© Ардчилсан нам. 2011-2025
4 цаг /

Х.Тэмүүжин: Монгол Улс хүчирхэг, эрх чөлөөтэй болох тэр өнгийг Ардчилсан нам тодорхойлно


“Олон улсын ардчиллын өдөр”-ийг тохиолдуулан ардчиллын үнэт зүйлсийг бататгах, бэхжүүлэх, Монголын ардчиллын 35 жилийн ололт амжилтаа цэгнэж, ирээдүйн зорилгоо хэлэлцэхээр Ардчилсан намын төлөөллүүд өчигдөр Хэнтий аймагт чуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн тавьсан илтгэлийг хүргэж байна.

Тэрбээр "Бид өөрсдөө хэн бэ, хэн байх ёстой вэ. Хэн байсаар ирсэн бэ гэдгээ дахин дахин эргэж санаж байхгүй бол амьдралын нугачаанд төөрөлдөх, мартах зүйл олон гардаг юм билээ.

1990 онд Ардчилсан хувьсгалыг эхлүүлэхэд ардчилагчдыг монголчууд, залуучууд хэн гэж хардаг байсан. Яаж үнэлдэг байсан. Ямар үнэ цэнтэй хүч чадалтай байсан тухай таван мөр бий. Ардчилсан нам гэхээр хэн байсан бэ гэхэд эрч хүчтэй, залуу, шинэлэг, цаг үеийнхээ өөрчлөлт тэр хүмүүс байсан. Ардчилагчид гэхээр өөрчлөлтийг авч ирдэг, шинэ санаа гаргадаг, шинэ салхи, эрч хүчийг өөрсдөөсөө салхилуулж байсан хүмүүс байсан. Би байсан гэдэг үгийг хэлж байгаа.

Хоёрдугаарт, Ардчилсан нам хэн байсан бэ. Мэдлэг боловсрол оюун ухаанаараа шалгарсан, шилдгүүд байсан. Хаана ч очсон Ардчилсан намын залуучуудаас, Ардчилсан намынхнаас шинэ мэдлэг ундарч байдаг.

Гуравдугаарт, Монголын залуусыг гадаадад гаргадаг, хөтөлдөг гүүр байсан. Ямар ч бизнес хийсэн, ямар нэгэн түүх Ардчилсан намын хүнтэй уулзаад авбал хүүхдээ гадаадад сургачих байх, миний бизнест хүч олдох байх, би дэлхийн энэтэй ажиллаж хөдөлмөрлөж болох байх гэж боддог, тийм эрч хүч авдаг тэр хүмүүсийг ардчилагчид гэж хэлдэг байсан.

Дөрөвдүгээрт, хувийн өмч, хувь хүний санаачилга. Бизнесийнхний хамгийн ойрын түнш нь Ардчилсан намынхан байсан. Ардчилсан намынхантай голын эрэг дээр уулзаад шинэ бизнесийн санаа олж авдаг, Ардчилсан намынхантай ярилцаад өмч хөрөнгөө хамгаалах хүч зоригтой болдог, Ардчилсан намтай байхад ямартаа ч хоосон хонохгүй итгэл үнэмшилтэй ард иргэд олон байсан.

Тавдугаарт, Ардчилагчид зоригтой хүмүүс байсан. Тэд ардчиллын эсрэг, хүний эрхийн эсрэг, энэ улс оронд дарангуйлал тогтоох гэсэн хэнбугайн ч эсрэг зоригтой босож ирж үгээ хэлдэг, дур зоригийг нь тас цохидог, тийм л эр зоригийн илэрхийлэл байсан. Одоо бид хэн болсон бэ. Биднээс мэдлэг, шинэ санаа, дэлхийтэй эн зэрэгцэх дуу хоолой, эр зориг хэдий хэр ялгарч байгаа вэ. Бид Ардчилсан намын мөн чанараа жаахан мартсан. Өөр хоорондоо талцаж муудсан, нэг нэгнийгээ Ардын намынхнаас илүү муулцгаасан. Үүний үр дүнд бид хэн болсон. Байдаг л нэг хүмүүс болсон. Одоо салхи эргүүлэх ёстой. Ардчилсан намынхан Утаа хаашаа хийсэж байгааг хардаг биш, салхи хаанаас салхилж байгааг мэддэг хүмүүс байсан шүү. Бид бусдын адил утааны уруудаж байгаа зүгийг биш, салхины ирж байгаа зүг харах цаг болсон. Тийм ч учраас Ардчилсан намын шинэ даргыг сонгоход эрх чөлөөний салхи эргэлээ гэх энэ үг хүн бүхний зүрхэнд ойр сонсогдсон байх. Салхийг бид эргүүлнэ. Монгол Улс чөлөөтэй, Монгол хүчирхэг болох тэр өнгийг Ардчилсан нам тодорхойлно" хэмээн ярилаа.