Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн тохиолдуулан өнөөдөр “Ардчиллын эмэгтэйчүүд хаврын чуулган 2024” үйл ажиллагааг эхлүүллээ. Энэхүү чуулган энэ сарын 8-ныг дуустал үргэлжлэх юм. Чуулганд нийтдээ 800 гаруй эмэгтэйчүүд оролцож байна. Чуулганы гол зорилго нь эмэгтэйчүүдийн байр суурь, санаа бодлыг сонсож, бодлого болон мөрийн хөтөлбөртөө тусгахад оршиж байна. Нөгөөтээгүүр, холбооны гишүүд дэмжигчдээр бодлогын асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлэх, сонгуульт гишүүд, салбар нэгжийн удирдлагууд үйл ажиллагаагаа уялдуулах, хамтын ажиллагааны хүрээгээ хэлэлцэх, гишүүд дэмжигчдийн урам зоригийг нэмэгдүүлэн шийдвэр гаргагчдад хамтын дуу хоолойгоо хүргэхэд чиглэнэ.
Чуулганы нээлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хийлээ. Тэрбээр “Эмэгтэйчүүдийн тэгш оролцоо, нийгэмд эзлэх байр суурь, эдийн засгийн эрх чөлөөг нийгэмд мэдрүүлж, түүчээлдэг, хэрэгжүүлдэг ч гэсэн үр дүнг монголын ард түмэнд амсуулж чаддаггүй. Учир нь найман сонгуульд оролцоход бүтнээрээ төрийн эрх барьж байсан удаагүй. Гэвч монголчуудад хүний эрх, эрх чөлөө гэж ямар байдаг вэ гэдгийг мэдрүүлсэн түүхтэй. Ард түмний итгэл, найдвар бидэнд бий. Иймд эмэгтэйчүүддээ эдийн засгийн эрх чөлөө болон эрх мэдэл юм. Эмэгтэйчүүд маань улс төрд орж ирснээр бидний хүсээд буй чөлөөт эдийн засаг, эрх чөлөө, зөөлөн бодлого зэрэг олон зүйл нааштай болно. Энэ боломжийг авч явах зүйл бол намын бодлого мөрийн хөтөлбөр билээ. Энэ сонгуулиар эмэгтэйчүүдийнхээ тэгш оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлнэ. 30 гаруй жилийн өмнө эхлүүлсэн Ардчиллын үнэт зүйл, бат бөх суурийг манай эмэгтэйчүүд бэхжүүлж өгч чадна гэдэгт итгэлтэй байна. Хамгийн чухал нь улс төрийн амжилт хүсье. Монгол Улсаа хамтдаа мандан бадруулъя” гэсэн бол Ардчилсан намын дарга
Лу.Гантөмөр “Ачааны хүндийг үүрдэг эмэгтэйчүүд асуудал дэвшүүлж түүнийгээ бодлого болгон боловсруулах түвшинд оролцох цаг нь болсныг нийгмийн олон олон хөндүүр сэдвүүд харуулж байна” гэсэн юм.
Түүнчлэн эмэгтэйчүүд эдийн засгийн эрх мэдлээ тэлж, бэхжүүлэх нь хүний эрх, шударга ёсны төдийгүй нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжлийн асуудал хэмээн харж байна. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, эрх мэдлийг нэмэгдүүлэх нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдэд амьдралаа өөрийнхөөрөө залах, улс эрх орныхоо хөгжлийг түүчээлэлцэх боломжийг олгох билээ. Иймд Хаврын чуулганаар Ардчиллын эмэгтэйчүүд энэхүү сэдвийг хөндөн хэлэлцэж, бодлогын шийдлүүд дэвшүүлэн, Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, төрийн бодлогод тусган ажиллахаар ийнхүү чуулганаа эхлүүллээ.