© Ардчилсан нам. 2011-2024
2020/11/07 / Үйл явдал

Ц.Туваан: Байргүй, нэлээн өртэй, жаахан эд хогшилтой нам хүлээж авсан. Амаргүй л байлаа


Энэ сарын 16-ны өдөр /2020.11.16/ Ардчилсан намын Их хурал хуралдан намын дүрэмдээ өөрчлөлт оруулна. Дүрмээ өөрчилсний дараа шинэ даргаа сонгох юм. Мөн Үндэсний бодлогын хороо, Дотоод сонгуулийн хорооны бүтцийг шинэчлэх цаашлаад том зургаараа намын шинэчлэлийн асуудлыг бүх гишүүдийнхээ дунд нээлттэй ярьж гарц, гаргалгааг тодорхой болгох аж. Одоогоор Намын даргад өрсөлдөх сонирхлоо илэрхийлж 10 орчим хүн бүртгүүлсэн байна.

Бид Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваантай намын шинэчлэл, дараагийн даргад бүртгүүлсэн хүмүүсийн талаар болон өмнөх дарга нарын алдаа одоогийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Энэ сарын 16-нд хуралдах Их хурлаар намын дүрэмдээ ямар өөрчлөлт оруулах вэ. Дүрмээ өөрчилснийхөө дараа даргаа хэрхэн сонгох хувилбар нь тодорхой болох байх. Тийм үү?

-УИХ-ын сонгуулийн ялагдлын дараа дүрмийнхээ дагуу намын удирдлагууд огцордог. Огцорсон удирдлагууд дундаасаа аль нэг дэд дарга нь намын дараагийн дарга сонгогдох хүртэл үүрэг гүйцэтгэдэг. Энэ хүрээндээ үйл ажиллагаагаа явуулж байна. Товлосон хугацаандаа намын Их хурал хуралдана. Тэр өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний баярын өдөр таарч байна. Тэгэхээр нэг өдөрт хурал багтааж дуусахгүй байх. Үргэлжлээд 17-ны өдөр хуралдана. Хэлэлцэх асуудал тодорхой. Намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэнэ. Задалж хэлбэл, намын даргын, дунд шатны намын даргын, Үндэсний бодлогын хороотой холбоотой зарчмын асуудал хэлэлцэгдэнэ. Шинэ дүрэм батлагдвал намын даргыг сонгох үйл явц руу орно.

-Дүрэмд өөрчлөлт оруулахдаа намын шинэ даргыг ямар зарчмаар сонгохоор тусгаж байгаа вэ. Намын Их хурлаасаа юу эсвэл нийт гишүүдээсээ сонгох уу. Ер нь аль хувилбар нь зөв гэж та үзэж байна?

-Үндэсний бодлогын хороогоор Үндсэн дүрэмд нэмэлт оруулах ажлын хэсгийг байгуулах эрхийг надад өгсөн. Энэ хүрээнд Ардчилан намын 40 гаруй гишүүн оролцсон ажлын хэсэг дүрмээ өөрчлөөд нэлээн сайн ярилцсан. Уг төсөл хэлэлцэгдэж дуусаад УИХ дахь Ардчилсан нам, Нийслэлийн нам, Үндэсний бодлогын хороо, дунд шатны намд танилцуулах үйл ажиллагаа амралтын өдрүүдээс эхэлнэ. Уг төслөөр бол намын даргыг хоёр үе шаттайгаар сонгодог байхаар болсон.

-Нэгдүгээрт, Үндэсний бодлогын хорооны хурлаараа нэр дэвшсэн хүмүүсээ хэлэлцээд хамгийн их дэмжлэг авсан хоёрыг нь намын Их хурал руу сонгоод оруулах байдлаар төсөлд тусгасан. Гэхдээ дүрмийг эцэслэн батлах эрх нь намын Их хурлын гишүүдэд бий шүү дээ. Тиймээс би төсөл гэж ярьж байгаа юм. Тэгэхээр намын даргад бүртгүүлсэн хүмүүс эхэлж Үндэсний бодлогын хорооны хурлаар орж өрсөлдөнө. Ингээд хамгийн өндөр санал авсан хоёр хүн нь намын Их хурал руу орно. Намын Их хурлаас олонхийн санал авсан хүн нь сонгогддог байдал руу орно. Төслийг ингэж боловсруулсан нь учиртай өөрөөр хэлбэл тодорхой фильтртэй байя, намын дарга болох хүн нь Их хурлын гишүүдийнхээ 50+1 шийдвэрээр сонгогддог байя гэж байгаа юм. Манай өмнөх дарга нийт гишүүдийн 29 хувийн саналыг авч сонгогдож байсан. Тэгэхээр энэ удаа босгыг нь арай өндөрсгөж байна гэсэн үг.

-Эхлээд дүрмийн өөрчлөлт дэмжигдвэл Улсын дээд шүүхэд бүртгүүлж дараа нь дахин Их хурал зарлан шинэ даргаа сонгох юм байна гэж ойлголоо. Нийт хэдэн хүн намын даргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн бэ?   

-Тийм. Нийт 10 орчим хүн бүртгүүлсэн. Ер нь шинэчлэн батлагдах дүрмээр Ардчилсан намын даргад нэр дэвших хүмүүст маань тодорхой шаардлагууд тавигдана. Тэр нь тийм айхтар шаардлага биш. Тодорхой шаардлагуудыг хангасан хүмүүс нэрээ дэвшүүлж бүртгүүлээд ҮБХ-ны хурал, намын Их хуралд орно.

-Шаардлагад нийцсэн хүн гэдэг нь ямар хүн байх уу. Ер нь намын дараагийн даргыг ямар хүн байгаасай гэж та хүсч байгаа вэ?

-Залуу, эрч хүчтэй, зөв энэ том айлыг удирдах гаргалгаатай, туршлагатай хүн байгаасай гэж хүсч байна. Сөрөг хүчнийг удирдаж эрх баригч намыг шүүмжилж ажиллаж чадах хүн байгаасай гэж бодож байна. Дангаараа шийдвэр гаргадаг биш хамтын саналыг хүндэтгэдэг хагаралдуулдаг биш эвлүүлдэг ялалтад хүргэж чадах хүн байгаасай гэж бодож байна.

-Ер нь 2017 оноос өмнөх дүрмээ л сэргээх гэж байгаа юм байна ойлголоо. Ингэснээр фракцууд идэвхжиж эхлэх байх. Хуучных шиг фракцууд хүчтэй байх нь босоо удирдлагатай байхаас давуу талтай гэж үзэх хүмүүс байдаг. Энэ тал дээр та ямар байр, суурийг илэрхийлэх вэ?

-Фракцыг үгүй болгох нь утгагүй юм. Хоёр түүнээс дээш хүн бий бол нэгдэл гэж үзнэ шүү дээ. Өөрсдөө фракцийн асуудлаар санал гаргаж хэлэлцүүлж болно. Хэлэлцээд олонх нь юу гэж шийднэ түүндээ хүндэтгэлтэй хандана. Энэ зарчмаараа л явна. Бараг имиж болтлоо явсан зүйл бол бидний дотроо хагарч, эвдэрдэг асуудал. Үүнийг одоо больж эв нэгдлийг хангаж ажиллая гэж байгаа юм. Эв нэгдлийн ард ялалт ирдэг гэдгийг орон нутгийн сонгуулийн зарим дүн тод харууллаа. Өмнө нь янз бүрийн байдлаар намаасаа гарсан, хөөгдсөн, өөр намаас нэр дэвшсэн, бие даасан гэх  мэт олон хүн бий. Энэ хүмүүс маань буцаад намдаа ир нийлж ажиллая гэдэг зарчим руу орсон. Нэлээн олон хүнийг ч авсан.

-Та намын даргад өрсөлдөх үү ДАХИН АСУУЯ?

-Ардчилсан нам УИХ-ын сонгуульд ялагдсан тохиолдолд нам удирдаж байсан удирдлагууд намын дараагийн даргад өрсөлдөх эрхгүй. Дүрмийн заалтаар боломжгүй.

-Өөр намаас, эсвэл бие даан нэр дэвшсэн хүмүүс АН-ын даргын сонгуульд нэр дэвших эрхгүй юү?

-Тийм. Энэ нь хариуцлагатай болгох, ёс зүйтэй байлгах үүднээс оруулсан заалт юм. Гэхдээ эргээд ярилцаж болох л асуудал. Нэгэнт дүрмээ шинэчилье гэдэг шийдвэр гарсан учраас заримыг нь хатуу, нөгөөг нь хүчингүй болгоё, сулруулъя гэх зэрэг санал гарах л байх.

-НИЙ НУУГҮЙ ХЭЛЭХ ҮҮ. ЯЛАГДЛЫН ДАРАА
НАМ УДИРДАХ ХҮНД БАЙЛАА-

-Танай нам дүрэмдээ өөрчлөлт оруулж, даргаа сонгох нь. Ингээд ч энэ нам шинэчлэгдэх үү гэдэг асуулт бий. Та бүхэнд намаа шинэчлэх ямар төлөвлөгөө байна?

-Би өөртэй тань санал нэг байна. Шинэчлэл гэж ярих шаардлагагүй болсон. Манайх шинэчилье, шинэчилнэ л гээд яваад байсан шинэчлэгдээгүй. Шинэчлэгдэх хөдөлгөөн ч өрнөсөн шинэчлэгддэггүй. Харин одоо бид эрс өөрчлөлт хийе гэж байгаа юм.

Тодруулбал, удирдаж буй хүмүүс хэдэн зарчим дээр санал нэгдэж ажиллая гэж байгаа юм. Удирдаж буй хүмүүс өөрсдөө дүрмээ барьдаг, шударга, зөв баймаар байна. Намын удирдлагууд нь буруу явбал ямар ч гоё дүрэм байгаад амьдралд хэрэгжихгүй. Зарчимдаа нэг хүн шийддэг бус хамтаараа шийддэг байя. Өөрөөр хэлбэл, хамтын удирдлагын тогтолцоондоо шилжиж хамтарч асуудлыг шийдэж саналаа хураагаад олонх болсон талынхаа бодлогыг бариад явъя, хариуцлагыг ч хамт үүрье гэж байгаа юм.

Мөн намын удирдлагууд намынхаа, гишүүдийнхээ төлөө ажилладаг ёс зүйтэй дүрмээ барьдаг хүн байя. Бид ирээдүйгээ маш өөдрөгөөр харж байгаа. Сая бид хоёр сонгууль дараалан ялагдал хүлээлээ. Ний нуугүй хэлэхэд эдгээр ялагдлын дараа намыг удирдах хүнд байлаа. Гэхдээ бид улс төрийн том хүчний хувьд хөл дээрээ босч цааш алхах ёстой. Энэ эхний алхмаа орон нутгийн сонгууль гэж харж байсан. Орон нутгийн сонгуульд бид найман аймаг, нэг дүүрэгт олонхийн санал авч чадсан. Энэ үр дүн бол хэрвээ бид нар зөв ажиллаж чадвал ардчиллыг, Ардчилсан намыг дэмждэг масс байгаа юм байна гэдгийг илтгэж буй. Харин яагаад санал өгөөгүй вэ гэхээр бид нарыг буруу байна, алдаагаа зас, эрс өөрчлөлт хий гэж л байгаа юм. Тэгэхээр бид энэ саналыг зөвөөр хүлээж аван хамтын шийдвэртэй, зөв бодлоготой явбал дэмжих масс байна. Дундговь, Говь-Алтай аймагт анх удаа олонх болж үзлээ. Тэгэхээр цаашид бид нарын хэр зөв ажиллахаас шалтгаална.

Бидний дараагийн зорилго 2024 оны сонгууль, төгс ялалт байгуулахын төлөө намынхаа дотоод бүх ажлыг эмхлэх, цэгцлэх рүү орно. Дээрээс нь бид нар өөрчлөлт, шинэчлэлтийнхээ амин сүнсийг бусад улс орноос хуулбарлах биш Монголынхоо онцлогийг тусгаж эндээ тохирсон дүрэм, зорилготой байя гэж бодож байна.

Нэг дарга нь гарахаараа л намаа гудамжинд гаргадаг нөгөөдүүл нь орох байргүй үлддэг гэх шүүмжлэл хүмүүсийн дунд бий. Тэгэхээр институц болох бодлогоор ажиллая, тодорхойгүй байдлаар явж болохгүй. Нам ялагдсан бол дарга нь хавтсаа аваад гардаг. Дараагийн дарга нь нэг өдөр ч алдахгүйгээр ажлаа үргэлжлүүлээд явдаг байдлаар төлөвших шаардлага бий. Хамгийн чухал зүйл бол боловсон хүчний шинэчлэл буюу залуу үеэ дэмжихэд анхаарна. Нийгэмд шинэ, залуу үеийг хүлээх хүлээлт бий. Тэгэхээр энэ асуудалд Ардчилсан нам голлон чиглэж залуучуудаа дэмжинэ.

-БАЙРГҮЙ, ТЕЛЕВИЗҮҮДЭД НЭЛЭЭН ӨРТЭЙ, ЖААХАН
ЭД ХОГШИЛТОЙ НАМ ХҮЛЭЭЖ АВСАН-

-Өмнөх дарга С.Эрдэнэ босоо удирдлагаар намаа удирддаг дээрээс нь намынхнаа байргүй үлдээсэн гэх ойлголтыг та хэлээд байна уу. Ер нь та ямар нам хүлээж авсан юм бэ?

-Яг үнэнийг хэлэхэд, байргүй, телевизүүдэд нэлээн их өртэй, жаахан эд хогшилтой нам хүлээж авсан. Үүнээс хойш өрөө дарж, намын дотоод ажлаа явуулахын зэрэгцээ орон нутгийн сонгуульд оролцсон. Одоо намын Их хурлаа хуралдуулах гэх мэт давааны цаана даваа гэдэг шиг шил дараалсан ажлуудыг хийгээд явж байна. Үүрэг гүйцэтгэж буй хүний үүрэг гэж л ажлаа хийдэг. Ер нь намын дарга эрхээ эдэлнэ үүргээ ч хүлээдэг болгох асуудлыг ярьж байгаа. Гэхдээ хяналттай, хамтын шийдвэрээр ажиллана. Удирдах зөвлөлийн хэмжээнд олуулаа ярилцаж шийдвэрээ гаргадаг байя гэж байгаа юм. Тэгэхгүй бол нэг хүний гарт бүх эрх мэдэл төвлөрүүлэхээр алдаа гаргавал маш том алдаа гаргах эрсдэлтэй байна.

-Та дээр залуусаа дэмжинэ гэлээ. Намын Их хурлаар Үндэсний бодлогын хорооны гишүүдийг цөөлөх эсвэл нэмэгдүүлэх залуус, эмэгтэйчүүдийн квотыг нэмэх, дотоод сонгуулийн хороонд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэх үү?

-Бүгд яригдана. Дүрэм дотор энэ бүх асуудал багтдаг. Дүүрэг, аймгийн намын хороонд бид тухайн Засаг захиргааны нэгжийн Иргэдийн хурлын тоог үржих нь дөрөв гэж заасан. Үүнийг хумих бодолтой байгаа. Үндэсний бодлогын хорооны ажлын хэсэг дээр санал зөрсөн байдалтай байна. Зарим нь цөөлөх эсвэл хэвээр нь байлгая бүр эмэгтэйчүүд, залуусыг оруулъя гэх  мэтээр ярьж байна. Бүр салбар, салбарын сайн төлөөллийг мандатаар оруулдаг байя гэсэн саналууд явж байна. Энэ саналын түвшидээ яваад энэ сарын 16-нд эцэслэгдэнэ.

-Гишүүдээ гомдоох вий?

-Том шийдвэр учраас гомдолтой үлдэх хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ олонхийн саналаар шийдэх учраас ойлгох болов уу. Эв, эеийг хичээж л ажиллана.

-Намын байрын асуудал хэр шийдэгдэж байгаа вэ. Л.Болд гишүүн асаны эзэмшлийн “Бодь” таурт очсоныг шүүмжлэх хүмүүс олон байгаа шүү дээ. Түүнийг дахин АН-д ирэх нь гэх мэтээр?

-Сээмхий ч гэсэн гэр минь гэж. Тэгэхээр гэр оронтой байх ёстой. Төв, нийслэлийн, дүүргүүдийн, аймаг сумдын намын аль ч өөрийн гэсэн байртай бол гэрчилгээг нь аваад төв нам дээрээ хадгална гэж үзэж байгаа. Хэн нэгэн хүн түүнийг дураараа захиран зарцуулж үгүй хийдэг байдал арилна. Бид байргүй учраас түрээсийн байранд байна. Байрны асуудлаараа нэлээн судалгаа хийсэн. Ингээд явахад хотын төвд манай намыг оруулж тугийг маань байшингийнхаа оройд байрлуулах нэг ч байр алга. Бид нарт олдсон нь Бодь таур. Тэгэхээр нэг хүнтэй холбохоос илүү өөрөөр харах ёстой юм. Мөн бид Худалдаа хөгжлийн банктай байрны асуудлаар шүүхийн маргаантай яваа. Тэр асуудлаа удахгүй шийднэ.

-Яармагт нэг газар бий гэдэг?

-Тэрийг мэдэх зүйл алга.

-Орон нутгийн сонгуульд ялсан аймгуудад ямар бодлого хэрэгжүүлж ажиллах вэ?

-Ялсан аймгуудад маш сайн харилцаатай ажиллаж байгаа. Зарим аймгуудад ардчилал ялж, хөгжсөн аймгууд олон. Тухайлбал, Сүхбаатар аймаг хамгийн тод жишээ. Мөн Өмнөговь, Ховд аймагт Ардчилсан нам засаглаж байх үедээ хийсэн бүтээсэн ажил ихтэй. Тэгэхээр энэ аймгуудын жишгээр ажиллана. Засаг дарга нар дарга хийлгүйгээр аймагтаа тулгамдсан асуудлыг нэн тэргүүнд олж харах, хүлээж авч буй аймагтайгаа танилцах, дутуу болон болж буй асуудлаа олж хараад дараа нь сумдаар явж  нөхцөл байдалтайгаа танилцахыг үүрэгдсэн. Ингээд дахин бүгдээрээ ярилцаж байгаад сайн жишгийнхээ дагуу шууд бүтээн байгуулалт, хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө нэг үзүүрт сэтгэлээр явъя гэдэг яриаг урьдчилсан байдлаар яриад байна. Шууд ажил руу гаа орно. Ингэхдээ ямар нэгэн алдаа гаргахгүй, бодлогоо зангидаж явна гэдгийг л хэлж чадах байх.

Эх сурвалж: isee.mn