© Ардчилсан нам. 2011-2024
2020/12/07 / Үйл явдал

Ардчилсан намын шинэчилсэн дүрмийн төслийг намын удирдлагуудад гардууллаа


Өнөөдөр Ардчилсан намын дүрмийг боловсруулах ажлын хэсгийнхэн тус намын удирдлагад шинэчлэн боловсруулсан дүрмийн төслөө гардууллаа.

УИХ-ын сонгуулийн дараа буюу 2020 оны наймдугаар сарын 13-ны өдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос намын дүрмийг шинэчлэх ажлын хэсгийг нийт 44 бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Тус ажлын хэсэг дөрвөн сарын турш шинэчилсэн дүрмийн төсөлд дээр ажиллаж, дөрвөн бүсийн чуулган болон онлайн уулзалтуудаар намын гишүүд, дэмжигчдээсээ олон дахин санал авсны үндсэн дээр тус дүрмийн төслөө боловсруулсан байна.

Ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл шинэчлэн боловсруулсан дүрмийн төслөө АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, ХЭГ-ын дарга П.Нүрзэд нарт гардуулах үеэрээ “Бид дөрвөн сарын хугацаанд 44 хүний бүрэлдэхүүнтэйгээр гишүүд, дэмжигчдийнхээ саналыг аван, нээлттэй хэлэлцүүлэн шинэчилсэн дүрмийн төслийг боловсрууллаа. Өнөөдөр намынхаа удирдлагуудад өргөн барьж байна. Тус дүрмийн төслийг их хурлаар хэлэлцүүлж өгнө үү” хэмээсэн юм.

Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан “Бид намын их хурлаа дүрэмдээ заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 16-нд хийхээр товлон зарлаж хийхээр байсан боловч улс оронд онцгой нөхцөл байдал үүсэж, цар тахлын хөл хорио тогтсоны улмаас хойшлуулаад байна. Боломжит цаг хугацаанд удахгүй намынхаа их хурлыг хийх болно. Та бүхний олон сарын турш ажиллаж, намынхаа олон мянган гишүүдээр хэлэлцүүлж, боловсруулсан шинэчилсэн дүрмийн төслийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Ажлын хэсгийнхэндээ баярлалаа” гэсэн юм.