© Ардчилсан нам. 2011-2024
2024/04/11 /

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны Тамгын газрын дарга С.Батзаяа, НИТХ-ын төлөөлөгч, АЭХ-ны дэд ерөнхийлөгч Д.Энхтуяа нар мэдээлэл хийлээ


Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны Тамгын газрын дарга С.Батзаяа, НИТХ-ын төлөөлөгч, АЭХ-ны дэд ерөнхийлөгч Д.Энхтуяа нар мэдээлэл хийлээ
 
УИХ-ын дэд дарга Saldan Odontuya: Монгол Улсын Их хурлын нэгдсэн чуулганаар хилс хэрэгт орсон хүмүүсийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж УИХ-аар батлагдлаа. Монгол Улсын Үндсэн хуульд хүн ямар нэг байдлаар алагчлалгүйгээр, хугацаанд шахагдахгүйгээр өөрийн эрхийг хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Энэ хуулиар 2023 оны 12-р сарын 31-ээр цагаатгуулах өргөдлөө өгөөгүй иргэдийг цагаатгахгүй гэж заасан хууль байсан. Өнөөдрийн нэмэлт өөрчлөлт тус хуулийн хугацааг байхгүй болголоо. Аливаа нийтийг хамарсан хэлмэгдүүлэлт 10, 20, 100 жилийн дараа илэрдэг учраас ар, гэр, үр хүүхдүүдэд нь хэзээд нотлох баримтаа гаргаж ирээд нэр төрийг нь сэргээх, цагаатгах, нөхөн олговор олгох хууль батлагдаж чадлаа.
 
Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Ням-Очирын Лхагвадорж: Ардчилсан намын байртай холбоотой, С.Зориг агсны хөшөөтэй холбоотой өнгөрсөн 12 жилийн өмнөх асуудлаа өнөөдөр мэт хий худал мэдээллээр улс төр хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд захирагч Х.Нямбаатар таныг ийм увайгүй үйлдэл хийхээ зогсоохыг юуны өмнө шаардаж байна. Нямбаатар дарга маань хаваршаа юу, жаахан сэтгэлээр унаа юу, хувь хүнийх нь бухимдал нь нийгэмд гарч өдрөөс өдөрт намынх нь улс төрийн рейтинг унаж байгаа энэ нөхцөл байдалд гудамжинд гараад энгийн иргэд нь гудамжинд гараад энэ нийслэл хот чинь, энэ Монгол Улс чинь, эрх барьж байгаа нам чинь удирдаж чадахгүй байна гэдгээ илэрхийлсний төлөө хаа сайгүй атамануудаар дүүрсэн хэмжээндээ байгаарай гэж ард түмнээ доромжилдог Х.Нямбаатар даргаа та эрүүл мэндийн байгууллагад хандах цаг нь болчихсон юм болов уу гэж хувь хүний үүднээс зөвлөмөөр байна. Яг одоо Ардчилсан намын байртай мэдээллийг албан ёсоор хүргэе.
 
Нэгт, С.Зориг агсны хөшөө бол Ардчилсан намын өмч биш Зориг сан, ард түмний өмч юм шүү гэдгийг онцолж хэлмээр байна. Зориг агсны хөшөөг заржээ гэдэг сошиал орчинд тавьсан мэдээ та хууль зүйн сад байсан худал мэдээлэл түгээвэл ямар хариуцлага хүлээдэг хууль зүйн санкцийг хүртэл мэдэж байгаа. Иймээс С.Зориг агсны хөшөөг Ардчилсан намд зарах эрх байдаггүй юм. Зарах дээрээ тулбал хамгийн түрүүнд үгүй шүү гэдэг хариултыг Ардчилсан Монгол Улсын зүрх нь цохилж байгаа иргэн болгон хамгаалж авч үлдэнэ гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Хоёрт, Зориг агсны хөшөө байрлаж байгаа, Ардчилсан намын байр байрлаж байгаа тэрхүү байрны яг хөшөөний талбай бол нийслэлийн нийтийн өмчийн газар юм. Энэ өмчийн газрыг Нямбаатар сайд таны удирдаж байгаа Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албаны хүмүүс тань сайн мэдэж байгаа. Ардчилсан нам тэр газрыг худалдахгүй. Нийслэл, нийтийн өмчийн газар таны удирдаж байгаа байгууллага тань хэний өмч вэ гэдгийг тодорхой мэдэж байгаа. Хоосон улс төржилт хийж байна уу аль эсвэл үнэхээр хаваршаад эрүүл мэндийн хувьд асуудалтай болсон байна гэдгийг гайхаж байна гэдгийг хэлмээр байна.
Гуравт, Ардчилсан намын байр байрлаж байгаа цэнхэр байртай холбоотой асуудлыг ярьж байна. Бид нуух зүйл байхгүй 1990 оны ардчилсан хувьсгалыг авчирсан дөрвөн том холбоодын гуравт нь тэр үед улсаас байр олгосон байдаг юм билээ. МОАХ, Шинэ дэвшилтэт холбоо, Ардчилсан социалист холбоо. Шинэ дэвшилтэт холбоо бол тэрхүү цэнхэр байр. Бид сар бүр түрээсээ төлж С.Зориг агсны хөшөө бүхий байранд үйл ажиллагаа явуулж байна. Шинэ дэвшилтэт Холбооноос 2012 онд Зориг санд энэхүү байраа өөрчлөөд сайжруулъя гэдэг бичиг өгсөн. Аль хэзээний гэрээ нь дууссан хуучирсан мэдээн дээр өнөөдөр худал мэдээлэл түгээж иргэдийн сэтгэл зүйгээр тоглож байвал эрх баригч МАН-ын хамгийн их хүсэхгүй байгаа, ардчиллынхны зүрхэндээ хайрладаг С.Зориг агсны тэрхүү нэрээр улс төр хийж байгаа энэ байдал чинь ард түмний жинхэнэ бухимдлыг бий болгож эрх баригчдын эсрэг томоохон хөдөлгөөн жагсаалыг авчрах вий гэж хатуу сануулмаар байна. Өдөр өдрөөр эрх баригч намын рейтинг, нэр хүнд ард түмний дунд унасаар байгаа. Энэ бухимдал уураа юм л бол арын хар овоохой гэдэг шиг Ардчилсан нам руу чихэхээ болиорой гэж сануулмаар байна.
 
Өнгөрсөн түүхүүдийг эргэн сануулбал 2008 оны 07-р сарын 01-ний хар гэгдэх өдөр ард түмнээ хайр найргүй буудсан төр хэн ч хариуцлага нэхээгүй шүү. албаар шахуур байраа шатаачхаад 14,6 тэрбум төгрөгөөр дахин том байр бариулсны 11 тэрбум нь татвар төлөгчдийн халаас буюу энгийн иргэдийн мөнгөөр байр барьсныг бид мартаагүй байна.
 
ҮБХ-ны Тамгын газрын дарга С.Батзаяа: Үндэсний аудитын газраас улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг буцаасан. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр нь нийт 900 заалт бүхий хөтөлбөр байсан. Энэ бол амлалт гэхээс илүүтэй ажлын төлөвлөгөө юм. Үүнийг хийхийн тулд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр намын даргаар албан ёсоор батлагдсанаас хойш нийтдээ Монгол Улсыг 7 удаа тойрч “Өрийн дарамтгүй Монгол”, “Бүтэн Монгол, бүрэн Ардчилал”, Эдийн засгийн форумуудыг хийж Ардчилсан намын гишүүдийнхээ мөрийн хөтөлбөрт оруулах саналыг авч ажилласан. Түүнээс гадна мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд 36 төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодуудаас санал авсан. Маш их хөдөлмөр, маш их цаг зав, судалгааны үндсэн дээр боловсруулсан. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн 60 зүйл, заалтыг буцаасан байна. Үүнийг хувьчлаад үзвэл нийт хөтөлбөрийн зүйл заалтаас 6.4% орчим байна. Бид мөрийн хөтөлбөрийнхөө 94%-ийг нь хэвээр үлдээнэ. Буцаагдсан мөрийн хөтөлбөрийн зүйл, заалтыг ямар шалтгаанаар буцаасан бэ? гэхээр “Алсын хараа 2050” баримт бичигт нийцүүл гэдэг шаардлагыг тавьсан. Алсын хараа 2050 бол МАН-ын урт хугацааны бодлогын баримт бичиг. Энэхүү баримт бичгийг 2023 оны 05-р сард урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг гээд УИХ-аар баталчихсан. Үүн дээр бидний эсэргүүцэх ёстой зүйл бий. Бид ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш улс төрийн сонгуулийг явуулж ирэхдээ улс төрийн ижил гараанаас гарах зарчмыг баримталж ирсэн. Гэтэл улс төрийн сонгуульд орох гэж байгаа мөрийн хөтөлбөрийг нэг намын боловсруулсан баримт бичигт нийцүүлж хий гэж байгаа нь улс төрийн хувьд ёс зүйгүй зүйл юм. МАН бол зүүний үзэл баримтал бүхий нам, АН бол барууны үзэл баримтлал бүхий нам.
 
Зүүний намын боловсруулсан баримт бичигт бусад үзэл баримтлалтай намууд баримт бичгээ нийцүүлэх болж байна. Үүнийг хуульчлаад хийгээд өгчихсөн түүнийгээ мөрийн хөтөлбөр буцаахдаа шалтгаан болгож тайлбарлаж байгаа юм. Ардчилсан намын хөтөлбөрт эдийн засгийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой төрийг цомхон, төсвийн мөнгийг үрэлгэн ашиглаж байгааг зогсоохтой холбоотой заалтууд байгаа. Ганцхан жишээ хэлэхэд Онцгой байдлын салбарт төсөв мөнгө дутаагүй, гаднын хандив, туслалцаа дутаагүй. Харин үрэлгэн байдал ноёлсон байна. Хүн үүргээ гүйцэтгэж яваад амиа алдахад араас нь байр өгнө гээд зогсож байна. Энэ салбарт гэхэд бид салбартаа ажиллаж байгаа иргэдийн ажлын байр нь найдвартай, цалин хангамж нь хүрэлцээтэй, ажлын нөхцөл нь амийг нь хамгаалдаг байх заалтыг оруулсан ч гурвууланг нь ямар шалтгаанаар буцааж байна гэхээр улсын төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулж байна, эд хөрөнгө тарааж байна гэсэн шалтгаанаар буцааж байна. Ипотекийн зээлийн хүү өндөр, төлөх хугацаа урт байгааг мэдэж байгаа. Залуучууд, төрийн алба хаагчид ипотекийн зээл дээр маш дарамттай байгаа. Үүнийг төлөлтийн хугацааг уртасгах, хүүг бууруулахыг мөн л дээрх заалтуудаар буцааж байна. Бид үүн дээр дүгнэлт хийж байна.
 
Ардчилсан нам Засгийн эрхийг авах зайлшгүй шаардлага үүссэн байна. Ардчилсан нам Засгийн эрхийг авсан тохиолдолд Алсын хараа 2050 гэдэг баримт бичигт бусад улс төрийн намуудын хийх ажлын төлөвлөгөөг нийцүүлэх байдлыг болиулна. Энэ эсэргүүцлээ бусад улс төрийн намууд илэрхийлж байна. Алсын хараа 2050 баримт бичигт нийцүүлэхийг хуульчилсан тул Үндэсний аудитын газар хуулиа хэрэгжүүлж байна гэдэг тайлбар бидэнд ирүүлж байна.
 
НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх 1998 онд батлагдсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль” энэ салбарын харилцааг зүй зохистой зохицуулж, үйлчлээд явах ёстой атал энэ хуулийн хэрэгжилт хэвлэлийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчдийн үйл ажиллагаа хэвийн явуулах эрхэнд халдаж байгаа үйлдлүүд ар, араасаа гарсаар байна.
 
1998 оноос хойш Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд өөрчлөлт оруулахаар 11 удаагийн хуулийн төслийг боловсруулсан. Харамсалтай нь УИХ-ын босгыг давж өөрчлөлт орж чадаагүй. Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хуулиуд маш их байна. Жишээ нь Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль батлагдсан. Үүнд зөвхөн 67 мэдээлэл нь нээлттэй, 500 гаруй мэдээлэл нь хаалттай байдаг. Эдгээр нь эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих боломжийг боомилж байна. Өнөөдөр ямар нэг мэдээллийг төрийн байгууллагаас авах гэтэл хаалттай байдаг. Хэвлэл мэдээллийн хагас хаалттай улс болсон байна. Нэг нам удаан засагласан үед ардчилал, тэр дундаа хэвлэл мэдээллийн эрх чөлөө шахагдаж эхэлж байна. Ямар нэгэн нийтлэл бичсэний төлөө тухайн сайтыг хааж байна. Хэвлэл мэдээллийн салбарын хаалттай байдлыг нээлттэй болгох шаардлага тулгарч байна. Манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ даруй 20 байраар ухарч 90-р байрт жагсаж байгаа нь хэвлэл мэдээллийн салбар нь хагас хаалттай улс болоход хүргэж байна.