АН-ын гишүүн С.Буяндэлгэртэй ярилцлаа.
-Коронавирусийн халдварыг дотооддоо алдсантай холбоотойгоор тогтоосон хатуу хөл хорионоос болж АН их хурлаа хойшлуулсан. Их хурал хэзээ болох вэ?
-Үндэсний бодлогын хорооны хурлыг арванхоёрдугаар сарын 17, их хурлыг 19-20-нд зохион байгуулах эхний тов гараад байна. Энэ удаа давагдашгүй хүчин зүйлийн улмаас гишүүд цуглаж, их хурлаа уулзалдаж хийх боломж бүрдэхгүй нь. Цаг хугацаа, нөхцөл байдал, улс орны эрх ашиг, нам гэх улс төрийн институцийн хөгжил дэвшил гээд аль ч талаас нь харсан технологийн дэвшлийг ашиглан цахимаар хуралдаж, намын дүрмээ шинэчилж, эмх цэгцэндээ орох зайлшгүй шаардлага бий. Өвчингүй, цаг сайхан болтол ийм янзаараа ирэх жилийн өдий хүрэх биз.
Энэ хугацаанд Монголын үндэсний хэмжээний хоёрхон намын нэг АН дүрэмгүй явах уу. Үүрэг гүйцэтгэгчтэйгээр ажиллаад байх уу. Хөл хорионы үеэр хүний эрх зөрчигдөж, эдийн засаг сууриараа хүндрэх төлөвтэй болчихлоо. Засгийн газрын ур чадваргүй байдал Монголыг юу руу ч аваачиж мэдэхээр байна шүү дээ. АН богино хугацаанд эмх цэгцтэй болж, сөрөг хүчний байр сууринаас эрх баригч намын явуулж байгаа алдаатай бодлогыг хэлж, шүүмжилж, засаж залруулах нэн шаардлагатай байна. “Ковид-19”-тэй бодитоор нүүр тулсан эрх баригчид иргэний нийгэмд тохирох бодлого боловсруулах чадамжгүй, улс орныг удирдах гранд стратегигүй гэдэг нь ил тод харагдаж байна.
-Намын дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүний хувьд шинэчилсэн хувилбарын гол агуулга, өөрчлөлтийн тухайд юу хэлэх вэ?
-Одоогийн дүрмийг 2017 онд баталсан. УИХ-ын 2016 оны сонгуулийн үнэмлэхүй ялагдлын дараа намын залуучууд шаардаж, манлайлан оролцож, өөрчилсөн дүрэм. Өөрчлөлтийн гол концепц юу байсан бэ гэвэл нам хэт хаалттай, “танхимын улс төр” бүхий, гишүүдээсээ тасарсан, хүний нөөцийн бодлогогүй, үзэл баримтлал бус, тохиролцоонд үйлчилдэг явдлыг халахад чиглэж байсан. Үр дүнд нь намын бүх сонгуульт гишүүн, даргыг гишүүдээсээ сонгодог болсон. Намын гишүүнчлэлийг нээлттэй болгож, цахим бүртгэл бий болгож, бодлого суурьтай нам байх үндсийг бүрдүүлэх үүднээс Бодлогын зөвлөлүүдтэй болсон. Бодлогын зөвлөлүүд нь намын үзэл баримтлалын дагуу салбар бүр баримтлах баримт бичгүүдийг судлах, шинжлэх, боловсруулдаг байх, хамаатан саднаа бус, салбараа мэддэг хүмүүсийг албан тушаалд томилох хүний нөөцтэй байлгахаар зорьсон юм.
Харамсалтай нь, энэ явцад алдаа гарсан юм. Намын VI их хурлаас байгуулсан ажлын хэсэгт багтаж, идэвхтэй ажилласны хувьд үүнд сэтгэл дундуур явсан. Учир нь дүрмийн өөрчлөлтийг батлахаас өмнө намын даргын “сунгаа” болж, С.Эрдэнийг сонгосон. Хувь хүнээс шалтгаалж энэ олон өөрчлөлт, дэвшилт санаанууд орвонгоороо эргэж, цөм нь хэрэгжиж чадаагүй. Шинээр сонгогдсон намын дарга дүрмийн ажлын хэсгээс боловсруулсан хувилбарыг их хурлаар батлагдахын урьд шөнө өөрчилж, дотоод сонгуулийн болон хяналтын байгууллагын гишүүдийг намын дарга санал болгодог байхаар тусгасан. Энэ нь зарчмын хувьд туйлын буруу. Нэг хүнээс хараат байгууллагын зохион байгуулсан сонгуулиар даргын бус хүн сонгогдох ямар ч боломжгүй. Үнэхээр сонгогдоод гараад ирсэн зарим хүнийг хяналтын байгууллага болох Үндсэн дүрмийн хороо ямар нэг шалтаг, шалтгаанаар албанаас нь буулгаж байсан. Бүр цаашлаад дунд шатанд гишүүдээсээ сонгогдчихсон хүнийг даргаар батламжлахгүй байх, хүчээр солих зэрэг үйлдэл хийж, хэд хэдэн аймаг, дүүрэгт хагарал үүсгэсэн. Улмаар намыг хүчгүйдүүлж, 2020 оны сонгуульд ердөө тал нь оролцсон гэхэд болно. Тиймээс ч өнгөрсөн УИХ-ын сонгуульд АН ялагдсан. Одоогийн дүрмээр цааш явж болохгүй.
Энэ оны наймдугаар сард ҮБХ-ны ээлжит хурлаас тогтоол баталж, манай ажлын хэсгийг байгуулсан. Намын сонгуулийн болон хяналтын байгууллагыг намын дарга санал болгож батлуулдаг биш, тухайн бүтцэд ажиллах хүсэлтэй гишүүн өөрөө өөрийгөө нэр дэвшүүлж, хэрхэн, яаж ажиллахаа тайлбарлан ярьж, сонгогддог байх өөрчлөлтийг дүрмийн төсөлд тусгасан. Бодлого суурьтай нам болохын тулд зөвлөлүүд нь тинк танкууд байх, ҮБХ нь тэндээс дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэж, УИХ дахь намын бүлэг, Засгийн газарт хүргэдэг байх зарчим дүрмийн өөрчлөлтөөр амилах боломжтой.
Өнгөрсөн дөрвөн жил манай намыг их хурлаас бусад цагт удирдсан байгууллага нь 21 аймаг, есөн дүүргийн төлөөллөөс бүрдэж байсан нь туйлын буруу. ҮБХ нь нэгэнт улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрэн төлөөлж байхад хамтын удирдлагын дээд байгууллагаа дахиж ийм маягаар бүрдүүлэх шаардлага огт байхгүй.
Энэ удаагийн өөрчлөлтөөр манай намын Улс төрийн зөвлөл ҮБХ-ны гишүүдийн дунд сонгууль явуулахаар болж буй. Чадалтай улстөрчид, ирээдүйн удирдагчид оршин байх, ажиллах маш сайн бүтэц болно гэсэн хүлээлттэй байна.
-Албан бус эх сурвалжийн мэдээгээр намын даргын эрх мэдлийг нэлээд бууруулах зохицуулалт дүрмийн төсөлд бий юм билээ.
-Тийм ээ, таны албан бус эх сурвалж маш сайн юм (инээв). Намын даргын эрх мэдлийг нь бууруулаад, хэн ч биш болгож байгаа юм биш л дээ. Улс төрийн нам бол иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдсэний үндсэн дээр бий болж байгаа хамтын байгууллага. Үүнд хэн нэгэн этгээд эзэн суучихаад, дотоод сонгууль явуулсан ч өөрийн сонгосон хүмүүсээр зохион байгуулуулж, гомдол, санал гарсан ч мөн л “гар, хөлөөрөө” хянуулж, дүрэм мөрдүүлнэ гэвэл энэ нь нам биш, хэн нэгний хувийн компани болно биз дээ. 2016 оны сонгуулийн дараа их хурлаар яагаад тийм байж боломгүй, алдаатай дүрэм батлав. Оролцоо нээлттэй болох нь, намын залуучууд маань идэвхтэй ажиллаж, АН-ыг аваад явах нь, шинэчлэгдэх нь гээд гишүүд алга нижигнүүлэн баталчихсан хэрэг.
-2016 оны сонгуулийн дараа дүрэмд тусгасан өөрчлөлтөөс юу юу нь үлдэж байгаа юм бэ?
-Энд нэг зүйлийг ойлгомжтой болгоё. Цоо шинэ концепцоор, шинээр загварчлаад байгаа юм биш. 2016 онд эхлүүлсэн шинэчлэлийн явцад гарсан алдаануудыг засаж, залруулсан. Мөн дүрэмд санаа нь суусан боловч тухайн үеийн намын удирдлага хийж, хэрэгжүүлж чадаагүй дэвшилт өөрчлөлтүүд биеллээ олох бололцоог бий болгохыг зорьсон.
-Эдийн засагч хүний хувьд цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа төр, засгийн бодлогын тухайд байр сууриа хуваалцахгүй юу?
-Манай улсын Засгийн газрын чадваргүй байдлын үр дүнд бид эрүүл мэндийн хөл хорионоос одоо эдийн засгийн хөл хорионд орж байна. “Эдийн засаг яах вэ” гэх хүн гарч ирэхгүй байх. Хэрэв тийм зүйл хэлэх хүн гарч ирвэл, аливаа улс орны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авдаг, ингээд болохгүй бол дайны байдалд шилждэг юм гэдгийг сануулъя. “Ковид-19”-ийн дараа дэлхий нийтийн их хөдөлгөөн эхлэхэд манайх бэлэн байгаа юу. АНУ Хятадын тэлэлтийн эсрэг Азиас Энэтхэг, Австрали, Өмнөд Солонгос, Япон гэсэн орнуудыг хамарсан дипломат холбоо үүсгэхээр оролдож байна. Энэ холбоонд манай улс хэрхэн хандах, юу хожих вэ гэдэг талаар бодож байгаа хүн байна уу. Хятад Ази дахь нөлөөллөө хадгалж үлдэх, улам ахиулах үүднээс улс орнуудтай гадаад харилцаагаа улам өргөжүүлж байна. Энэ гадаад бодлогод нь манай улс яаж хандахаар байгаа вэ. Манай улсын эдийн засаг дэндүү жижигхэн. Ийм жижигхэн эдийн засгийг 10 дахин томруулахаар зорино гэвэл гадагшаагаа ухаалаг бодлого явуулах, шууд хөрөнгө оруулалтыг маш ихээр татах, дотогш эрүүл мэнд, боловсролдоо хөрөнгө оруулалт хийхээс өөр замгүй.
Улс орны гранд стратегийн талаар хөндсөн шалтгаан нь 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх хэмжээ эрс нэмэгдсэнтэй холбоотой. Одоогийн Ерөнхий сайд ямар ч бодлогыг түлхэж чадах, урт болон дунд хугацаанд улс эх орондоо хэрэгтэй санаачилга дэвшүүлж, төлөвлөж, манлайлж, хэрэгжүүлж болохоор хүчтэй байгаа гэсэн үг. Ийм хүчтэй Ерөнхий сайдтай Засгийн газар, үнэмлэхүй олонх байж эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа асуудалдаа шийдэл олж чадахгүй, бүх зүйлийг тодорхойгүй болгож байгаа нь харамсалтай. Бодит хүндрэл, өндөр эрсдэл бүхий нөхцөл байдалтай тулгарч, цогц бодлого төлөвлөж, шуурхай удирдлагаар хангаж чадахгүй байна. Засгийн газар, халдварын тархалтын нөхцөл байдалд яаралтай зэрэг тогтоох шаардлагатай. Тухайлбал, тавдугаар зэргийн нөхцөл байдлын үед иргэд амны хаалтаа байнга зүүж, гараа тогтмол ариутгаж, бүх үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Нэгдүгээр зэргийн нөхцөл байдал үүссэн үед иргэд амны хаалтаа байнга зүүж, гараа тогтмол ариутгаж, эрүүл мэндийн болон хүнсний үйлчилгээ авахаас бусад нөхцөлд гэртээ байна гэх мэтээр хөл хориондоо зэрэглэл тогтоож, шилжүүлэн, ямар хугацаанд үргэлжлэх вэ гэх зэргээр тодорхой, ойлгомжтой болгох хэрэгтэй байна. Ер нь аливаа асуудлын шийдэлд, түүний хувилбаруудыг гаргах, тэдгээрээс сонгосны дагуу төлөвлөх, үүнийхээ дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэх, хянах гэсэн үндсэн процессыг дамждаг. Манай Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд шийдлийн хувилбарууд гаргасан уу, төлөвлөгөө байсан уу, ямар зохион байгуулалт хийсэн бэ, хэрэгжилтийг нь та бид одоо хараад, дагаад байж буй нь хэр зэрэг үр дүнтэй, хяналт ямар байна вэ. Бүх түвшиндээ хангалтгүй гэж хэлнэ. Ганц л хувилбартай. Тэр нь хааж, хорихтой холбоотой. Одоо төрөөс вакцины талаар маш идэвхтэй ажиллаасай гэж хүсэх л үлдлээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин