© Ардчилсан нам. 2011-2024
2024/01/31 /

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: Баялгийн сан нь улс төрөөс хараат байх хэрэгтэй


Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: Баялгийн сан нь улс төрөөс ангид байх хэрэгтэй
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хамтран боловсруулах санамж бичигт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар гарын үсэг зурлаа. Энэ үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр байр сууриа илэрхийллээ.
 
Лу.Гантөмөр: Парламентад суудалтай намууд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ардчилал, хөгжлийн нөхцөл байдалд дүгнэлт хийлээ. Өнгөрөгч оны сар шинийн баярын үеэс эхлэн тодорхой асуудлуудыг ярилцаж, Монгол Улсын үндэсний эрх ашгийн үүднээс шийдлүүдийг гаргаад явж байна. Бидний хамгийн түрүүнд гаргасан шийдэл бол Монгол Улс парламентын засаглалтай байна. Парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой алхамуудыг хийнэ гэдэг шийдэлд хүрээд ард нь гарч чадсан.
 
Парламентын засаглалтай байхын тулд бид сонгогчдын санал гээгдэхгүй байхад анхаарсан. Ингээд пропорцианаль системийг хуульдаа оруулсан. Ингэснээр олон намын төлөөлөл, олон ургалч үзэлтэй хүмүүсээр Монголын парламент бүрдэх нөхцөлийг хангаж чадсан. Гадна, дотно гэхгүйгээр тойрч суугаад Монголынхоо асуудлыг ярилцдаг боломж бололцоог парламентад суудалтай улс төрийн гурван нам гаргасан.
 
Мөн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлүүлье. Иймээс бид нар энэ сонгуулиар нийт нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх шийдлийг гаргасан. Нам, эвслийн жагсаалтаар орж ирж байгаа бол эрэгтэй, эмэгтэй төлөөллийг 50 хувь, 50 хувь байлгахаар шийдсэн.
Энэ хүрээнд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэхэд Монгол бүхэлдээ даргын улс болжээ. Даргын улс гэхээр авлига руу гулсаж орох магадлал өндөр байна. Авлигын гол суурь улс төрийн намд байна гэж өнгөрөгч оны гуравдугаар сарын 1-нд бид бүхэн бусдыгаа уриад хэлэлцүүлэг хийж байсан. Ингээд бид улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн хувилбарыг УИХ-аар баталсан байгаа. Улс төрийн намын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр намаар дамжиж авлигачид төрийн толгойд гардаг зүйлийг тодорхой хэмжээгээр хязгаарласан.
 
Цаашид улс төрийн намын санхүүжилт ил тод байх, хяналттай байх юм. Улс төрийн намд цугларсан мөнгө хэрхэн, юунд зарцуулагддаг байх вэ гэдгийг хуульд тодорхой заасан. Өнөөдрийн Монголын асуудал юу гэхээр цугларсан жаахан мөнгөө талаар нэг тараачихдаг. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд бүгдээрээ сонгуулийн тойргийг томсгох ёстой гэж үзсэн. Бодлогын өрсөлдөөнийг бий болгоё. Парламентын гишүүд сонгогдчихоод нэг баг, сум руу татвар төлөгчийн мөнгө, баялгийг зөөж аваачих биш нийт монголын хөгжил дэвшил, үндэсний эрх ашигт зориулагдсан бодлого гаргахаар шийдвэрлэсэн. Энэхүү бодлогоо гаргаж чадсан. Ер нь монголын улс төрийн зураг ямар байх вэ гэдэг нь маш тодорхой болсон. Иймд хөгжлийн хувилбартаа санал нийлэх боломжит хувилбаруудаа гаргаж байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж үг байдаг. Ярилцах хэрэгтэй.
 
Бид популист улс төрөөс татгалзаж байгаа. Популизм хийж хүмүүсийн амьдралаар тоглодог, доройтуулдаг, эдийн засгаа унагадаг байдлыг таслан зогсоохын төлөө тал талдаа хичээж байгаа. Энэхүү хичээл зүтгэлийг гаргаж чадаж байгаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХҮН-ын дарга Т.Доржханд нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
 
Өнөөдөр гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн асуудал яригдаж байна. Хувьцаа эзэмшигчийн ноогдол ашиг авах бол компанийн хуулиар бол гарцааргүй. Харамсалтай энэ компанийг ашигтай ажиллуулж чадахгүй өнөөдрийг хүргэж байгаа нь Монгол Улс баялгийн төлөө уралдсан, баялгаас хүртэх гэсэн тэмцэл өрнөсөн, улс төрийн нөлөө нь баялгийн дээрэм тулаанд аваачсан. Ингээд нэгдсэн дүнгээрээ Монгол Улс баялгийн хараалд өртсөн. Бид баялгийн хараас гарах хэрэгтэй. Гарахдаа хэн нэгэн улстөрч эсвэл хэн нэгэн ухаантай царайлж гэхээс илүү ярилцаж суугаад боломжуудаа эрэлхийлэх юм.
Тухайлбал, улс төрийн бүх намуудад байгаа концвенци бол үндэсний баялгийн сантай болох билээ. Энэ сан нь өөрөө улс төрөөс ангид байх хэрэгтэй. Энэ баялаг эзэмшиж, ашиглаж байгаа компаниудын хараа хяналт бол монголчуудын буюу иргэдийн гарт очих ёстой юм байна. Хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй. Олдож байгаа жаахан мөнгөө зөв ашиглаж, ирээдүйдээ хуримтлуулъя.
 
Өнөөдрийн хөгжлийн бодлого руу зарцуулъя. Магадгүй өнөөдрийн амьдарч байгаа хүмүүс хувьцаагаараа дамжуулж, ноогдол ашгаа явъя гэсэн концвенцид бид нар саналаа нэгтгээд, санамжаа зурлаа. Мэдээж хэрэг зөрүүтэй саналууд байна. Гэхдээ нэгдэж байгаа саналууд их байна. Баялгийн хараалаас салж, баялгийн ерөөл болгоё. Баялгийг тэгш хуваарилж, монголчуудын өмч байна гэж заасан Үндсэн хуулийн заалтаа амилуулъя гэдэгт санал нэгдлээ.
 
Цаашид хуулийн хүрээнд Ардчилсан намаас өргөн барьсан Тусгаар тогтнол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьсан хүмүүст, Засгийн газарт энэхүү хуулийн төслийг санаачлаад боловсруулсан хүмүүст баярлалаа.