© Ардчилсан нам. 2011-2024
2020/10/29 / Үйл явдал

АН: ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ 500 МЯНГА БОЛГОХ ХУУЛЬ ӨРГӨН БАРИНА


УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын гишүүд бүгд оролцлоо. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Хувийн тэтгэврийн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Тэтгэврийн даатгалын сангуудыг бий болгох нь зөв гэж үзэж байна. Мөн АН-ын бүлэг Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барих гэж байна. Энэ хуулийн төсөл 270 мянган хүнийг хамарна. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Ахмадуудын хувьд маш чухал хуулийн төсөл бол Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барих гэж байна. Тодруулбал, тэтгэвэр 500 мянган төгрөгөөс дээш байх ёстой гэж үзсэн. 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авах нь амьжиргаанд хаана ч хүрэхгүй. Өрхийн дундаж зарлага 1.5 сая төгрөг байна гэсэн судалгааг Үндэсний статистикийн газар хийсэн. Тэгэхээр хоёр ахмад нийлээд ч тэтгэврийн мөнгөөрөө амьжиргааныхаа гуравны нэгийг ч бүрдүүлж чадахгүй хэмжээнд очсон байна. Өнөөдөр 441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 277 мянга гаруй нь 500 мянгаас доош төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ хууль үндсэн долоо хэсгээс бүрдэж байгаа.

Монгол Улс Үндсэн хуульдаа байгалийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлээд түүгээрээ дамжуулж иргэддээ тэгш хүртээнэ гэж заасан. Ардчилсан нам хавтгайрсан халамжийг дэмждэггүй. Гэхдээ халамж хэрэгтэй хүмүүсээ халамжилсан шиг халамжлах ёстой. 500 мянгаас доош тэтгэвэр авч байгаа иргэдийн гуравны хоёр нь бүрэн тэтгэвэр авдаг юм байна. Гуравны нэг нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа. Тиймээс стратегийн ордыг эргэлтэд оруулах замаар эдийн засгийг тэлж, санхүүжилтийг гаргах нь зүйтэй гэж үзсэн. 2020 оны УИХ-ын 24 дүгээр тогтоолыг баталсан. Тус тогтоолд зургаан стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хувьцааг нь Эрдэнэс Монгол компанид шилжүүлэх замаар үр өгөөжийг нь нэмэгдүүлнэ гэж орсон. Цагаан суваргын орд газар тэтгэврийн нэмэгдлийн гол санхүүжилтийн эх үүсвэр болгоно. Төр хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр дэмжих замаар эргэлтэд оруулъя. Төмөр зам Цагаан суваргын орд газарт 20 км ойртсон. Тиймээс эдийн засгийн эргэлт хамгийн хурдан оруулж болох орд бол Цагаан суваргын орд.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгоход хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ?

-УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Нэг бүрчлэн тооцоо хийсэн. 277 мянга гаруй иргэн 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байгаа. Энэ хүмүүсийн тэтгэврийг 500 мянга болгохд нийт 400 гаруй тэрбум төгрөг нэг жилд зарцуулна.

-Гол санхүүжилтийг Цагаан суваргын ордоос гаргана гэж байна. Хувийн хэвшлийн ордоос яаж санхүүжилтийг гаргах вэ?

-УИХ-ын гишүүн С.Пүрэвдорж: Цагаан суваргын ордыг Монгол Улсын Их хурал төр эзэмших шаардлагагүй гэж татгалзсан байдаг. Монголын төр Цагаан суваргын ордыг үнэтэй болгох зүйлийг хийсэн. Тэр нь төмөр замыг хажуугаар нь барьсан. Тиймээс энэ ордын үнэ цэнэ дахин 60 хувиар өссөн. Төр энэ том бүтээн байгуулалтыг хийснийхээ хувьд Цагаан суваргын тодорхой хувийг эзэмших саналыг тухайн компанитайгаа ярьж, шийдвэрлэх хэрэгтэй. Энэ ордыг эзэмшиж байгаа компани зургаан жилийн хугацаанд ажил хийгээгүй байна. Тиймээс төр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хамтран хийж эргэлтэд оруулъя. Эргэлтэд оруулсан хувиасаа тодорхой хэмжээний хөрөнгийг ахмадууддаа зарцуулъя.

-Халамжийг бууруулах тодорхой санал АН-ын бүлэгт байгаа юу?

-Монгол Улсын хүн амын 85 хувь нь халамж авах нөхцөл байдалтай байна. 250 мянган хүний нуруун дээр манай эдийн засаг явж байгаа. Нэг ажил хийж байгаа хүний нуруун дээр 13 халамж авч байгаа хүн суучихаад байна. Тиймээс халамжийг бууруулмаар байна. Гэтэл ирэх оны төсөв дээр тодорхой ажил болж орж ирээгүй байна.

Эх сурвалж: itoim.mn