Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн нэгдэх өдрийн Ардчилсан намын бүлгийн хурлаар Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамны сайд Ж.Ганбаатарыг огцруулах асуудлыг ярьсан. Тухай үед 4 хоногийн дотор шатахууны нийлүүлэлтийн асуудлыг хэвийн болгоно хэмээн амласан мэдэгдэл хийсэн ч хэвийн болсонгүй. Шатахууны нийлүүлэлтийн асуудал дээр салбар хариуцсан сайдын буруу мэдээллээс болж иргэд, аж ахуй нэгжүүд маш олон хохирлыг амссан. Яг одоо намаржаанаасаа өвөлжөө рүүгээ шилждэг цаг. Малчид бензиний хомсдолын улмаас өвөлжөөндөө бууж чадаагүй хүний амь эрсдэх асуудлууд байна.
Түлшний хомсдолоос болж уул уурхайн үйл ажиллагаа тасалдах аюул тулгарч байна. Хэрэв шуурхай, зөв зохион байгуулалтыг хийсэн бол энэ асуудал хүндрэхгүй байх боломжтой байсан.
Таван толгойн ордыг 100 хувь гэж ойлговол 95,5 % нь Төрийн өмчит Эрдэнэс таван толгой компани байгаа юм. Жижиг Таван толгой гэж яриад байгаа нь 0,4 хувь, Ухаа худаг 4,1 хувийг тус тус бүрдүүлдэг. Бага хувь эзэлдэг хоёр дээр нь хулгай гарах боломж байхгүй. Яагаад гэхээр хувьцаа эзэмшигчид нь тодорхой, хувьцаа нь ил тод байдаг. Хулгай хаана гардаг гэхээр төрийн өмчит компани дээр л гардаг. Бид үүнийг шалгах, нягтлах ёстой.
Төрийн өмчит компани руу улс төрчид утас цохиод нөлөөлөх боломжтой, өөрсдийнхөө хамаарал бүхий компанитай гэрээ хийлгэх боломжтой байдаг. Тийм учраас бид энэ асуудлыг нийтээрээ анхаарч харах ёстой. Таван толгойтой холбоотой мөнгө эрх баригчдын сонгуулийн зардал руу орсон гэхэд эргэлзэхгүй байна.
Монгол хүн бүрд Эрдэнэс таван толгойн 1072 хувьцаа нэр дээр нь байгаа хэдий ч бидний дансанд мөнгө орсон уу, 40 их наяд төгрөг хаашаа явсан бэ гэдгийг бид шалгах ёстой. Сонсголд дуудагдсан хүмүүс нь дандаа эрх баригч намын сайд, дарга нар байна.
Нүүрсний сонсголд Ганхуягийг оролцуулах ёстой. Тэр хүн Монгол Улсын төсвөөс их мөнгөн дүнтэй цаасан дээр гарын үсгийг ганцаараа зурсан. Ганцаараа идэж уугаагүй нь тодорхой. Тэр хүн хэнд ямар гэрээ өгсөн, хэнээс ямар шахалт үзүүлсэн, тэр бүхнийг бид сонсох ёстой.
Хэн нь хулгай хийчхээд, хэн нь намайг хориод гаргахгүй байна. Хэн нь тамгатайгаа, засагтайгаа үлддэг юм бэ гээд хоригдчхоод орилоод байна. Сөрөг хүчин гудамжинд байна, эрх мэдэл ч алга. Тийм учраас энэ асуудал эрх баригчидтай хамааралтай юм.
Монгол Улс ямар нийгэмд, хэддүгээр зуунд амьдраад байна вэ, эрчим хүчний салбар гэдэг улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг илэрхийлдэг томоохон салбар. Монголын нийгэм нүүрстэй байж дулаангүй, нефттэй байж түлшгүй, алттай байж гуйлгачин иргэдтэй, ардчилалтай байж үг үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй ийм нийгэмд монголын ард түмэн амьдарч байна.
ОХУ-аас Монгол Улсад нийлүүлдэг 345 мгв эрчим хүчээ 150 болгож буулгах талаар мэдээлсэн. Өнөөдөр манай улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, аюулгүй байдал ямар хэмжээнд байгааг өчигдрийн мэдэгдлээс бид харж болно .Өнгөрсөн 8 жилийн хугацаанд эрх баригч “МАН” ард түмнээ дулаан байлгана, эрчим хүчээр саатуулахгүй гэж амласан.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Оюутолгой, Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих талаар асар олон амлалтуудыг өгсөн. Нүүрсний хулгай, ЖДҮ, Ковидын үеийн 20 их наяд, Хөгжлийн банк тэргүүтэй 64 их наядын хулгайг эрх баригч МАН хийсэн талаар өнгөрсөн хэвлэлийн хурлаар бид мэдээлсэн.
Гэвч цоо шинэ хулгайг та бүхэнд сануулж байна. Томоохон үйлдвэрүүд бариулах судалгаа нэрийдлээр улсын мөнгийг үрэн таран хийж байна. Үүний нэг жишээ бол 5 дугаар цахилгаан станц, 1.5 сая долларыг өнгөрсөн хугацаанд төсөвлөсөн гаргасан ч нэг ширхэг хуучин дулааны цахилгаан станцуудаа засаж, сайжруулсан зүйл алга. Бид хүчээ нэгтгэн хулгай хийж буй МАН-аас хариуцлага нэхэх ёстой!