© Ардчилсан нам. 2011-2024
2020/12/04 / Үйл явдал

Нийслэлийн төсвөөс 36 тэрбумыг хэмнэх боломжтой гэж АН-ын бүлэг үзлээ


НИТХ-ын ээлжит II хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өргөн барьсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төсөл, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөл, Нийслэлийн 2021 оны төсөв, Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай төслүүдийг хэлэлцэж байна.

Нийслэлчүүд ирэх жилд нэг тэрбум гаруй төгрөгөөр аз жаргалын индексээ тодорхойлуулна. Гэтэл түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлт, ковидын эсрэг авах арга хэмжээ болон жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлд хотын удирдлагууд сэтгэл гаргахгүй байгаад НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Учир нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өргөн барьсан нийслэлийн төсвийн нийт орлого 2016 онд 553.8 тэрбум байсан бол жил бүр өссөөр 2021 оны төсөвт 1 их наяд 107.7 тэрбум төгрөг болж хоёр дахин нэмэгджээ. Гэвч дэлхий нийтийг хамарсан Коронавируст (Ковид-19) цар тахлаас үүдэн эдийн засаг, нийгмийн амьдралд хүндрэл үүсч, нийслэлчүүд бүсээ чангалж байгаа энэ үед төсвийн зардлыг бууруулах, хэмнэх тодорхой саналуудыг тусгаагүй, төрийн данхгар бүтцийг хэвээр хадгалсан байдалтай байгаа юм.

Иймд НИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс нийслэлийн төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед нийслэлийн Засаг даргыг зургаан орлогч болон харьяа агентлаг, хэлтэс, нэгж, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дарга нарыг цөөлөн тэдний хангамж, бараа материалын зардал, эд хогшил, урсгал засварын зардлыг хэмнэх боломжтой гэж үзлээ. Мөн 2021 онд төсөвт тусгасан гадаад томилолт, зочид төлөөлөгч хүлээж авах зардал, бараа үйлчилгээний бусад зардлуудыг хэмнэх буюу Нийслэлийн төсвийн урсгал зардлыг 10 хувь бууруулах замаар нийт 36 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах боломжтой байгааг сануулав.

Жижиг дунд бизнес эрхлэгч нарт ковидын үеийн санхүүгийн хүндрэлээс гарахад нь дэмжлэг үзүүлэхэд хэмнэсэн 20 тэрбум төгрөгөөр хөтөлбөр хэрэгжүүлэх, гэр хорооллын амьдрах орчныг сайжруулах төсөл, арга хэмжээнд үлдсэн 10 тэрбум төгрөгийг зарцуулах боломжтой гэж үзлээ. Харин зургаан тэрбум төгрөгөөр хүү, торгуулийн орлогын төлөвлөгөөг бууруулах саналтай байгаагаа НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид илэрхийлээд байна.