МЭДЭГДЭЛ
Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б.Б нь сонгуулийн сурталчилгааны үеэр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэхүү хэргийг Өвөрхангай аймгийн Сант сумын иргэн П.О гэгч нь үйлдсэн бөгөөд хэргийн газрын үзлэгийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас томилогдсон баг шалгаж байна гэх мэдээллийг бидэнд ирүүллээ.
Энэ хэрэг явдал 2024 оны 6-р сарын 15-ны өдөр МАН-аас УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигчдийн уулзалтын үеэр болсон нь санамсаргүй хэрэг биш гэж бид үзэж байна. Учир нь иргэн П.О нь Ардчилсан намын гишүүдийг “Та нар УИХ-ын дарга орж байгаа уулзалтад яагаад ордоггүй юм” гэх зэргээр үг хэлээр дайрч доромжлон улмаар хүзүүн тус газар өшиглөж амь насыг нь хохироосон гэдгийг гэрчүүд баталж байна. Тус уулзалтад УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, А.Цогцэцэг, Г.Ганболд, Б.Даваадалай нар оролцсон байна.
УИХ-ын ээлжит сонгууль болж байгаа энэ цаг үед Ардчилсан намын гишүүний амь насанд халдаж, амийг нь хохироосон асуудалд Ардчилсан намын олон мянган гишүүд ихэд зэвүүцэж, хэргийг үнэн зөвөөр шийдэхийг шаардаж байна.