Ардчилсан нам Нийслэлчүүдийн Эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн эрх зөрчигдөж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон НИТХ-д албан шаардлага хүргүүллээ.
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү : Нийслэл Улаанбаатар хотыг хэрхэн эрүүл, аюулгүй хот болгох вэ гэдэг дээр Ардчилсан нам зарчмын байр сууриа илэрхийлж байна.
2024.01.25-ний өдөр болсон галын аюул бол Улаанбаатар хотод болж буй маш олон алдаа завхралуудын зөвхөн ил харагдаж буй мөсөн уулын орой хэсэг нь юм. Өвөлдөө агаарын бохирдол, утаа, зундаа үер, усны аюул, галын аюул гээд маш олон эрсдэлийг дунд нийслэлчүүд амьдарч байна. Энэ гамшгийн эрсдэлийг бууруулахыг төр хариуцах ёстой атал эсрэгээрээ эрсдэлийг илүү их нэмэгдүүлж байна. Асуудал гарсан хойно нь бие биедээ барьцаалагдсан дарга нар нэгнээ буруутгадаг тогтолцоо бий болж ямар ч хариуцлага тооцохгүйгээр үлдэж байна.
Хаана, ямар алдааны үндэс байна вэ. Улаанбаатар хотыг хэрхэн эрүүл, аюулгүй болгох вэ гэдэг бид байр сууриа илэрхийлсээр байх болно. Онцгой байдлын үйл ажиллагааг хэрхэн оновчтой, зөв байлгах талаар санал шаардлагыг хүргүүлж байна. Нийслэл Улаанбаатар хотод аюултай ачаа тээвэр маш их байна.
Ардчилсан нам 2012-2016 онд нийслэлийн ачаа тээврийн горимд өөрчлөлт оруулж байсан. Үүний нэг жишээ гэвэл Улаанбаатар хотын төмөр замаар маш аюултай ачаа зөөгдөж байсан горимд өөрчлөлт оруулсан боловч эргээд эрсдэл бий болсон. Бүх салбарт аюулын улаан гэрэл асчихлаа. Ийм учраас Монголын төр ажил хэрэгчээр бүх шатанд хуралдаж аюул, эрсдэлийн менежментээ оновчтой хийх шаардлага үүсэж байна. Эрх баригчид алдаа, аюул болсны дараа хэсэг шуугиад өнгөрөх биш ямар өөрчлөлт хийх вэ гэдэг чиглэлээр Ардчилсан нам шаардлага хүргүүлж байна.
НИТХ-ын орлогч Батбаясгалан нийслэлчүүдийн гамшгийн эрсдэлийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах шаардлагатай байна. Онцгой байдлын дарга нь хангалттай хувцас, техник, хэрэгсэл байхгүй гэж байна. Гэтэл хангалттай хэмжээний төсөв онцгой байдалд төлөвлөгдсөн байна. Төсөвт хяналт тавих ёстой Аудитын байгууллага байх ёстой атал тэр байгууллага нь шүдгүй арслан болсон байна. Аудитын байгууллага ажлаа хийхийг шаардаж байна.
Онцгой байдлын ерөнхий газар зөвхөн генерал төрүүлдэг байгууллага боллоо. Гэтэл галын аюулын үед гал унтраах ганцхан шат байна. Монгол Улс гамшгийн эрсдэлд бэлэн байна уу гэдгийг хөндөх хэрэгтэй. Өвөл болохоор утаа ярьдаг, зун болохоор үер ярьдаг биш буруу тогтолцоогоо халмаар байна.
Стандартыг мөрдүүлдэг, стандартын дагуу төлөвлөдөг, ашиглаж байгаа дээр нь хяналт тавьдаг байх талаар шаардлага хүргүүлсээр байх болно. Нийслэлд засаглалын хямрал үүслээ. Ардчилсан намын байр суурь бол Үндсэн хуулийн концепцоо хэрэгжүүлэх явдал юм. Бид бүхэн эхлээд тогтолцоог нь зөв болгоё. Хуулийг мөрдүүлье, хэрэгжүүлье гэдэг шаардлага тавьж байна.
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг: Галын аюулын улмаас 3 монгол айлын хүүхдүүд өнчирч үлдлээ. Онцгой байдлын Ерөнхий газар 4 дэх оршуулгаа хийж байна энэ бол сүүлийн 2 сард бий болсон үйл явдал. Бусдыг аврах ёстой аврагчид яагаад амь насаа алдаад байна вэ, мэргэжлийн удирдлага ер нь хаана байна вэ, гамшигт бэлэн байх ёстой хүн нь тэр хүн биш үү. Онцгой байдлын алба хаагчид хэзээ орон байртай болох вэ, Газын дэлбэрэлтэд 600 гаруй алба хаагч шуурхай ажиллаж гал унтраасан гэж байгаа. Гал унтраах дүрмээ уншмаар байна.
Аврагчид өнөөдөр 1 сая төгрөгийн цалин авч байна. Онцгой байдлын Ерөнхий газрын дарга нь өөрөө ТТ-1 зэрэглэлээр цалин авч байхад аврагчид, алба хаагчид ТТ-ын 15 буюу хамгийн бага зэрэглэлээр цалинжиж байна. Энэ шударга ёс мөн үү. Яагаад өдий олон жилийн туршид Гамшиг, эрсдэлийн тухай Монгол Улсын стандарт гэж байдаггүй юм бэ. Бид энэ тогтолцооны өөрчлөлт рүү явах ёстой, засаглалын хямралыг үгүй болгох ёстой.
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд тэргүүн Н.Одонгуа: Дэлхий дээр байгаа 400 гаруй хот бол дэлхий нийтээр түгээгдсэн концепцийн дагуу хөгжиж ирж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бий болгохын тулд маш олон тооцоолол шаардлагатай байна.
Ардчилсан намын үед эрүүл, аюулгүй байдлын индекс төлөвлөгдөж байсан. Галын аюулын үед тэсрэмтгий бодис хэрхэн цацарсан талаар дүн шинжилгээ хийх, хэвийн горимд орох хүртэл хэрхэн хамгаалах эсэх талаар зөвлөмж өгдөг ч тэсрэлт бий болсноос хойш нэг ч удаа иргэдэд санамж, зөвлөмж өгөөгүй байна. Эрүүл мэнд, агаарын чанарын хэмжилт хийдэг багаж байхгүй байгаа ч иргэдийг 24-48 цагийн хугацаанд ойр орчмоор явахгүй байх, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулахгүй байх талаар мэдээлэл, зөвлөмжүүдийг өгөх шаардлагатай байдаг.
Стандартыг нь сайжруулж шинэчлэхгүй бол дүрэм, горимыг мөрдөх боломжгүй болдог. 2012 онд агаарын бохирдолтой түвшний хэмжээг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр эрх зүйн шинэчлэлийг хийсэн ч хэрэгжүүлж чадахгүй байна. Тиймд эдгээр асуудлуудад нэн шаардлагатай арга хэмжээ авахыг шаардаж байна.