© Ардчилсан нам. 2011-2024

ИТХ-Сонгууль 2024

Нийслэл

"Инженерээр удирдуулсан ард түмний баг" 

 

Нийслэлийн Ардчилсан Намын ээлжит хурал 2024 оны 9 сарын 2-ны өдөр зохион байгуулагдлаа. 

Тус хурлаар НИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших 45 хүнийг тодрууллаа.  

Нийслэлийн ардчилсан намаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт 

 

 

2024 ОНЫ АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ДЭВШҮҮЛЖ БУЙ

МӨРИЙН ХӨТӨЛБӨР

 

 

БҮТЭН УЛААНБААТАР 

БҮРЭН ХӨГЖИЛ 

НЭГ.  БҮТЭН УЛААНБААТАР 

   Өнгөрсөн 8 жилийн хугацаанд Нийслэлийн Засаг даргыг олон удаа солисноор хотын засаглал тогтворгүй болж, Засаг Дарга бүр бүтцийн өөрчлөлт нэрээр мэргэжлийн газар, албадыг өөрчилснөөр Хотын тогтвортой хөгжил алдагдсан. Хотын удирдлагын зүгээс гаргаж буй шийдвэр оновчгүй болсноос, хэдхэн хоногийн настай шийдвэр гаргадаг нь иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна.  

Дэлхийн улс орнуудын нийслэл хотуудтай харьцуулахад манай нийслэл Улаанбаатар нь:  

  • Засаглалын хямралд гүнзгий автсан 
  • Хамгийн үр ашиггүй засаглалтай 
  • Хэт олон дарга, удирдах ажилтан, албан хаагчтай 
  • Ажлын уялдаа муутай, үйл ажиллагааны давхардал, хийдэл ихтэй 
  • Ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэггүй байдал даамжирсан. 

Иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээний зардал хэд дахин нэмэгдсэн ч иргэдэд хүрдэггүй, хугацаа тодорхой бус, албан тушаалтнууд хүнд суртал гаргаж иргэдийг чирэгдүүлдэг. Нэг цэгийн үйлчилгээ нь иргэдийн зөвхөн бичиг баримтыг л хүлээн авдаг газар болон хувирсан.  

Нийслэл, дүүргийн төр захиргаа нь: 

  • Иргэдээ сонсдоггүй,  
  • Иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэгдэггүй,  
  • Иргэдийн оролцооны эрх зүйн орчин тодорхойгүй,  
  • Иргэдийн саналыг ямар асуудлаар, ямар цар хүрээнд авах талаар тогтсон дүрэмгүй. 

АН-ын засагласан 2012-2016 онд бид Улаанбаатар хотын дүрмийг боловсруулсан ч хараахан баталж чадаагүй байсан бөгөөд уг асуудал мартагдсан. 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй биш, төсвийн зарцуулалт хаалттай, зэрэг олон сөрөг талууд нь иргэдийг ихээхэн хохироож байна. 

Тиймээс бид 2016-2024 оныг Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт зогссон, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажлыг саатуулсан, дэд бүтцийн ажлыг сааруулсан, хотын агаар орчны бохирдол улам нэмэгдсэн, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдсан ухралтын 8 жил байсан хэмээн дүгнэж байна. 

 

  1. Нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны бүтцийг шинэчлэх, хотын удирдлагыг судалгаанд суурилсан шийдвэр гаргадаг, хариуцлагатай, нээлттэй болгох 
  1. Нийслэлийн нутгийн захиргааны болон нийслэлийн өмчит, аж ахуйн тооцоот байгууллагуудын чиг үүргийн давхардал, үйл ажиллагааны хийдлийг арилгаж, захиргааны төвлөрлийг 50 хүртэлх хувиар бууруулна. 
  1. Хот төлөвлөлт, удирдлагыг боловсронгуй болгох шинжлэх ухаан, судалгаа, хөгжлийн тинк танк төвийг байгуулж, түүнээс гарах судалгаа, төлөвлөгөө, тооцооллыг нийслэлийн бүх шатны шийдвэр гаргах үйл ажиллагаанд тусгах зохицуулалт, зохион байгуулалтыг журам боловсруулж хэрэгжүүлнэ. 
  1. Улаанбаатар хотын удирдлага аливаа суурь шийдвэр гаргахдаа судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, нийгмийн бүлгүүдийн санаачилгыг тусгаж, иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлнэ. 
  1. Улаанбаатар хотын олон нийтэд үзүүлэх төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор засаг захиргааны нэгжийг шинэчлэн зохион байгуулж, тухайн нэгж бие даан асуудлаа шийдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож эдийн засгийн  хувьд бүрэн бие даах нөхцлийг бүрдүүлнэ.  
  1. Нийслэл Улаанбаатар хотын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын үйл ажиллагаа, тогтолцоог Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн шинэчилнэ. 
  1. Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны төрийн албан хаагчдыг эрхэлдэг ажлынхаа чиглэлээр сурч боловсрохыг дэмжиж, жил бүр сургалтад хамруулна. 
  1. Нийслэл хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын төслүүдийг үргэлжлүүлнэ. Техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн санхүүжилт шийдэгдсэн богино хугацаанд үр ашиг өгөх төслүүдийг хэрэгжилтүүдийг эрчимжүүлнэ. 

 

  1. Орон сууцны хороолол, Гэр хорооллыг нэг стандарттай болгох 

 

Монгол Улсын Их Хурлаар батлагдсан “Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, 2030 оны төсөөлөл” бодлогын бичиг баримт хүрээнд хот суурин газрын хот байгуулалт, газрын харилцааны бодлогыг иргэдэд ил тод, нээлттэй болгож, нэн тэргүүнд хүүхдүүд, ахмадууд, тусгай хэрэгцээт хүмүүст ээлтэйгээр хэрэгжүүлэн, дэд бүтцийг тэлж, дагуул хот бүхий олон төвт хот болгон, нийтийн тээврийг олон улсын жишигт хүргэж Орон сууцны хороолол, Гэр хорооллыг нэг стандарттай болгоно. Хот суурин газруудын гэр хорооллын цахилгаан, дулаан, цэвэр бохир усны инженерийн шийдлийг төвлөрсөн болон бие даасан хэлбэрийг хослуулан хэрэглэх боломжийг олгоно. 

Иргэдийн амьдрах, ажиллах, амрах боломжтой, хүний төлөө хот байхын тулд сургууль, эмнэлэг болон бусад олон нийтийн байгууламж зэрэг нийгмийн дэд бүтэц рүү гэрээсээ 10 хүртэл минутын зайд байх нөхцлийг бүрдүүлэх зорилт тавьж ажиллана. 

 

Хотын барилгажсан хэсгийн дэд бүтэц, орон сууцны хорооллыг шинэчлэх 

  1. Улаанбаатар хотын хуучин орон сууцуудыг шинэчлэн барилгажуулах, инженерийн дэд бүтцийг иж бүрэн шинэчлэх, хуучны угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах ажлыг хэрэгжүүлнэ.  
  1. Хот суурин газруудад сэргээгдэх буюу нар, салхи, усны цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх бүс нутагтаа эрчим хүчийг тогтвортой нийлүүлэх бодлогыг түлхүү хөгжүүлнэ. 
  1. Мэдээллийн технологийн дэд бүтцийг өргөжүүлж, өргөн зурвасын, өндөр хурдны интернэт сүлжээг бий болгож зарим бүс нутагт 5G технологийг нэвтрүүлж эхэлнэ. 
  1. Улаанбаатар хотын орон сууцны хорооллууд болон хот орчмын (дагуул хотууд) суурин газруудын хатуу хучилтгүй зам талбайн дэд бүтэц болох байгалийн чулуун хучилттай зам талбай, ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг олон улсын стандартаар барина. 
  1. Төлөвлөлтөнд суурилсан  газар доорхи болон дээрхи олон давхар авто зогсоолыг орон сууцны хорооллуудад хувийн хэвшилтэй хамтран барьж байгуулна. 
  1. Нийслэл Улаанбаатар хотод 100,000 орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх замаар барилгын салбарт ажиллагсадыг бодлогоор дэмжинэ. 

 

Дэд бүтэцтэй гэр хороолол 

  1. Гэр хороолол болон орон сууцны халаалтыг цахилгаан эрчим хүчээр халаах технологийг дэмжиж эх үүсвэрийн тодорхой хэсгийг сэргээгдэх эрчим хүчээр хангана.  
  1. “Эрчим хүч үйлдвэрлэгч иргэд” хөдөлгөөнийг гэр хороололд өрнүүлж, иргэд хашаандаа нарны эрчим хүч үйлдвэрлэж илүүдэл эрчим хүчээ төвийн сүлжээнд борлуулах боломжийг бүхий л талаар дэмжинэ.  
  1. Гэр хорооллын цахилгаан, дулаан, цэвэр бохир усны инженерийн шийдлийг хамтран бүлэг бүлгээрээ бие даасан хэлбэрээр хэрэгжүүлэх технологийг хэрэгжүүлнэ. 
  1. Хот суурин газруудын ойролцоо усан сангийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, бичил цаг уурын орчин бүрдүүлж, хуримтлагдсан усыг ногоон байгууламжийн усжуулалтанд ашиглаж эхэлнэ. 
  1. Нийслэлийн гэр хорооллын иргэдийг хувийн орон сууцтай болгох чиглэлээр хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллана.  
  1.  Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, уг төслийн 2 дахь үе шатыг хэрэгжүүлнэ. 
  1. Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийг шийдэж айл бүрийг хашаандаа сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. Хашаандаа хувийн тохилог орон сууц барих санаачлагыг бодлогоор дэмжинэ.  
  1. Нийслэлийн гэр хорооллын инженерийн дэд бүтэц (цэвэр ус, бохир ус ариутгах татуурга, интернетийн шилэн кабель)-д холбож халаалтыг төвлөрсөн болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй хувийн орон сууц болгон дахин төлөвлөх ажлыг иргэдийн оролцоотой хэрэгжүүлж, байшингаа барихад дэмжлэг үзүүлж ажиллана. 
  1. Хийн нөөцийг түшиглэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бага оврын цахилгаан станц байгуулна. 
  1. Газар чөлөөлөх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэдэд ойр цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ. 
  1. Гэр хорооллын дундах авто замуудыг чанартай тавих, үерийн усны суваг шуудуу тавих ажлыг эрчимжүүлнэ. 

 

  1. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх 
  1. Нийслэлийн иргэд Улаанбаатар хотын Захирагчийг шууд сонгодог болно.  
  1. Нийслэл, дүүргийн удирдлага аливаа шийдвэр гаргах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж буй иргэд, оршин суугч, олон нийт, аж ахуй нэгжийн саналыг харгалзаж, зөвшилцөн шийдвэрлэх тогтолцоо, дүрмийг боловсруулж хэрэгжүүлнэ. 
  1. Нийслэл, дүүргүүдийн удирдлага улирал бүр үйл ажиллагааны тайлангаа иргэд, олон нийтэд тайлагнадаг болно. 
  1. Улаанбаатар хотын иргэд, олон нийтийн санаа бодлыг тандах социологийн олон төрөлт судалгааг улирал тутам хийж, нийслэлийн бүх шатны шийдвэр гаргахад тусгадаг болно. 
  1. Шилэн дансны тухай хуулийг сэргээн хэрэгжүүлж, иргэдэд нийслэлийн төсвийн урсгал зардал, төсвийн хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг бүрэн ил тод болгоно. 
  1. Иргэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчдөөрөө дамжуулан саналаа илэрхийлдэг байна. 

 

 

  1. Цахим технологийн ашиглалтыг бүрэн хөгжүүлэх 
  1. Нийслэлийн сүлжээ, интернетийн серверийн хүчин чадлыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулна. 
  1. Хотоос алслагдмал дүүрэг, хорооны иргэдийн цахим хэрэглээ, үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох орчны хөгжүүлэлт хийнэ. 
  1. Иргэдийн улсын бүртгэлийг бүрэн цахимжуулах, хөгжүүлэх, хаягжуулна. 
  1. Эрүүл мэндийн салбарт цахим шинэчлэлт хийж, шат болгоны үйлчилгээг нэгдсэн болгон эмнэлэгийн үйлчилгээг хялбаршуулан ачааллыг бууруулна. 
  1. Сургалтын тэгш хүртээмжийг хангах зорилгоор алслагдмал сургууль цэцэрлэгийн сурагчдын цахим сургалтын хүртээмжийг нэмэгдүүлнэ.  
  1. Иргэдийн цахим мэдээллийн  аюулгүй байдлыг хангах хамгаалалтын систем бий болгоно. 
  1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш хүртээмжийг хангах зорилгоор тусгай зориулалтын цахим хуудас технологийн хэрэгцээг бүх шатны төрийн үйлчилгээнд нэвтрүүлнэ. 
  1. Шуудангийн тогтолцоог Олон Улсын түвшинд хүргэж, хүргэлтийн системийг сайжруулан шуудан түгээлтийг 3 дахин нэмэгдүүлнэ. 

 

ХОЁР. ГЭР ХОРООЛОЛД ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ 

Нийслэл Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө нь 2013 онд Монгол Улсын их хурлаар батлагдсан боловч өнгөрсөн 8 жилд дорвитой ажил хэрэгжсэнгүй. Нэн ялангуяа гэр хорооллын иргэдэд чиглэсэн ажил огт хийгдээгүй бөгөөд дахин төлөвлөлтийн ажил бүрэн зогссон. 

  1. Нийслэлийн Засаг даргын сонгуульт хугацааны мөрийн хөтөлбөрийн зайлшгүй мөрдөн хэрэгжүүлэх баримт бичиг нь тухайн хот суурин газрын хот төлөвлөлтийн “Ерөнхий төлөвлөгөө” байна. 
  1. Хот байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор шинжлэх ухааны судалгааны Хот төлөвлөлтийн “Судлан-Хөгжүүлэх” (Research & Development) байгууллагыг Засаг даргын шууд удирдлаган доор ажиллуулна. 
  1. Интернетийн орчинд хот төлөвлөлтийг ил тод, нээлттэй болгож, олон нийтийн хяналттай иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, үр бүтээлтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлнэ. 
  1. Хот орчмын бүсийн төлөвлөлтөнд тодотгол хийж, газар тариалан, фермерийн үйлдвэрлэлийг дэмжих үйлдвэрийн бүсүүдийг бий болгож, ложистик болон биржийг хотуудын дэд бүтэцтэй уялдуулан төлөвлөж хэрэгжүүлнэ. 
  1. Гэр хороололд түүхий эд боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрлэлийг хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн зохион байгуулж, ажлын байрыг эрс нэмэгдүүлнэ. 

 

  1. Олон төвт хот болгон хөгжүүлэх 

Улаанбаатар хотыг ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх замаар нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго тавьж, хотын дунд болон захын бүсийн гэр хорооллын нутаг дэвсгэрт дэд төвүүдийн байршлыг тодорхойлж, төлөвлөж, хөгжүүлэхээр заасан.  

  1. Олон төвт хот болгон хөгжүүлэх хөтөлбөрийг дэд бүтэц, орон сууц, төр, нийгмийн үйлчилгээ, ногоон байгууламж, худалдаа, үйлчилгээ, оршин суугчдын ажил эрхлэлт зэрэг асуудлыг нэгдмэл байдлаар авч үзэн, хэрэгжилтийг салбаруудын харилцан уялдаа холбоо бүхий багц үйл ажиллагааны хүрээнд хөгжлийн тасралтгүй эргэх холбоо бүхий үйл явцыг дэмжих удирдлага зохион байгуулалтаар хангана. 

Олон дэд төвтэй болсноор хотын хүн ам, эдийн засгийн бага нягтралтай буюу гэр хорооллын хүн ам төвлөрсөн хэсэгт, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлсэн 6 дэд төвийн (Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн Мянга,  Толгойт, Шархад дэд төвүүд) сүлжээг газрын эзэд, оршин суугчид болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан байгуулж хотын эдийн засгийг тэлэх шинэ боломжийг бий болгоно. Үүнд: 

  • Төрийн үүрэг: Дэд бүтцийн шугам сүлжээ тавих, нийгмийн барилга байгууламжийг барих ажилд тэргүүлэх үүрэгтэй оролцоно. 
  • Газар эзэд, оршин суугчдын оролцоо: Дэд бүтэц, нийгмийн зориулалттай барилга байгууламж, орон сууц барих зэрэгт зориулан газрын эрхийг шилжүүлэн шинэчлэн зохион байгуулах, төлөвлөж хэрэгжүүлэх үйл явцад тэргүүлэх үүрэгтэй оролцоно. 
  • Хувийн хэвшлийн үүрэг: Дэд төвд хөрөнгө оруулж, хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцоно. 
  1. Олон төвт хот болгох хөтөлбөрийн зорилтыг биелүүлэхийн тулд дараах зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд: 
  1. Батлагдсан дэд төвүүдийн хүрээнд үйлчилгээ үзүүлэх, орон сууц, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ төвлөрсөн, нийгмийн үйлчилгээний хүртээмжтэй, тав тухтай дэд төвүүдийг байгуулна.   
  1. Дэд төвүүдийг ногоон, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, үр дүнтэй хөгжүүлэхийн тулд хорт утааны ялгаралтыг багасгах, нийгмийн дэд бүтэц, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах, эрчим хүчний зарцуулалт багатай барилга байгууламж, орон сууцны нийлүүлэлтийг дэмжих бодлого, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. 
  1. Хот суурины газрыг дахин хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгон дэд төвийг хөгжүүлэхэд газрын эзэд, төр, хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааг харилцан ашигтай байдлаар хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.   
  1. Гэр хорооллын бүсэд эдийн засгийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг үр ашигтай санхүүгийн зохицуулалтаар дэмжиж, эдийн засгийн өрсөлдөх чадвартай болгох арга хэмжээг хэрэгжүүлнэ. 
  1. Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн үр ашигтай байх дэд төвийг байгуулахад хорт утаа бага ялгаруулах, нийгмийн дэд бүтэц, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулсан, эрчим хүчний хэмнэлттэй олон төрлийн орон сууцыг нэг маягийн зураг төслөөр хөгжүүлэх чиглэлийг дэмжинэ. 
  1.  Дэд бүтцийг гэр хороололд 
  1. Газрыг хөгжүүлэхэд батлагдсан газар ашиглалтын хязгаарын хүрээнд дахин төлөвлөх, зохион байгуулах аргачлалуудыг ашиглан үе шатаар хэсэгчлэн хөгжүүлнэ. 
  1. Инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг газрын эздийн хүсэл зорилго хамтын ажиллагааны хүрээнд тулгуурлаж хэрэгжүүлнэ. 
  1. Дэд төвийн газрыг дэд бүтэцжүүлэхэд хотхон хорооллын гол болон салбар шугамыг эргэн нөхөгдөх нөхцөлөөр санхүүжүүлж, гэр хорооллын дэд бүтэцжүүлэх санг байгуулна. 
  1. Иргэдийн бүлгийг орчноо сайжруулахад чадавхжуулах, тэдний санаачилгыг дэмжих нийгмийн чиглэлийн үйл ажиллагааг холбогдох ТББ-аар дамжуулан хэрэгжүүлнэ. 
  1. Өндөр давхрын бус Зохистой нягтрал бүхий тохилог орон сууцны хороолол, хотхонтой, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ бүхий хотын дэд төвийг байгуулж, ажлын байр нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татварын бодлогоор дэмжин эдийн засгийн хөшүүргээр татаж, үйл ажиллагааг эрчимжүүлнэ. 
  1. Гэр хорооллыг дахин телөвлөж, орон сууцжуулах 
  1. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу газрыг ашиглах чиглэл, нягтрал, орон сууцны төрөл, төлөвлөлтийн хязгаарын хүрээнд дэд төвийг хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлнэ. 
  1. Газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд сонирхогч талуудын үүрэг, хариуцлага оролцооны түвшнийг жигд хангана. Нийгмийн байгууламж байгуулах, олон нийтийн зориулалттай гудамж талбай байгуулах орон зайг гаргаж, хөгжүүлэхэд улсын болон хувийн хөрөнгө оруулалтын зааг ялгааг тодорхой байлгаж талуудад харилцан ашигтай байх нөхцлийг бүрдүүлнэ. 
  1. Дэд төвийг хөгжүүлэхэд газар ашиглалт, хот байгуулалтын нийтэд ойлгомжтой, ил тод, нээлттэй журамыг боловсруулж, хашааг орон сууцаар солих бодлогыг  хэрэгжүүлнэ. 
  1. Хүлэмжийн хийн ялгарал багатай, ногоон хөгжлийн үзэл баримтлалд дэд төв байгуулах бүхий л үйл ажиллагааг нийцүүлж, дэд төвийн иргэдийг орон сууцжуулах замаар хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгана. 

ГУРАВ. АЖЛЫН БАЙРТАЙ ГЭР ХОРООЛОЛ 

 

Нийслэлийн 2024 оны төсвийн 2016 оны төсөвтэй харьцуулахад 6 дахин нэмэгдсэн байна. Нийслэлийн 2024 оны шууд орлого нь 1.1 их наяд төгрөг байхад зарлага нь 5.3 их наяд төгрөг байна. Нийслэлийн төсвийг 2017-2024 онд 8н удаа хэлэлцэн баталсан ба эдгээрийг 14н удаа тодотгосон байна. Энэ нь Нийслэл хотын удирдлагад төсвийн сахилга бат, төрийн санхүүгийн чадвар байхгүйг харуулж байна. Мөн нийслэлийн төсвийг 15 удаа тодотгохдоо зарлагыг нэмэгдүүлж байсан боловч орлого нь бодитоор нэмэгдээгүй байна.  

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хувьд 2020-2024 онд дийлэнх хувь нь Сонгинохайрхан дүүрэгт хуваарилагдсан атал Сүхбаатар дүүрэгт 2023 онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын 0.3%-ыг эзэлж буй нь хөрөнгө оруулалтын бодлогоор дүүргүүдийг жигд хөгжүүлэх бодлого алдагдсан.        Нийслэлийн Засаг даргын хариуцдаг нийслэлчүүдэд төрийн үйлчилгээг хүргэх зориулалттай Нийслэлийн төсвийн урсгал зардал нь 2016 оныхтой харьцуулахад 3.2 дахин өссөн байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт 2016 оноос 2024 оны хооронд 20 дахин нэмэгдсэн. 

  1.  Нийслэл хотын хөрөнгө оруулалт, төсвийг гэр хороололд зарцуулах 
  1. Төсвийн сахилга батыг сайжруулж нийслэлийн төсвийн урсгал зардлыг 50 хувиар танана. 
  1. Нийслэлийн төсвийн 2025-2028 оны хөрөнгө оруулалтын 75-80 хувийг Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулна. 
  1. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг ач холбогдлоор нь эрэмбэлж, үр ашигтай хуваарилалтын бодлого, болон холбогдох журмыг боловсруулж хэрэгжүүлнэ.  
  1. Нийслэл, дүүргүүдийн төсвийг уялдуулж, төсвийн хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, зохицуулалттай болгоно. 
  1. Нийслэлийн харьяаны орон нутгийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, нээлттэй, хариуцлагатай, олон нийтийн оролцоотой болгон хувьчлах замаар үр ашгийг нэмэгдүүлж, бүрдүүлсэн орлогыг төсвийн зардлын дарамтыг бууруулахад зарцуулна. 
  1. Нийслэлд ажлын байр шинээр нэмэгдүүлэх аж ахуй нэгж, байгууллага, иргэний санал, санаачилгыг дэмжиж, хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг нэмэгдүүлэх бодлогыг баримтална. 
  1. Газрын төлбөрийн орлогын эрх зүйн болон санхүүгийн зохицуулалтыг бүрэн шинэчилж нийслэлийн төсвийн татварын орлогын 30 хүртэлх хувийг бүрдүүлдэг болно. 
  1. Нийслэлийн төсвийг боловсруулах, хэлэлцэн батлах, хэрэгжүүлж гүйцэтгэх, хяналт тавих бүх үе шат, үйл явцад иргэдийн санал санаачилгыг авч, иргэдийн оролцоог хангана. 
  1. Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг холбогдох шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан 100 хувь дүүргүүдэд хуваарилна. 
  1. 2012-2016 оны хооронд хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хоёр дахь үе шатыг Азийн Хөгжлийн Банк болон олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. 
  1. Нийслэлийн өмнө тулгамдаж буй суурь асуудлуудыг гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар шийдвэрлэж, төсвийн ачааллыг багасгана. 
  1. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Нийслэлийн төсөвтэй уялдуулан нэгдмэл болгох хөтөлбөр хэрэгжүүлнэ. 
  1. Гэр хороололд Бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэх  
  1. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, экспортын үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг гаргана. 
  1. Жижиг дунд болон бичил үйлдвэр эрхлэгчдийг гадаад зах зээлд гаргах, хил орчмын худалдаанд идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлнэ. 
  1. Гэр хороололд иргэд, ААН-ын бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн, өгөөжтэй санхүүгийн зуучлалыг хөгжүүлнэ. Санхүүгийн үйлчилгээний хүртээмж, үйлчилгээг ашигласнаар иргэн, ААН-д бий болох ашгийн бодит хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалтын арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ.  
  1. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин, хүнсний найман нэрийн дэлгүүрт тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 
  1. Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын ойр орчимд аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг дэмжинэ. 
  1.  Ажлын байр бий болгох, эдийн засгийг тэлэх 
  1. Ажилгүйдлийн түвшинг 5%-аас бага байлгах хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэн ажиллана.  
  1. Цагаар ажиллах, гэрээр ажиллах, зайнаас ажиллуулах, сүлжээний маркетинг бүхий бараа, үйлчилгээний борлуулалт хийх зэрэг хөдөлмөр эрхлэлтийн олон хэлбэрийг дэмжих замаар эмэгтэйчүүд, оюутан залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.  
  1. Ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг бүрэн хангах мэргэжилтэн бэлтгэх нөхцөлийг бүрдүүлнэ. 
  1. Нийслэлд нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэн, халамжийн хөтөлбөрүүдийг хөдөлмөр эрхлэлтэй уялдуулан хугацаатай болгоно. 
  1. Ядуурлыг бууруулах хөтөлбөрийг хороо, дүүрэг, нийслэлийн түвшинд тодорхой зорилт, шалгуур үзүүлэлтээр гаргаж, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулна. 
  1. Бага орлоготой, ядуу өрхийн хөдөлмөрийн насны иргэдийг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх, ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөрт хамруулах, ажлыг байранд зуучлах тогтолцоог бүрдүүлнэ.  
  1. Бага орлоготой, ядуу айл өрхөд зориулсан хүнсний хангамжийн хөтөлбөр хэрэгжүүлж, шим тэжээлийн дутагдлаас хамгаална. 
  1. Ажлын байр шинээр бий болгох хувийн хэвшлийн санал санаачлагыг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. 
  1. Мэргэжилтэн, ажилтан бэлтгэх цогц бодлого хэрэгжүүлнэ. МСҮТ-үүд, Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд байгуулагдсан мэргэжилтэй ажиллах хүч бэлтгэх төвүүдийг бүрэн хүчин чадлаар ажилуулах талаас холбогдох салбарын байгууллагуудтай хамтран ажиллана.