© Ардчилсан нам. 2011-2024
2020/12/13 / Байр суурь

Т.Батцогт: АН-ын намын шинэчлэл нь зөвхөн намын удирдлагын шинэчлэл биш харин нийт гишүүд, дэмжигчдийг хамруулсан, тэдний оролцоог хангасан шинэчлэл байх ёстой


АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ 30 ЖИЛИЙН ТЭМЦЭЛ ЗҮТГЭЛД МАНАЙ НАМЫН АХМАДУУД АР ГЭР, ХУВИЙН АМЬДРАЛАА МАРТАН ЭРХ БАРИГЧ МАН-ЫН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАРТ АД ҮЗЭГДЭЖ ХАВЧИН БООГДСОН Ч ТЭДНИЙ ЭСРЭГ ТЭМЦЭЖ ИРСЭН БИЛЭЭ.

Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ болон манай улсын нийт хүн амын талаас илүү нь ажиллаж амьдардаг нийслэлийн ИТХурлын 2016, 2020 оны сонгуулиудад дараалан үнэмлэхүй ялагдал хүлээн АН-ын цаашдын үйл ажиллагаа ямар төвшинд хэрхэн өрнөх талаар иргэд маань маш их сонирхож санаа тавьж анхаарлаа хандуулж байна.

Энэ нь АН-д иргэн, ард түмний итгэл буураагүй харин ч илүү хариуцлагатай, илүү зоригтой, зөв шийдэл хийхийг манай нам, намын гишүүдээс хүсэж, хүлээж, шаардаж байна гэж ойлгож байгаа.

Манай улс өмнө нь ЗХУ-ын коммунист намын тушаал, зааврыг үг дуугүй даган биелүүлдэг, коммунист дэглэмийн салшгүй нэг хэсэг нь байсан. Улс орноо соёлт хүн төрөлхтний хөгжлийн замд оруулах, жинхэнэ утгаар нь тусгаар тогтносон улс болгох, иргэдээ хэнээс ч хараат бус эрх чөлөөтэй, хувийн өмчтэй хувь хүн болгохын төлөөх 30 жилийн тэмцэл зүтгэлд манай намын ахмадууд ар гэр, хувийн амьдралаа мартан эрх баригч МАН-ын үе үеийн дарга нарт ад үзэгдэж, хавчин боогдсон ч тэдний эсрэг тэмцэж ирсэн билээ. Тэдэнд маань бэлэн жор байхгүй, хэлээд зөвлөөд өгөх, туршлагатай хүн байхгүй чухам л бүхнийг өөрсдийн итгэл, үнэмшил, гал халуун сэтгэл зүрх, зүтгэлээрээ хийсэн. Учир нь нийгмийн нэг тогтолцоо нөгөөд шилжихэд 20-той залуу , 80-тай ахмадад ч адил шинэ зүйл байсан. Өнөөдрийн АН маань туулсан амьдрал нь туршлага болсон ахмадуудтай, тэднийхээ оносон, алдсан 30 жилийн түүхийг үргэлжлүүлэх дунд үеийн бүтээлч гишүүдтэй, шинэ нийгэмд төрсөн коммунизм, социализмыг мэдэж төлөөлөх ч үгүй шинэ үеийн залуучуудтай болсон байна.

Ахмадын туршлага, дунд үеийнхний зүтгэл, залуусын эрч хүч өнөөдрийн АН-д цогцоор цуглан бүрдсэн гэж боддог. Бидэнд ард түмнээ, иргэдийгээ биднийг ойлгохгүй байна, ардчиллаас ухарлаа гэж хэлэх эрх байхгүй юм. Харин ч манай намын бодлого, хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнүүдийн тодорхой хэсэг нь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн эсрэг гэхээр байж Ардчиллын нэр хүнд мөн чанарыг алдагдуулсан тал байгааг шударгаар хүлээх хэрэгтэй.

Тэгэхээр АН-ын намын шинэчлэл нь зөвхөн намын удирдлагын шинэчлэл биш харин нийт гишүүд, дэмжигчдийг хамруулсан, тэдний оролцоог хангасан шинэчлэл байх ёстой бөгөөд энэ 30 жилд бий болсон хувийн өмчтэй, хэнээс ч хамааралгүйгээр хувийн амьдралаа болгоод улс орноо нуруундаа үүрч яваа тэр бүтээлч хүмүүсээ хамгаалсан тэдний сэтгэлгээ, ухаанаас хоцорч биш урд нь тэргүүлж хөгжих замыг нь залах эрх ашгийг нь дээдлэгч нам болох ёстой. Өөрийн үзэл баримтлалдаа тууштай байдаг, нийгмийн хөгжлийг манлайлагч, ямар ч үед ядарсан, эрх нь зөрчигдсөн иргэнийхээ талд хатуу зогсдог Ардчилсан нам болж шинэчлэгдэх ёстой. 

 

НИХ-ын төлөөлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн Т.Батцогт