© Ардчилсан нам. 2011-2024
2021/02/24 / Ярилцлага

Б.ЛАКШМИ: НДШ-ИЙГ НЭМЭХ ХУУЛИЙГ 2020 ОНЫ ЭЦСЭЭР ӨӨРЧИЛЖ БОЛОХ БАЙСАН


 

Эдийн засагч, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх Чадварын Судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.

-Өнгөрч буй 2020 онд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн өнгөрч байна вэ. Сургамж авах ямар нөхцөл байдал үүссэн бэ?
 
-2020 онд Монгол Улс өмнө нь байгаагүй хэмжээний сорилтуудтай тулгарсан. Оны эхэнд буюу 2020 оны нэгдүгээр сарын сүүлээр хилээ хааснаар корона цар тахлыг дотооддоо алдаагүй ч эдийн засагт бол шууд нөлөөлж эхэлсэн. Эхний улиралд л – 10.7%, хоёр дахь улирал – 9.7%, гурав дахь -7.3%. 2020 оны жилийн эцсийн тоонууд гараагүй байгаа гэхдээ мөн хасах гарна гэдэг нь тодорхой байна. Энэ нь эдийн засаг агшсан гэж байгаа юм. Коронаг 2020 оны арваннэгдүгээр сард дотооддоо алдсантай холбоотой хөл хорио тогтоож эхэлсэн. Мэдээж энэ нь бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн амьдралд шууд нөлөөлсөн. Мөн хүмүүсийн худалдан авалт багассан.
Монгол Улс эдийн засгийн хямралруу ямарч бэлтгэлгүй орсон. Өмнө нь эдийн засаг сайн байхад хуримтлал үүсгэх хэрэгтэй байсан. Тэгэхгүй жил болгон төсвөө тэлж, алдагдалтай баталснаар өнөөдрийн энэ хямралд ямарч бэлтгэлгүй орлоо гэж хэлж байгаа юм. Түүнчлэн олон жил эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулаагүйн үр дүн өнөөдрийн илрэл байсан. Сүүлийн жилүүдэд олигтой эмнэлэг нэмж бариагүй, байгаа эмнэлгүүдийнхээ засвар үйлчилгээ хийхгүй гээд тоочвол олон юм байгаа. Энгийн жишээ л гэхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (Эх нялхас эрүүл мэндийн төв гэж бас нэрлэж хэвшсэн) байна шүү дээ. Барилга нь маш хуучирсан, элдэв гэмтэл гарч хагалгаач хийж чадахгүй хойшлуулж засвар хийдэг нь хэвийн болсон. Тэр чигээр нь капитал засварт оруульяа гэхээр өөр ийм тоног төхөөрөмжтэй нярай хүүхдийн эрүүл мэндээр мэргэшсэн эмнэлэг байхгүй. Шинэ ийм хэмжээний эмнэлэг барьж байж л хийх боломжтой. Үнэхээр эмгэнэлтэй.
 
-Цар тахалтай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн тухайд таны байр суурь. Эдийн засгийн хувьд оновчтой арга, шийдэл мөн үү?
 
-Өмнөх Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь ААН бизнесийг үйл ажиллагааг тогтвортой дэмжсэн бодлого болж чадаагүй. Иймээс ихэнх ААН-үүдийн орлого буурсан, олон хүн ажилгүй болсон. Хүмүүс ч нилээн бухимдсан. Шинэ гарсан Засгийн газар 10 их наядын цогц төлөвлөгөө гэж гаргалаа. Энэхүү төлөвлөгөөгөө Цагаан сарын өмнө танилцуулсан. Ерөнхийд нь хэлэхэд уг төлөвлөгөөнд хөнгөлөлттэй зээл, орон сууцжуулах төлөвлөгөө, ипотекийн зээл зэрэг олон асуудал орсон байна билээ. Ер нь бол хэрэгжүүлэх шатандаа нилээн асуудлууд дагуулдаг тул хэрэгжүүлэх дүрэм журам нь тодорхой болвол илүү дүгнэлт хийх боломжтой болно байх.
 
-Саяхан НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлж 26 хувь болголоо. Энэ нэмэгдэл 2021 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж байгаа. Энэ нэмэгдэлд та ямар байр суурьтай байна вэ?
 
-Энэхүү НДШ нэмэх асуудал 2017 оны хуулиар үе шаттай нэмэхээр баталсан. ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд ийнхүү энэ хуулийг баталсан. Гэхдээ өнөөдөр бол 2017 онд төсөөлж байснаас өөр нөхцөл байдал буюу цар тахал үүсчихсэн ААН-д нь цалингаа яаж тавих уу, ажилчидаа аль болох авч үлдэх гэж хичээж байхад нь нэмэлт дарамт болох нь уг нь тодорхой байсан. Иймээс урьдчилж хараад 2020 оны эцсээр уг хуулийг өөрчилж болох байлаа. ОУВС-аас ч үүнийг тайлбарлахад ойлгох байсан. НДШ-ийг нэмсэн асуудал бол ААН-д нэмэлт дарамт болж байгаа бөгөөд шинээр ажлын байр бий болгохгүй. Эсвэл бүр албан бус хэлбэрт шилжинэ гэж бодож байна.
 
-2020 онд хоёр ч сонгууль боллоо. 2021 оны төсвийг мөн л сонгуульд зориулсан үрэлгэн төсөв баталлаа гэж эдийн засагчид байр сууриа илэрхийлж байна. Таны бодлоор?
 
-2021 оны төсвийг хэт өөдрөг хуучин аргаараа төсөвлөсөн байсан. Төсөвт тодотгол хийж энэ жилийн хувьд орлого, зарлагаа бодитоор төсөөлж тооцоолох хэрэгтэй байгаа. Төсвийн зарлагыг санхүүгийн эх үүсвэрээс нь хэт давсан төсөвлөхийн тулд төсвийн орлогыг хэт өөдрөг тооцдог. Цар тахалтай холбоотой эдийн засаг агшсан ийм нөхцөл байдалд бид өөрөөр сэтгэж, өнөөдөр болтол баримталж ирсэн төлөвлөлт менежментээ эрс өөрчилж шинэчлэх хэрэгтэй байна. Монгол Улс 2020-2021 онд 5.7 тэрбум ам.долларын гадаад өр барагдулахаар байгаа. Тийм болохоор төсвийн төлөвлөлт, өрийн менежментийг сайжруулснаар эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдлыг бий болгоно. Мөн эдийн засагт ямарч үр өгөөжгүй төсвийн хөрөнгө оруулалтуудыг танах хэрэгтэй байгаа. Ингэснээр эдийн засагтаа илүү үр өгөөжтэй юм.
 
-Цар тахалтай холбогдуулан манай улсын эдийн засаг хүнд байдалд орчлоо. Эдийн засагт ямар бодлого баримтлах нь бидний хувьд илүү өгөөжтэй байх вэ?
 
-Аль болох бизнесийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй л гэж бодож байна. Том жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжиж чадахгүй бол ядахдаа саад болохгүй, үйл ажиллагааг нь хэвийн явуулах хэрэгтэй. Хилээр барааны тээврийг аль болох чөлөөтэй болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол гэнэтийн шийдвэр гаргаад хилээ хаагаад байхаар бизнесийн нэмэлт зардлууд гараад энэ нь эргээгээд бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж байна. Түүнчлэн дотоод зах зээл дээр хомсдолыг үүсгэж байна. Монголд үйлдвэрлэл явуулж байгаа ганц ч ААН түүхий эдээ бүрэн дотоодоосоо хангах боломжгүй, гаднаас их, бага хэмжээгээр авч байгаа.
Цахимаар цаг авч үйлчлүүлдэг соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй. Цагтаа л очиж худалдан авалт хийдэг болвол хүмүүсийн бөөгнөрөл үүсэхгүй. Мөн жигд байх болно. Тэгэхгүй бол нэг хэсэг ямарч хүнгүй байснаа гэнэт л олон хүнтэй болдог. Ингэснээр хүмүүс худалдан авалтаа хүртэл төлөвлөдөг болно.
Үндэсний үйлдвэр барихад хамгийн том саад болж буй зүйл бол дэд бүтцийн асуудал. Дэд бүтэц дотроо эрчим хүчинд холбогдох. Үүнийг Дэлхийн банкны Бизнес эрхлэхүй буюу Doing business судалгаа олон жил харуулж байгаа. Бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн хүндрэлтэй буюу тааруу үзүүлэлт нь эрчим хүчинд холбогдох ордог.Үүнийг цэгцэлж нэг тийш нь болгох хэрэгтэй. Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах юм бол бүр их урамшуулж татвараас чөлөөлж дэмжих шаардлагатай. Нийгмийн халамж, хамгааллын бодлогыг үр ашигтай болгож зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх хэрэгтэй. Ер нь тэгээд хийх юм олон бий. Гагцхүү эхлэх л хэрэгтэй гэж харж байна.
 
-Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх Чадварын Судалгааны төвөөс гаргасан сүүлийн үеийн судалгаанаас мэдээлэл өгнө үү?
 
-Зарим нэг хийж байгаа судалгаануудаа дурьдвал. Жил болгон гаргадаг Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг олон нийтийн хүртээл болгох гээд ажиллаж байна. Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банкны Эмэгтэй бизнес эрхлэгчдийн судалгаа хийж байгаа.
 
2021.02.23 Ардчилал сонин