© Ардчилсан нам. 2011-2024
2024/04/09 /

Орхон аймгийн Ардчилсан намын 34 жилийн ойн баярт Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр оролцож байна


Орхон аймгийн Ардчилсан намын 34 жилийн ойн баярт Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр оролцож байна
 
Тэрбээр хурлын үеэр Орхон аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдэдээ дараах итгэлийг танилцууллаа,
 
Манай Улс зөвхөн дарга нарын нийгэм болчихсон байна, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбар, эдийн засгийн салбар гээд бүгд дарга нарын салбар болчихсон. Тухайлбал үнийн өсөлтийг хэрхэн шийдэх талаар дарга нар хэзээ ч бодоогүй. Яагаад үнэ өссөн бэ гэхээр тээвэр, логистикийн асуудлаас болоод үнийн өсөлт бий болж байхад мөнгө дутлаа гэж хэлээд мөнгийг улам өсгөж байна. Нэг үгээр хэлбэл учир шалтгаанаа ойлгохгүй дарга нарын бөөгнөрөл үүссэн байна гэдэг дүгнэлтэд хүрч байна.
 
Бид лицензээ, газраа, бизнесийн эрх чөлөөгөө бүгдийг нь Хятадуудад алдаж байна. Нэг үгээр хэлбэл монгол хүнийг эдийн засгийн эрх чөлөө орхисон байна.
 
Хүүгийн боолчлол, мөнгөний боолчлол, эдийн засгийн дарангуйлал бий боллоо. Монгол залуучууд Солонгосын визний төлөө амьдарч байна. Эдийн засгийн дарангуйллаас зугтсан хүч үйлчилж эндээс холдож байж л юманд хүрэх юм байна гэдэг зүйл бий болсон. Би өнөөдөр цагийн гурван мянга таван зуун төгрөгийн цалин авч байна гээд өчигдөрхөн баярын хурал дээр илтгэл тавьсан оюутан охин ярилаа. Миний цалинг нэмэх арга байна уу ах, эгч нараа гэж байна. Өнөөдөр Япон оюутан цагийн гучин таван мянган төгрөгийн цалин авч байна. Монгол Улс яагаад Япон оюутны авч байгаа цалингаас 10 дахин доор цалин авч байгаа юм бэ. Яагаад энэ чөлөөт эдийн засгийн эргэлт бий болохгүй байна вэ. Тийм учраас өнгөрсөн 2 сарын хугацаанд “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал” хэлэлцүүлгээ хийлээ.
Яагаад бид нар бүрэн ардчиллын тухай яриад байна вэ гэхээр үнэхээр 34 жилийн өмнө энд сууж байгаа партизанууд монголчуудад улс төрийн эрх чөлөөг авчирч өгсөн.
 
Ардын хүүхдүүд УИХ-д сонгогдох тэр боломжийг, тэр эрхийг монгол хүүхэд бүрд, монгол залуу бүрд, монгол эмэгтэй бүрд авчирч чадсан. Та нараараа бахархаж байна, баярлаж байна. Чин сэтгэлийн талархал дахин илэрхийлье!
 
Харамсалтай нь тэр үеийн эдийн засгийн дарангуйллыг бид 34 жилийн хугацаанд өөрчилж чадсангүй. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг одоог хүртэл оршиж байна. Энэ эдийн засгийн дарангуйллыг авч хаяхгүй бол ардчилал өөрөө бүтэн болохгүй юм байна, Монгол Улс бүтэн болохгүй юм байна гэж бид дүгнэсэн. Монгол хүнд улс төрийн эрх чөлөө нь байгаа ч газартаа эзэн болох, газраа дахин зарцуулах эрх нь алга болсон. Аймаг орон нутагтаа бизнес хийгээд явах эрх чөлөө нь алга. Тиймээс бид ирэх жилүүдэд санхүүгийн, эдийн засгийн эрх чөлөөг нь авчрах юм байна гэж дүгнэсэн.
Монгол орон хөгжин цэцэглэх ёстой гэдэг ийм л зарчмаар ажиллана. Ипотекийг яах вэ хүү нь өнөөдөр байна, хугацаа нь богино гэдэг ард түмний саналыг хүлээж аваад хүүг нь бууруулж хугацааг нь уртасгахаар мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. Жирийн эмч багш, ажилчид яаж бэлэн мөнгөө өгөөд байр авах вэ, бараг л боломжгүй зүйл.
 
Ард түмнээсээ холдсон төрийг бид өдөр бүр харж байна. Боловсрол, эрүүл мэндийг ч бид ойлгохоо больсон. Тэд бидний амьдралыг ойлгохоо больсон. Наад зах нь гурил, будааны үнэ хэд байгааг тэд мэдэхгүй байна. Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга нь 8 жил төр барьсныхаа дараа дөнгөж 7 хоногийн өмнө гурилын үнэ хэд байгааг хөдөө явж байхдаа олж харж байх жишээний. Ингэж тасарч байна. Тэд монголоос, иргэдийн амьдралаас тасарсан байна гэдгийг онцоллоо.
Баярын хуралд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл оролцож байна.
 
Нийт Орхон аймгийн гишүүд, дэмжигчдэдээ Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 34 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!
 
Та бүхний ардчилал, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд амжилт, ялалтыг хүсье.