© Ардчилсан нам. 2011-2024
2023/11/24 / Фото мэдээ

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга, УТЗ-ийн гишүүд Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлага хүргүүллээ


Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа, Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Д.Энхтуяа нар Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлагыг хүргүүлж мэдээлэл хийлээ.
 
Сүүлийн жилүүдэд батлан хамгаалах салбар тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчид учир битүүлгээр амь насаа алдах тохиолдол өсөн нэмэгдсээр байгаа нь тус салбарын удирдлага, тогтолцооны асуудал хөндөгдөхөд хүрч байна.
 
Ардчилсан намын дэд дарга Чадраабалын Өнөрбаяр: Батлан хамгаалах салбарт үүсээд буй нөхцөл байдал тогтолцооны асуудлаас эхтэй. Батлан хамгаалах яам бол улс төрийн албан тушаалтан байгаад бодлого хэрэгжүүлдэг газар байх ёстой. Гэвч хуулиа ойлгож бодлого хэрэгжүүлдэг газар үгүй болсон байна. Засгийн газрын чиг үүргийн асуудал нь замбараагүй болсоор байна. Батлан хамгаалах салбар мэргэжлийн цэрэг, хугацаат цэрэгтэй байдаг.
 
Цэргийн алба бол шорон биш цэргийн мэргэшил олгох сургалтын байгууллага байх ёстой. Бодлого, төлөвлөлт алга. Зөвхөн түр зуурын гал намжаах бодлогоор яамдууд ажиллаж байна. Хүний эрхийн зөрчил, эдийн засгийн асуудал, ядуурал бүгдийг нь суурь хөрсөөр нь өөрчлөх хэрэгтэй. Өнөөдрийн эрх баригчдад яаж сонгуулийг угтсан улс төр хийх вэ гэдэг л бодлого байна.
Монгол Улсад, Засгийн газарт цаас дутаагүй, бодлого дутаагүй, хууль дутаагүй харамсалтай нь үүнийг хэрэгжүүлж байгаа сайд, дарга гэж нэг ч алга. Ямар ч хэрэггүй сайдын албан тушаалыг бий болгосоор байна. Өөрчилье, шинэчилье гэвэл Ерөнхий сайд улс төрийн манлайллаа аваад сайдуудаа цөөлөх хэрэгтэй. Батлан хамгаалах багц хуулиар яг тухайн орон нутагт нь бэлтгэх богино хугацааны системийг төлөвлөсөн.
1990 оноос өмнөх ЗХУ-ын цэргийн школ, дэглэлт манай цэргийн албанд байгаад байгаа юм. Харин богино хугацааны үр дүнтэй хөтөлбөрийг бий болгох шаардлагатай. Ардчилсан нийгэм дэх цэрэг гэдэг нь иргэншсэн цэрэг байх ёстой.
 
УТЗ-ийн гишүүн Хишигдэмбэрэлийн Тэмүүжин: Шүүхийн тогтолцоонд өөрчлөлт оруулах Авлигын дагнасан шүүх байгуулах санаачилга гаргаж байна. Үүн дээр Ардчилсан нам 3 байр суурь илэрхийлнэ.
Монгол Улсад авлига ужгирчихсан байна. Олуулаа нийлж сүргээрээ хулгайлдаг болж. Авлигын дагнасан шүүх байгуулах санаачилга бол Засгийн газрын хувьд шинэ, супер хонгилын системийг бий болгох юм. Энэ шүүхийг байгуултал давж заалдах шатны шүүхээр авлигын хэргийг шийднэ. Шууд хэлбэл хүссэн пи арыг нь хийж өгдөг шүүхийн системийг хийх гэж байна.
Дэлхийд авлигын чиглэлээр дагнасан шүүх Афганистан, Ботсвана, Хорват, Индонез, Уганда, Албани, Армени, Шри-ланка, Зимбабве гэх мэтчилэн улсууд байна. Үр нөлөөг нь аваад үзвэл авлигын дагнасан шүүх байгаад үр дүнгээ өгөөгүй гэхдээ сонгуулийн циклээр улс төрчид бие биеэ намнадаг ийм л тогтолцоо болсон байгаа юм.
 
Шүүхийг эрүү, иргэн, захиргааны шүүн таслах ажиллагааны төрлөөр байгуулж болно гэчихсэн байгаа. Энэ 3 төрлөөс өөрөөр шүүх байгуулахыг Үндсэн хуулиар хорьсон. Эрх баригчид онилсон хүмүүсийг шоронд хийх ганц боломж бол давж заалдах шатны шүүхэд эрх мэдлийг нь шилжүүлээд Дээд шүүх дээр төвлөрүүлэх асуудал юм. Богино хугацаанд супер хонгилыг угсрах боломжийг бий болгоно.
Авлигатай тэмцэх газрыг анх санаачлан байгуулсан хүн нь Н.Энхбаяр байсан гэвч харамсалтай нь түүнийхээ махны машинд өөрөө хамгийн түрүүнд орсон. Энэ улс оронд шүүх систем иргэний эрхийг хамгаалахад зориулагдсан байдаг болохоос өөрөөсөө өөр бодолтой хүнийг агнах хувилбар байж болохгүй.
 
Улс төрчдөөс ангид, хараат бус шүүхийг байгуулахаар Монгол Улс явж байгаа ч өнөөдрийн улс төрчид, Засгийн газар энэхүү бодлогыг алдагдуулж байна. Батлан хамгаалах чиглэл дээр бодлогын шийдлүүдийг гаргачихсан байдаг. Бид нөхцөл байдлаа 3 зүйлээр хийх ёстой. Энх тайван байдал гэдэг өөрөө маш эмзэг юм байна. Магадгүй янз бүрийн нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Иргэдэд түшиглэсэн батлан хамгаалах салбарын концепци руу орох хэрэгтэй.
 
Ардчилсан намын дэд дарга Жудагийн Баярмаа: Монгол Улсад өдөр ирэх тусам асуудлууд ар араасаа үүссээр байна. Энхийн цагт залуусаа цэрэг болгож эх орноо хамгаалуулахаар явуулдаг ч амь насаа алдах тохиолдол газар авсаар байна. Амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон цэргийн алба хаагчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Цэргийн албаны дэглэлт, яргалал байсаар байна. УИХ-ын 49 дүгээр тогтоол гарсан байна. Засгийн газар буюу Ерөнхий сайд Оюун-Эрдэнэд чиглэл ирсэн. Дүрмийн бус харилцааны учир шалтгааны тогтоох, улмаар үүнийг таслан зогсоо гэсэн боловч Батлан хамгаалах яам, Засгийн газраас дорвитой арга хэмжээ авсангүй алба хаагчдын амь нас, эрүүл мэнд хохирсоор байна.
 
НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Монгол Улсын Үндсэн хуульд монгол хүн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх эрхтэй ч эд бүгд хоёрдугаар эгнээнд орчихсон. Зөвхөн амьд явах эрхтэй гэдгийн хүрээнд л шаардлага хүргүүлэх боллоо. Ардчилсан Улсад гагцхүү ганцхан хууль засагладаг байх ёстой. Гэвч эрх баригчид дур зоргоороо авирласаар байна.