© Ардчилсан нам. 2011-2024
2020/11/07 / Үйл явдал

Т.Батцогт: Үндсэн хууль зөрчсөн ашиг сонирхлын зөрчилтэй төсөв баталсан Ерөнхий сайдыг шүүхэд өгнө


НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой төсвийн хүрээн дэх асуудлаар ярилцлаа.

 -Ирэх жилийн төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Эдийн засгийн амаргүй сорилт, бэрхшээл манай улсын өмнө тулгарч болзошгүй байгаа. Мөн төсвийн хэтийдсэн алдагдал эдийн засаг тэлэх боломжийг хумьж байгаатай та санал нийлэх үү?

-Манай улсын нийт төсвийн төсөл 12 их наяд төгрөгөөр төсөөлөн хэлэлцүүлж байна. Үүнээс 2,3 их наяд нь хаанаас орж ирэх нь тодорхойгүй байна. Энэ жилийн төсвийн төсөөллийг харахад шинэ хуулиараа Засгийн газар илүү хүчтэй болсон байна. Үндсэн хуулиар бол УИХ-ын гишүүд төсөвт нөлөөлөх боломжгүй болсон гэж байгаа боловч ялгаагүй 76 тойрогт жижиглэн хуваасан аж ахуйн шинж чанартай төсөв болсон байна.

-Жишээлбэл?

-Ганцхан жишээ хэлье. Хэнтий аймаг буюу Ерөнхий сайдын сонгогдсон тойрог. 74 мянган хүн амтай. Харин Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Нийслэл Улаанбаатар хот 1,5 сая хүн амтай. Гэтэл энэ жилийн Нийслэлийн хөрөнгө оруулалт, Хэнтий аймгийн хөрөнгө оруулалтыг харьцуулахад Нийслэлийн хөрөнгө оруулалт 240 тэрбум төгрөг тавигдсан байхад Хэнтий аймгийн хөрөнгө оруулалтад 123 тэрбум төгрөг төсөвлөсөн байх жишээтэй. Наад зах нь хүн амын тоо, суурьшил, улсын төсөвт төвлөрүүлж байгаа төсөв зэргийг харьцуулж шийдвэр гаргах ёстой. Хэнтий аймаг улсын төсөвт нэг ч төгрөгийн төсөв төвлөрүүлдэггүй. Харин ч эсрэгээрээ татаас авдаг аймаг. Монгол улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд 17 сайд ажиллаж байна. Сайдуудын багц болгон дээр Ерөнхий сайд маань өөрийн сонгогдсон Хэнтий аймагтаа хөрөнгө оруулалт нэрээр төсвүүдийг тавьсан байна. Гэтэл Ерөнхий сайдын өөрийн багцад байгаа 186 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дангаараа шийдэх эрх мэдэлтэй. Түүнээс 31 тэрбумыг зөвхөн хөрөнгө оруулалт нэрээр зарцуулахаар болсон. Ийм төсвийн төсөл л  өнөөдөр хэлэлцэгдэж байна.

-Төсвийн зардал, төлөвлөлтийг ямар ч системгүй хийж байна гэсэн үг үү. Зөвхөн даргын сонгогдсон тойрогт үргүй зардал тавьж байна гэж та хэлэх гээд байна уу?

-Төсвийн орлогыг нэг сая 200 мянган татвар төлөгч иргэд болон 90 мянган аж ахуйн нэгж байгууллага бүрдүүлдэг. Эдгээрээс цуглуулсан орлогыг тэдэнд огт хамааралгүйгээр зарцуулж болохгүй. Монгол Улс нэгдсэн нэг л төсөвтэй. Яамд, аймаг, нийслэл, сум, дүүргээр хуваагдаад хөрөнгө оруулалт, урсгал зардал, цалин мөнгө нь хувиарлагдаад явдаг. Гэтэл төсвийг бүрдүүлж байгаа хувилбарыг бодох ёстой. Ганцхан Ерөнхий сайд өөрийн эрх мэдлээр далайлгаж, ашиг сонирхол үүсгэж, Үндсэн хуулиар олгосон тэгш эрхээ эдлэх эрхийг зөрчин шударга бус байдал гаргаж болохгүй. Өөрөөр хэлвэл, би сард 800 мянган төгрөгний цалингаасаа 200 мянган төгрөгийг улсад татвар болгон төлдөг. Энэ татварын мөнгийг  улс тэгш зөв хувиарлан улс эх орноо хөгжүүлэх, ард иргэдээ сайхан амьдруулахын тулд зарцуулах ёстой байтал эсрэгээрээ зөвхөн өөрийн сонгогдсон тойрог болох  Хэнтий аймагтаа хөрөнгө оруулалт нэрээр хувиарласан нь амин хувиа хичээсэн төсөв болсон байна.

Таны хэлсэнчлэн төсвийн төлөвлөлтийг ямар ч систем,  тооцоо судалгаан дээр үндэслэж хийгээгүй гэж хардаж байна, би. Тухайлбал, Хэнтий аймаг нь Монгол Улсын төсөвт мөнгө төвлөрүүлдэг аймаг бол биш гэж хэлсэн. Харин Улаанбаатар хот Монгол Улсын төсөвт нийслэлийн татвар төлөгч иргэний татвараас 420 тэрбум төгрөгийг нэмж төвлөрүүлдэг. Энэ мөнгөнөөс эргүүлээд Хэнтий аймагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн халуун хүйтэн ус, цахилгаан, цалингийн мөнгө урсгалд зардалд 11,6 тэрбум төгрөгийг өгч байна. Нэмээд зөвхөн тухайн орон нутгийн дарга нарын эрх мэдэлд улсаас 9,5 тэрбум төгрөг өгдөг. Ингээд Ерөнхий сайд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд 123 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төвлөрүүлээд хийсэн. Ерөөсөө л Хэнтий аймгийн урсгал зардлыг Улаанбаатар хотын татвар төлөгчдийн мөнгөөр хийлгэчхэж байгаа юм.

-Хэрэгцээ шаардлага төдийлөн их бус,  тэвчиж болох зардлуудын талаар?

-Хэрэгцээгүй маш олон хөрөнгө оруулалтууд байна. Жишээлбэл, Хэнтий аймагт 80 гаруй тэрбум төгрөг байх жишээтэй.

 -Та Баянзүрх дүүргээс нийслэлд сонгогдсон төлөөлөгч. Танай дүүргийн хувьд зайлшгүй хөрөнгө оруулах шаардлагатай байгаа ажлууд хэр байна вэ?

-Манай дүүрэг бол нийслэлийн хамгийн олон хүн амтай, хамгийн том дүүрэг. Гэтэл өнөөдрийг хүртэл манай дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хүртээмж муу хэвээр л байна. Энэ жилийн төсөвт сургуулийн барилга, цэцэрлэгийн барилгад 50,50 сая төгрөг тавьсан байх жишээний. Харин эсрэгээрээ Нийслэлийн дарга нар өөрсдөдөө зориулсан ордноо 97 тэрбум төгрөгөөр жилийн дотор л бариулчхаж байгаа юм. Баянзүрхэд шинэ сургууль, цэцэрлэг барихад 50 сая төгрөг төсөвлөдөг бол Хэнтий аймгийн Хэрлэн суманд бол нэг тэрбум 270 сая төгрөг байх жишээтэй.  Уг нь манай дүүргээс УИХ-д таван гишүүн МАН-аас сонгогдсон, тэд маань Улсын төсөвдөө онцгой анхаарч хэрэгцээтэй байгаа хөрөнгө оруулалт шаардлагатай төсөв мөнгийг тавиулаад явах ёстой. Даанч тийм төсөв харагдахгүй байна.

-Улсын төсвийн ил тод байдал байхгүйгээс энэ удаагийн төсөв өнгөлөн далдлалт хийсэн байдалтайгаар батлагдах нь гэж та харж байгаа юм байна. Тэгвэл та бүхний, НИТХ-ын АН-ын бүлгийн зүгээс ямар байр суурьтай бол?

-Нийслэлийн хүн амын нягтаршил, төвлөрөл үүнийг дагаад бий болж буй хөрсний бохирдол бүхэл бүтэн Үндэсний аюулгүй байдалд нөлөөлхүйц нөхцөл байдал үүссэн байгаа газар дээр хөрөнгө оруулалтаа эрэмбэлж оруулах ёстой. Дарга дагасан төсөв битгий хийгээч ээ гэж эрх барьж байгаа намынханд хэлмээр байна. Монгол Улсын Ерөнхий сайд  гэдэг бол нийт ард иргэд 21 аймаг, 9 дүүрэг 3 сая гаруй иргэнийхээ эдийн засаг, нийгмийн аюулгүй байдлын төлөө бодож сэтгэж, ажиллах ёстой байтал өнөөдөр зөвхөн нэг аймагт дахин сонгогдохын тулд хувиа хичээж, дэндүү аминчхан сэтгэлээр хандаж байгаад харамсч байна. Хүнээ бодоогүй, бодлогогүй, зөвхөн нэг аймагт зориулагдсан төсөв байгаа учраас бид бүхэн Үндсэн хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтөй төсвийг шүүхэд өгөх болно.