэн гэж мэдэгдсэн. АН-ын талцал, дотоод асуудал нийгэмд АН-ыг муухай харагдуулж байна.  Ямар тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна вэ?

Би хувь хүний хувьд С.Эрдэнэ даргыг өөнтөглөх шалтгаан үгүй, Монголын Ардчилалд түүхэн гавъяатай, босгосон бүтээлтэй хүн. Харин намын даргын эрх мэдэл гэдэг хувь хүн биш. Энэ талаас нь хариулахад УИХ-д нам ялагдсан мэдээ гарсан тэр өдөр намын даргын эрх мэдэл намын гишүүдийн хувьд дуусгавар болдог. 

С.Эрдэнэ дарга ярилцлагандаа АН-ыг сонгуульд  ялна гэж бодоогүй, тодорхой суудал аваад хамтарна гэж бодсон гэж ярьна лээ. МАН-аас өөр хэнтэй хамтарна гэж. АН бол Монголын коммунист биш цорын ганц том нам. Энэ намын эзэд нь намын дарга биш, гишүүд ч биш, Монголын ард түмэн. Энэ нам УИХ-ын сонгуульд МАН-ыг ялах бүрэн чадамжтай цорын ганц улс төрийн хүчин. Тиймээс намын дарга ялна гэж сонгуульд орох ёстой.

С.Эрдэнэ даргад ямар бэрхшээл тулгарсан, У.Хүрэлсүхийн ЗГ-ыг унагаж чадаагүй шалтгаан, ерөнхийлөгчтэй учраа олсон, олоогүй, нэр дэвшилтээ зөв хийсэн эсэх нь хэнд ч падгүй. Чадна гэж ямбаа эдэлсэн үү эдэлсэн, чадаагүй ялагдсан уу ялагдсан. 

 АН-ын талцал биднийг муухай харагдуулж байгаа нь үнэн. Манай ах нар биш АН ил хэрэлддэг, нээлттэй ил тод гэж сул талаа хувьдаа зөвтгөдөг эндүүрлээ мартах учиртай. Учраа олж, буулт хийж, зэрэгцэн оршиж чадахгүй хар хэрүүлд бурхан бүү хэл чөтгөр ч тогтож чадахгүй. 

Гэхдээ энэ сул тал удаан үргэлжлэхгүй. Хэн ч дэвшиж, юу ч болсон ирэх долдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хүссэн ч, эс хүссэн ч нэг тийшээ харна. Угаас бүх ард түмний сонгууль гэдэг өөрөө ийм байдаг жамтай. 

- Өнөөдөр (өчигдөр) С.Эрдэнэ  ҮБХ хурал хийж, Ц.Тувааныг үүрэг ажлаас нь чөлөөллөө гэсэн мэдээлэл цацагдлаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Онлайнаар ҮБХ гэнэ үү, зөвлөлдөх гэнэ үү хурал санал солилцох ямарч уулзалт хаана ч хийж болно. Дээр хэлсэнчлэн чухам аль хурал хүчин төгөлдөр вэ гэдгийг Шүүхийн шийдвэр Х их хурлын дүрмийг хүлээж авахаас шалтгаална. Ер нь С.Эрдэнэ даргын хэлж байгаа гол асуудал нь би дүрмийн дагуу сунгаа зарлаад өгсөн байхад сунгаагаа хийж намын дараагийн даргаа сонгосонгүй гэсэн гомдол байна лээ. Би сунгаа болох боломжгүй зарчмын үндэслэлийг дээр хэлсэн. Харин амьдрал ярьвал бас өөр. Намын даргын сунгааг орон нутгийн сонгуулийн өмнө явуулахыг гишүүд дуу нэгтэй эсэргүүцсэн. Үндэслэл нь амьдралтай. Хэрэв орон нутгийн сонгуулийн өмнө дахиад 5 хүн намын даргад өрсөлдвөл үр дүнд нь анхан шатандаа намаа 5 хуваана гэсэн үг. Юун найман  аймагт ялах. Өнгөрсөн намын даргын сунгаанд нэр дэвшсэн 5 хүнээ хардаа. Батзандан Шинэ нам гээд бутарсан, Н.Алтанхуяг дарга намаас хөөгдсөн, Лу.Гантөмөр дарга Нэг Ардчилал клуб татан буугдлаа гээд идэвхгүй болсон гээд талын нэгээр бутарсан.

 

Х.Цэнд-Аюуш

Эх сурвалж: Өдрийн сонин