© Ардчилсан нам. 2011-2024
2024/01/12 /

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Үндэсний баялагийн сангийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар байр сууриа илэрхийллээ


Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга С.Буяндэлгэр, Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч Р.Булгамаа нар Тусгаар тогтнол баялагийн сангийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар байр сууриа илэрхийллээ 

 

Ардчилсан намын дэд дарга С.Буяндэлгэр

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль дээр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр албан ёсны байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Ардчилсан нам шууд хөрөнгө оруулалтыг татаж чаддаг, татаж авчраад Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн амьдралд хэрэгжүүлж, иргэдийнхээ амьдралыг бодитоор сайжруулж чаддаг улс төрийн хүчин.

 
Сүүлийн 8 жил үнэмлэхүй олонхоор төрийн эрхийг барьж байгаа эрх баригч нам Ардчилсан нам гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байгаа мэтээр гүтгэж байна. Хөрөнгө оруулалтын тухай хууль нь 1993 онд батлагдчихсан байсан хууль, байсан зохицуулалт, харин байсан зүйлийг эрх зүйн хувьд сайжруулахгүй юм бол өөрчлөөд хэрэггүй.
 
Гадаадын шууд хөрөнгө оруулалт, эдийн засаг, хувийн хэвшлүүдэд ус агаар мэт хэрэгтэй байна. 2024 он бол дэлхий даяар олон улс оронд сонгууль болох жил Ардчилсан нам төрийн эрх аваад Засгийн газраа байгуулсан тохиолдолд гадаад улс орнууд, иргэд энэ хуулийг л хүлээнэ. Гадаадын хөрөнгө оруулалтын орчноо хэр сажруулах бол, хувийн хэвшлээ хэр дэмжих вэ, авлигалаа хэр бууруулах бол гэдэг ийм л зүйлийг биднээс хүлээнэ.
Монгол Улс авлигын индексээр 2010 онд 94-рт, 2013 онд 83-рт, 2015 онд 72-р эрэмбэлэгдэж авлигын үзүүлэлтээр буурсан. Энэ бол хөрөнгө оруулалтын бодит орчныг сайжруулж байсан дохио юм. Тэрнээс болсон, болоогүй зүйл заалт өөрчлөөд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж авчирдаггүй юм.
 
Улс төрийн зөвлөлийн гишүүн Чимэддорж Мөнхжаргал
Ардчилсан намаас Үндэсний баялагийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулан 2023 оны 11-р сарын 29-ний өдөр УИХ-д өргөн барьсан.
 
Үндэсний баялагийн сангийн тухай хуулийн зорилго нь монголын төрд гол асуудал болоод байгаа эрдэс баялагийн үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн компаниудыг олон нийтэд нээлттэй болгох, бие даасан засаглалтай болгох мөн дээрээс нь өнгөрсөн хугацаанд хуримтлагдаж ирсэн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын төрөөс төлөх ёстой өрийг мөнгөжүүлэх замаар бие даасан сангууд болгож хөгжүүлэх, бие даасан сангуудыг олон улсын түвшинд хүргэх гэх мэт олон дэвшилтэт заалтуудыг оруулсан боловч өргөн баригдсан хуулийг эрх баригч намын зүгээс хэлэлцэх асуудлын дараалалд оруулсангүй.
 
Эрх баригчид Эрдэнэставан толгой компанийн ногдол ашиг нэрээр мөнгө тараахгүйгээр Үндэсний баялагийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж асуудлыг цогцоор нь авч үзэхийг шаардаж байна.
 
Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газрын дарга Ням-Очирын Лхагвадорж
Хэрэв та таксины жолооч хийж амьдралаа залгуулж байгаа тохиолдолд 5-50 хүртэлх сая төгрөгөөр торгуулах эрсдэл үүсэж байгаа талаар яригдах боллоо. 2023 оны 10-р сарын 31-ний өдөр Нийслэлийн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар иргэн 5 сая төгрөг, хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд 50 сая төгрөгөөр торгуулах хуулийн төсөл өргөн баригдсан.
Эрх баригч нам сүүлийн 8 жилийн хугацаанд янз бүрийн нэрийдлээр торгодог, үг үзэл бодлоо илэрхийлснийг нь хорьдог дарангуйллын нийгмийг бий болголоо. Ямар ч төрийн бодлогогүй дарангуйллын тогтолцлоо нүүрлэснээр ардчилал, эрх чөлөө улам бүр бүдгэрч байна.
 
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Батбаярын Жаргалан
Гэр бүл, нялхас хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн заалт Үндсэн хуульд байдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, хөгжлийг дэмждэг ийм нийгмийг бүтээж чадсангүй.
 
Өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хоёр дахь хэсэг орох ёстой байсан боловч Хөрөнгө оруулалтын тухай хуульд дарагдаж хойшлогдлоо.
Энэ нь өнгөрсөн хугацаанд Монголчууд бидний эрх ашгийн эрэмбэ ямар байсныг илэрхийлж байгаа юм. Бид ямагт хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудлуудыг, хүндээ чиглэсэн асуудлыг огт ойшоохгүй мөнгө санхүү, тендер, эдийн засаг, төсөвт анхаарлаа хандуулсаар ирлээ.
 
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч Р.Булгамаа
 
Хүүхэд хамгааллын тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэж бидний оруулсан санал дэмжигдэх болов уу гэсэн анхаарал, хүлээлт байсан. Гэтэл Хөрөнгө оруулалтын тухай хуулиас болж хойшлогдож байна. Гэр бүл, хүүхдийн эрх ашгийг тэргүүн эгнээнд хамгаалж чадахгүй байна гэдгийг онцлон хэлмээр байна. Хүүхэд гэмт хэрэгт өртөж багаа, хүүхэд эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа, хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдарч, өсөж торниж байгаа, эрүүл мэнд нь өдрөөс өдөрт муудаж байгаа сөрөг мэдээлэл нэмэгдэж байна.
 
Тухайлбал хүүхэд яагаад гэмт хэргийн хохирогч болоод байна, хүүхдийнхээ өмнө хүлээх эцэг эхийн үүрэг хариуцлагыг хуульд тодорхой тусгаж өгөх шаардлагатай. Жилд дунджаар 1500 гаруй хүүхэд гэмт хэрэгт холбогдогч болж, 100 гаруй хүүхэд гэмт хэргийн улмаас нас барж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртдөг охидуудын тоо 300 гаруй, гэр бүлийн хүчирхийллийн золиос болж хүүхдийн тоо 200 давлаа. Бид Гэр бүлийн тухай хуулиар хариуцлагын асуудлыг шинэ түвшинд гаргахыг хүсэж байна.
Өнөөдөр хүүхдийнхээ тэтгэмжийг төлдөггүй эцэг, эхчүүдийн тоо 60 хүртэл хувьд хүрч байна. Энэ бүх асуудалд тодорхой зохицуулалтыг хийх шаардлагатай байна.