Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж буй “Бүтэн Ардчилал”, “4Б хөтөлбөр”, “Ардчилал 3.0 апп”-ийн танилцуулга сургалт Өвөрхангай аймагт амжилттай үргэлжилж байна
Тус сургалтаар Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн
Чимэддорж Мөнхжаргал Ардчилсан намын ялалтын стратеги төлөвлөлт, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Ардчилсан нам хэрхэн ажиллах төлөвлөгөөний талаар мэдээлэл өгсөн бол Ардчилсан намын Аутосорсинг, инновацийн хэлтсийн дарга Т.Мөнхдэлгэр “Ардчилал 3.0 апп”-ийг намын гишүүд хэрхэн ашиглах, тус апп-ийг ашигласнаар Ардчилсан намын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авах цахим шийдлийг гишүүддээ санал болгож байгаа талаар мэдээлэл өгсөн бол Ардчилсан намын Намын байгуулалтын газрын дарга О.Мөнхбаяр “Бүтэн Ардчилал” сургалт хэлэлцүүлгийн хэрэгжилт, үе шат, сургалтын ач холбогдлын талаар, Ардчилсан намын Хуулийн хэлтсийн ахлах Д.Содномдорж Сонгуулийн тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Хэлэлцүүлгийн үеэр бүс нутгийн онцлог, хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдээс шалтгаалан тус бүс нутагт ямар бодлого, стратегийг хэрэгжүүлэх боломжтой, Сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сонгогчид тухайн тойрогт хэдэн мандатад санал өгөх, хуулийн бусад өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, намын гишүүдтэйгээ нээлттэй санал солилцлоо.
Энэ үеэр Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж: “МАН” системтэйгээр урьдчилан төлөвлөж, үе шаттайгаар маш өндөр зохион байгуулалт доор ардчиллыг устгаж байна гэдгийг онцлон манай улсад ардчиллыг авч үлдэж байгаа хоёр институци үлдсэн. Түүний нэг нь шүүх, нөгөө нь Ардчилсан нам. Ардчилсан нам бол эрх баригч “МАН”-ыг хянаж чаддаг цорын ганц институци, улс төрийн хүчин. Ардчилсан нам өнгөрсөнд болоод одоод үүсээд буй сорилтоо давж чадвал Монголын ардчилал аврагдах болно гэв.
Учир нь өнөөдөр Ардчилсан нам оршин байгаа хамгийн чухал хүчин зүйл бол 1990 оны хувьсгал юм. Ардчилсан нам түүхэн үйл явдлаар буюу цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар ард түмний хүсэл эрмэлзлээр үүсэн бий болсон нам учир Монголчуудын сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас Ардчилал, ардчилсан нам хоёр өнөөдрийг хүртэл түүхэн холбоотойгоор оршин тогтнож байна гэдгийг хэллээ.
Сургалтад Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга Б.Ихбаяр, Хэрэг Эрхлэх газрын дарга А.Цэрэнтогтох тэргүүтэй намын удирдлагууд, Аймгийн намын хорооны гишүүд оролцлоо.
“Бүтэн Ардчилал”, “4Б хөтөлбөр”, “Ардчилал 3.0 апп”-ийн танилцуулга сургалт Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг улс орон даяар Ардчилсан намын гишүүдийн дунд явагдаж байна.
Өвөрхангай аймгийн ардчилагчид та бүхэнд амжилт ялалтыг хүсье!
2024.05.11 Өвөрхангай аймаг, Арвайхээр хот