© Ардчилсан нам. 2011-2024
2023/11/28 / Фото мэдээ

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн санаачилгаар зохион байгуулж буй “Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлэг 21 аймаг, 141 сум, 138 хороо, 1131 аж ахуй нэгж, 1520 айл өрх, нийт 62486 иргэнтэй уулзаж, 58460 км замыг туулаад байна.


Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн санаачилгаар зохион байгуулж буй “Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлэг 21 аймаг, 141 сум, 138 хороо, 1131 аж ахуй нэгж, 1520 айл өрх, нийт 62486 иргэнтэй уулзаж, 58460 км замыг туулаад байна.
 
2016 оноос хойш Монгол Улсын өр 9 тэрбум 530 сая ам.доллар буюу 6 Чингис бондоор нэмэгдэж, 2012-2016 онуудад төсвийн нийт зарлага дунджаар 5 их наяд төгрөг байсан бол 2023 оны төсөв 20.4 их наядаар батлан, тодотголоор 1.7 их наядыг нэмсэн.
 
Өөрөөр хэлбэл, улсын нэгдсэн төсөв 4 дахин данхайж, тэр хэрээр Засгийн газрын өр ч нэмэгдсэн. Тодруулбал, Засгийн газрын өр 2016 оны зургадугаар сард 16.6 их наяд төгрөг байсан бол 2023 оны зургадугаар сарын 30 –ны өдрийн байдлаар 31.1 их наяд төгрөгт хүрч 14.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн юм. Энэ нь Монгол хүн бүр өөрөө ч мэдэлгүй 31 сая төгрөгийн өртэй амьдрах болсон гэсэн үг. Тиймээс Ардчилсан нам “Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
 
Хэлэлцүүлгийн хүрээнд Ардчилсан намын 15 дэд даргаар ахлуулсан Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн баг бүрэлдэхүүн орон нутгуудад ажиллаж, Монгол Улсыг өрийн дарамтаас хэрхэн ангижруулах талаар намын бодлого, шийдлийг иргэд сонгогчид, гишүүд дэмжигчид, төр хувийн хэвшлийн байгууллагуудад танилцуулж, тулгамдаж буй асуудлуудад шийдэл эрэлхийлэн сонирхсон асуултуудад хариулт өгч байна. Мөн санал асуулга авч, шийдэл эрэлхийлэн 2024 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгахаар ажиллаж байна.
 
Монгол Улсын Засгийн газрын өр үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын асуудал болж хувирсан бол иргэд зээлээс зээлийн хооронд амь залгуулан амьдарч байна. Нэг өрх 2-оос дээш төрлийн зээлтэй байгаа бөгөөд цалингийн зээл, малчны зээл, орон сууцны зээл, тэтгэврийн зээлээс бүрэн хамааралтай болжээ.
 
Бизнес эрхлэгчид ч татварын дарамт зээлийн хүүнд сөхөрснөөс хаалгаа барих болсон байна.
Хэлэлцүүлгийн үеэр иргэд Монгол Улсын эдийн засаг өсөж, уул уурхайн баялгаас олох орлого нэмэгдсэн гэх эрх баригчдын үг хоосон үг болж хувирч буйг хэлж байна. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2023 онд нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.доллар давсан, 2024 онд 6000 ам.долларт хүргэнэ” гэж мэдэгдсэн ч бодит байдалтай үл нийцнэ.
 
Өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаагаас шуудай гурил 100 мянган төгрөгөөр авах боломжгүй болсон бол хонины гулууз 180.000-250.000 төгрөг болж, үнэ нь өссөн. Уул уурхайгаас олж байгаа орлого нь эрх баригчдын халаасыг л түнтийлгэж байгаа болохоос биш өрх гэрийн хаалгаар орж, нэмэр болж буй зүйл алга. Харин ч үнийн өсөлтөд дарлуулан, туйлдаж байна гэж олноороо бухимдлаа илэрхийлж байна.
 
Худалдаа эрхлэгчид ч өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ өсөн нэмэгдэхийн хэрээр иргэдийн худалдан авалт муудаж байгааг учирлан, аймгийн төвийн захын дэлгүүрт нэг ширхэг талхыг хувааж зарж байна, ургамлын тосоо граммаар зарсаар байна. Хоёр хоногийн өмнө авсан элсэн чихрийн үнэ 1 кг нь 1000 төгрөгөөр нэмэгдэж байна. Иргэдийн амьдрал бор хоногоо хэрхэн залгуулах дээрээ тулсан гэдгийг ч хэллээ.
 
Түүнчлэн сум, суурингийн дэлгүүр, хоршооны эзэдтэй уулзахад “Иргэд хүнсээ худалдан авах чадваргүй болсноос зээлээр авч, өрийн дэвтэрт өдөр, өдрөөр хүнсний худалдан авалтыг нь бичиж, зарим тохиолдолд дэлгүүр ч өөрөө бараагаа татах боломжгүйд хүрч, хүндэрч байна” гэдгийг ярьж байна.
Энэ бүхний буруутныг иргэд татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж, үр ашиггүй зарцуулалт хийдэг, иргэдийнхээ бодит амьжиргаанд нөлөөлөх эдийн засгийн бодлого хэрэгжүүлдэггүй, авлига хээл хахуульд идэгдсэн өндөр дээд албан тушаалтнуудтай холбон тайлбарлаж байна.
 
Мөн эрх баригчдын хувьд тоноогүй сан үлдээгүй тухай ч шүүмжилж буй юм. ЖДҮХС, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, цавчаа ногоон автобус гээд тоочвол татвар төлөгчдийн мөнгө, улсын төсвийг эрх баригчид сүргээрээ хуваан тонож байгаа талаар аймгийн төвөөс малчны хот хүртэл ярьж байна.
 
Орон нутагт намчирхах үзэл газар авснаас ялаагүй намын гишүүд, дэмжигчдэд ажлын байр олддоггүй. Тэр ч бүү хэл Ардчилсан намын үед тарьж ургуулсан модыг гадуурхаж байгаа нь улсын хөгжлийг гацаах жижиг боловч энгийн жишээ гэдгийг хэллээ. Татварын дарамтаас болж үйлдвэрлэл явуулах, бизнес эрхлэхэд хүндрэл их байгаа тухай хувийн хэвшлийнхэн илэрхийлсээр байна.
 
Ардчилсан нам иргэдтэйгээ нүүр тулж, асуудлыг газар дээр нь сонсоно. Судалгаанд суурилж, бодитой бодлогыг хэрэгжүүлэхийн тулд “Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгийг хэрэгжүүлж байна.