Ардчилсан намаас сонгуулийн луйвар, зөрчил, булхаатай холбоотой асуудлаар байр суурь илэрхийллээ.
Ардчилсан намын дэд дарга
Жудагийн Баярмаа: Сонгууль бүрээр ямарваа нэгэн луйвар, булхаатай холбоотой асуудал гарсаар ирсэн. Хар машинтай болсон ч энэ асуудал тасраагүй. 2016 оноос эхлэн улс төрийн намууд, иргэд сонгуулийн луйвар, булхаатай холбоотой асуудлаар асуудал тавьж ирсэн. Өнөөдрийг хүртэл огтхон ч шийдэгдсэнгүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2020 оны сонгуулийн дараа улс төрийн намууд нэгдэж ажлын хэсэг байгуулсан.
Энэ ажлын хэсэг нь сонгуулийн үеэр гарсан зөрчил, гомдлуудыг цуглуулан дүн шинжилгээ хийж үүнийг хэрхэн засах талаар саналуудыг боловсруулж холбогдох байгууллагуудад өгсөн. Олон нийтийн байгууллага бусад улс төрийн намуудтай хамтраад 3 сард хэрхэн сонгуулийн булхай, луйвраас сэргийлэх талаар зөвлөмж бүхий баримт бичгийг боловсруулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн ч асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.
Өөрөөр хэлбэл улс төрийн намуудын дээрх санал нь 2020 оны сонгууль булхаатай, луйвраар дүүрэн гэдгийг баталсан гэсэн үг. Жишээлбэл, Сонгуулийн ерөнхий хороотой холбоотой зөрчил дутагдал хамгийн их буюу 24%, сонгуулийн хууль зөрчсөн асуудал 19,9%-ийг тус тус эзэлсэн байгаа юм.
Хий хаяг бүрдүүлж хүмүүст иргэний үнэмлэх бүрдүүлж санал өгүүлэх үзэгдэл гарсан. Хаяг тоот шинээр нэмж үүсгэх, гудамж тоотыг зохиомлоор үүсгэж санал өгүүлсэн ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Мөн түүнчлэн эзэнгүй айлын хаяг дээр сонгогчид бүртгүүлж санал өгүүлэх явдал газар авлаа.
Нэр дэвшигчид нь сонгуулийн хууль зөрчиж хүмүүс олноор нь цуглуулж дайлж цайлах, элдэв эд зүйл тараах асуудал өмнөх сонгуулийн үеэр ч байсан. Энэ бүх зүйлүүдийг бүрдүүлж шинжилгээ хийгээд холбогдох байгууллагуудад Сонгуулийн Ерөнхий хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын Ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын газар, өгсөн атал ямар нэг хариу арга хэмжээ аваагүй, холбогдох шийдвэрийг гаргаагүй.
ҮБХ-ны гишүүн Б.Баярсайхан: Сонгууль шударга болох ёстой. Сонгуулийн шинэ хууль батлагдсан байхад тус хуулийг танин мэдүүлэх үүрэг нь төрд байгдаг. Гэсэн ч энэ ажлыг огтхон ч хийхгүй байна. Жишээлбэл саналын хуудас энэ сонгуулийн хуулиар маш урт болохоор байгаа. Гэсэн ч энэ саналын хуудсыг хэрхэн бөглөх тухай танилцуулга, арга хэмжээ огт хийгдэхгүй байна. Төсөв нэмэгдэж байгаа энэ хэрээр төсвийн луйвар хийх сонирхолтой луйварчид, сонгуулийн луйврыг хийж эхэлсээр байна. Үүнийг бид таслан зогсоох ёстой. Сүүлийн үед сонгогчдын нэрсийн жагсаалт, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан маш ихээр гарч байна. Төрд байдаг иргэний мэдээлэл үнэн зөв байх ёстой.
Мэдээллийг будлиантуулж луйвар хийх явдал удаа гарсаар байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа тодорхой зөрчлүүдийг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй хэргүүдийг сонгуулийн хар пиар болгон ашиглаж байгаа үүнийг улс төрийн намууд анхааралдаа авч ажиллах ёстой. Энэ нь хүний эрх, иргэний сонгох эрхэд шууд халдаж байгаа ноцтой үзэгдэл болно. Сонгууль шударга болох ёстой. Гэтэл сонгуулийг иргэний дайн мэт болгохыг хүссэн хүмүүс их боллоо.
ҮБХ-ны гишүүн Б.Болор-Эрдэнэ: Дэлхийн улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын хөгжил хамгийн сул дорой улсуудын эгнээнд байна. Авлигын үзүүлэлт, бизнес эрхлэх таатай орчин, хүний хөгжлийн үзүүлэлтүүдээр сүүл мушгиж байгаа. Энэ нь бидэнд бодлогын өрсөлдөөн зайлшгүй чухал байгааг илэрхийлж байгаа юм. Цэвэр бодлогын өрсөлдөөнийг улс төрийн намууд дэвшүүлэн тавьж сонгогчдоосоо саналаа авах шаардлага тулгарч байна. Бодлогын өрсөлдөөн гэхээс илүүтэй өөрсдийн явцуу сонирхлыг илэрхийлэх явдал бий боллоо.
Хэн нэгэн мундаг дарга, улс төрчид ивээснээр монголчууд сайн сайхан амьдарна гэдэг үзлээсээ салах ёстой.
4 жил тутам явдаг УИХ-ын сонгуулийн хуулиар олон талын луйврууд гарч ирж байна. Бид 4 жил тутам өөрсдийн хувь заяа хэрхэн өөрчлөгдөх, 40 жилд бидний үр хойч ямар нийгэмд амьдрахыг 4 минутын сонголтоор шийддэг. Тиймээс бид үүндээ хариуцлагатай байх ёстой. Хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргах юм шүү. Сонгогчдын боловсрол дутмаг байгааг эрх баригчид ашиглаж сонгогчдын сонгох эрхэд ноцтойгоор халдаж байна. Сонгууль шударга явагдах сонгуульд халдаж байгаа учир та бүхэн өөрсдийн язгуур эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Хэн нэгэн хүн таны саналыг худалдаж авахаар, бие даан чөлөөтөөр саналаа өгөх эрхэд халдах явдалтай тэмцэж чадвал өөрсдийн эрх ашгийг хамгаалж, шударга сонгуулийг бий болгоно. Технологийн айдастай сонгуулиас бид татгалзах хэрэгтэй.
Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун: Аливаа сонгуулийг зохион байгуулахад ажиглагч маш чухал үүрэгтэй. Хуулиар заагдсан эрх, үүргийнх нь хүрээнд ажиглагчдын эрхийг эдлүүлдэггүй. Төрийн сонгуулийг ил тод, шударга зохион байгуулах үүрэгтэй боловч улс төрийн намууд болон нэр дэвшигчийн ажиглагчдад ажиглах эрхийг олгодоггүй. Ажиглах эрхийнхээ хүрээнд шаардлага тавихад зөвхөн шаардлага тавьсных нь төлөө хөөж гаргадаг үүн дээр Сонгуулийн ерөнхий хороо цаашид ямар арга хэмжээ авах бэ?
Үнэхээр шударга сонгууль явуулах гэж байгаа бол нээлттэй байх ёстой. Сонгуулийг яаж, үнэн зөв шударга явуулах вэ гэдэг дээр Сонгуулийн ерөнхий хороо анхаарч ажиллах ёстой. Сонгогчдын боловсрол сул байгаагаас үүдэн эрх баригч намын сонгуулийн луйвар, булхай түгээмэл болж байна.
Сонгуулийн ерөнхий хороонд Засгийн газраас төсөв шийдээд өгчихсөн байгаа. Тэрхүү төсөвт сургалтын зардал гэж байдаг. Сонгууль зохион байгуулж байгаа төрийн алба хаагчдад ажиглагчдыг хэрхэн ажиллуулах, тоног төхөөрөмжийг яаж ашиглах, ажиглах гээд бүгдийг нь тодорхой заасан байдаг. Гэтэл ажиглах, эрх үүрэгт нь байнга халддаг тохиолддог бий болсон. Үнэхээр шударга сонгууль явуулах гэж байгаа бол ажиглагчдад нээлттэй байх ёстой. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо ямар нэг сургалтыг явуулдаггүй, мөн сонгууль зохион байгуулж байгаа төрийн алба хаагчдад хариуцлага тооцдоггүй хэвээр байсаар байна.