1. ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧДИЙН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРҮҮДИЙГ ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НЬ ҮГҮЙСГЭВ
С.Эрдэнэ нь Ардчилсан намыг төлөөлөх эрхгүйг болохыг 2021 оны 1 дүгээр сарын 14, 2 дугаар сарын 26, 4 дүгээр сарын 27-ны өдрүүдэд хуралдсан Улсын Дээд Шүүхийн удаа дараагийн шийдвэрээр тогтоосон байдаг. Тухайлбал хамгийн сүүлд буюу 4 дүгээр сарын 27-ны хурлаар “Улсын дээд шүүхийн цахим сан дахь С.Эрдэнийн бүртгэлийг СЭРГЭЭХ тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай” гэсэн байна. Гэтэл Дээд шүүхийн тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр нь дөрвөн жилийн өмнө 2017 онд анх С.Эрдэнийг бүртгэж байсан явдлыг түүний дараа С.Эрдэнийг бүртгэлээс хассан, сэргээн бүртгэхээс удаа дараа татгалзсан гэх мэт баримтуудаас сугалан авч тодорхойлолт гаргасан нь шүүхийн шийдвэрийг үгүйсгэж өөрөөр тайлбарласан ноцтой гэмт хэрэг болжээ. Мөн ийм тодорхойлолтыг үндэслэл болгосон СЕХ-ны шийдвэр ч хууль бус болж байна.
2. ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭЭС ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ТАМГЫГ УБЕГ ХҮЧИНТЭЙ ГЭВ
С.Эрдэнэ 2020 оны 6-р сард өөрийн биеэр мэдэгдэл хийж хүлээлгэн өгсөн намын тамгаа мөн оны 12-р сард гэнэтхэн гээгдүүлсэн хэмээн зарлаж үгүйсгэж эхэлсэн байдаг. Улмаар 12-р сарын 24-нд УБЕГ-ын байцаагч Д.Чинтулга Ардчилсан намын жинхэнэ тамгыг хүчингүй гэсэн дүгнэлт гаргаж маргааш нь тус газраас С.Эрдэнэд 9020120477 тамга, тэмдгийн хяналтын дугаар буюу шинэ тамга олгосон байдаг.
Эдгээр шийдвэр нь Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчсөн болохыг 2021 оны 2-р сарын 21-ний өдрийн Захиргааны хэргийн шүүх хурлаас тогтоож УБЕГ-ын шийдвэрүүдийг түдгэлзүүлсэн байдаг. Энэ асуудлаар шүүхээс дахиж өөр шийдвэр гаргаагүй. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэд буй намын тамга хүчингүй!
Иймд СЕХ-нд гаргаж өгсөн УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханы тодорхойлолт нь мөн л хууль бус төдийгүй хууль, шүүхийг үгүйсгэн улс төрийн захиалгат явуулга болох нь тодорхой байна.
Мөн С.Эрдэнийн үзүүлсэн намын Гэрчилгээний тэмдэглэгээ бол 2017 онд хийгдсэн бүртгэлийн архив. Түүнээс хойш Эрдэнэ хасагдсан, Туваан бүртгэгдээд хасагдсан, дахиад Эрдэнийг бүртгэхээс татгалзсан гэх мэт олон үйл явдал бүртгэлийн архивт бичигдсэн. Гэтэл мэдээллийн санд орсон эдгээр өөрчлөлтүүдээ авч үзэхгүй, зөвхөн С.Эрдэнэд ашигтай архивын мэдээлэл гаргаж өгсөн байв.