Шинэ Зеланд улсад албан томилолтоор ажиллаж байгаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй тус намын төлөөлөгчид өнөөдөр хөдөө аж ахуйн салбараа шинэчлэн хөгжүүлж, малчид фермерүүдээ нийгмийн чинээлэг хэсэг болгож чадсан Шинэ Зеландын бодлого, шийдэлтэй олон талаас нь танилцаж туршлага судаллаа.
Шинэ Зеланд нь өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуйн салбарт суурилсан өндөр хөгжилтэй улс төдийгүй уг салбартаа төрөөс ямар нэгэн хөнгөлөлт, урамшуулал, татаас олгодоггүйгээрээ онцлогтой. Тус улсын хувьд 1980-аад оноос эдийн засгаа нээлттэй болгож, татварын ачааллыг бууруулахын зэрэгцээ худалдааны татвар, хориг саадыг бууруулж, хөдөө аж ахуйн салбарыг бүрэн либералчилсан бодлогын үр дүнд энэ амжилтад хүрсэн байдаг.
Өнөөдөр тус улсын экспортын орлогын 80 гаруй хувь хөдөө аж ахуйн сектороос бүрдэж байгаа ба дараагийн том салбар нь аялал жуулчлал бөгөөд тогтвортой, ногоон хөгжлийн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна.
Шинэ Зеланд улсын мал аж ахуйн салбарын хувьд 6 сая орчим сүүний үхэр, 4 сая махны үхэртэй бөгөөд дэлхийн нийт сүүний гурван хувийг үйлдвэрлэдэг. Тус улсын сүүн бүтээгдэхүүний экспорт нь нийт экспортынхоо 30 гаруй хувийг дангаараа эзэлж байгаагийн цаана бодлого, зохион байгуулалт, технологийн олон давуу тал эерэг нөлөө үзүүлдэг ажээ.
Мөн 10 мянга гаруй гишүүн фермертэй Фонтерра хоршоогоор дамжуулан малчид нь зөвхөн хашаанаасаа ачуулж буй сүүгээр хязгаарлагдахгүй, дэлгүүрийн лангуу хүртэлх өртгийн сүлжээний бүх шатнаас өгөөж ашиг хүртдэг, түүнээс гадна дундын байгууллагаараа дамжуулан байнгын эрдэм шинжилгээ судалгааны дэмжлэгтэй ажилладаг байна.
Төлөөлөгчид бодлогын уулзалт ярилцлагуудаас гадна Фермерүүдийн нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзаж, зарим фермүүдэд очиж танилцлаа.