© Ардчилсан нам. 2011-2024
2020/11/08 / Үйл явдал

АНУ: АРДЧИЛСАН НАМЫН НЭР ДЭВШИГЧ ЖО БАЙДЕН ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА


Тус мужийн 20 төлөөлөгчийн саналаас гадна Невада мужийн 6 төлөөлөгчийн санал нэмэгдсэнээр Байден нийт 279 саналтай болсныг CNN, BBC агентлагууд зарлаад байна. Associated Press, NBC, New York Times, Washington Post зэрэг гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч бас Байдены цуглуулсан саналын тоо 270-ын босгыг давсан тухай мэдээлсэн юм.

Харин одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Мэйн мужаас нэг санал нэмж, нийт 214 саналтай болжээ. АНУ-ын 50 мужаас зөвхөн Небраска, Мэйн хоёр муж төлөөлөгчдийн саналаа хоёр өрсөлдөгчид пропорцын дагуу хувааж өгдөг уламжлалтай юм.

Жо Байден өнөөдрийн байдлаар 74 сая гаруй сонгогчийн саналыг аваад байгаа нь АНУ-ын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Өмнөх дээд амжилтыг 2008 онд Барак Обама тогтоож байсан юм.

Энэ удаагийн сонгуулиар Байден өмнөх сонгуульд Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч ялж байсан Уисконсин, Мичиган, Пенсильвани мужуудыг өөртөө эргүүлж чадсан байна.

Жо Байден нь АНУ-ын түүхэнд өмнөх ерөнхийлөгчтэй өрсөлдөөд ялж чадсан 11 дэх хүн болж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд анх өрсөлдөж байснаасаа хойш 32 жилийн дараа, анх сенатын гишүүн болсноосоо хойш 48 жилийн дараа тэр АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настайдаа ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хүн болох гэж байгаа.

Байдены дэд ерөнхийлөгчөөрөө сонгосон Камала Харрис АНУ-ын түүхэнд анхны эмэгтэй, анхны Африк гаралтай, анхны Ази гаралтай дэд ерөнхийлөгч болж байна.

АНУ-ын холбоотон орнууд болох Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Германы канцлерь Ангела Меркель нар шинэ ерөнхийлөгчид баяр хүргээд байна.

Энэ удаагийн сонгуулийг ажиглагчид, судлаачид АНУ-ын түүхийн хамгийн хүнд, эгзэгтэй үед болсон сонгуулиудын нэг гэж үзэж байгаа. Тэд 2020 оны сонгуулийг 1860-аад оны иргэний дайны үеийн, 1930-аад оны их хямралын үеийн сонгуулиудтай харьцуулж байна.

Жо Байденыг хамгийн түрүүнд коронавирусийн цар тахалтай тэмцэх, үзэл бодол, арьс өнгөөрөө хуваагдсан америкчуудыг нэгтгэж, нийгмийг тогтворжуулах чухал зорилтууд хүлээж байгаа юм.Ийнхүү АНУ-д Ардчилал ялж, Америкчууд Жо Байденыг 46 дахь ерөнхийлөгчөөрөө сонголоо.