© Ардчилсан нам. 2011-2024
2024/03/11 /

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос мэдээлэл хийлээ


"Тогтвортой ажлын байртай, тогтвортой орлоготой биш бол эмэгтэйчүүд эмзэг байдал руу шилжиж хүчирхийллийн хохирогч болох эрсдэл өндөр байна"
 
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 3-р сарын 1-ний өдрөөс 8-ний өдрийг дуустал эмэгтэйчүүдийн цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч Х.Номингэрэл, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Р.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
 
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан: Бид Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ардчилсан нам болон АЭХ-оос 3-р сарын 1-ээс 8-ний өдрийг дуустал эмэгтэйчүүдийн 7 хоног цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулаад байна.
Бид Монголын нийгэмд тулгамдаж байгаа эмэгтэйчүүдэд, хүүхдүүдэд, гэр бүлүүдэд тулгамдаж байгаа асуудлаар иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлыг нь сонсож Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тодорхой саналуудыг тусгах, эрх баригчдын сонорт эдгээр асуудлуудын талаар мэдээлэл хүргэхээр 7 хоногийн арга хэмжээг хийж байна.
 
Монголын нийгмийн амьдрал маш хүнд байна. Тэр дундаа эмэгтэйчүүдийн нуруундаа үүрч буй ачаа маш хүндээр тусаж байна. Бүхий л салбарт эмэгтэйчүүд ажиллаж байна. Төрийн үйлчилгээний салбар болох боловсрол, эрүүл мэндийн салбар, сэтгэл зүйн салбаруудад эмэгтэйчүүд гүйцэтгэх түвшинд ажиллаж, маш их ачааллыг үүрч ирсэн.
 
Өнгөрсөн хугацаанд үнийн өсөлт, мөнгөний ханшийн уналт зэрэг нь эмэгтэйчүүдэд маш хүндээр нөлөөлж байна. Энэ жилийн хувьд цас, зудтай хүнд өвөл болж байна. Энэ нь малчин өрх, эмэгтэйчүүдэд хүндхэн нөхцөл байдлыг бий болголоо. Тийм ч учраас Ардчилсан намаас "Амь нэгтэй Монголчууд" малчдадаа туслах аяныг зохион байгууллаа.
 
Нийгэмд тулгамдсан байгаа олон асуудлуудад эрх баригчдын анхаарлыг хандуулах, олон нийтийн санаа бодлогын нэгтгэх зорилготойгоор бидний цуврал арга хэмжээ үргэлжилсээр байна. Удахгүй сонгууль болох гэж байна. Үүнтэй холбоотой эдийн засгийн нөхцөл байдал хүндэрнэ, цас зудын нөлөөлөл гарна, олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ унах хандлагатай байна.
 
Биднийг сонгуулийн дараа маш хүнд эдийн засгийн нөхцөл байдал хүлээж байна. Энэ бүх асуудал дээр бид бодлого, шийдлээ уралдуулж, цаашид эдийн засгийн тогтвортой байдлаа дэмжих, иргэдийнхээ амьжиргааг дэмжих, орлогыг дэмжих бодлогууд хаана байна вэ гэж одоогийн эрх баригчдаас асуумаар байна.
 
Бид эмэгтэйчүүдийн 7 хоногийн арга хэмжээгээрээ Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл гэх сэдвийг голлон хөндөж байна. Учир нь өнөөдөр эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө үгүй байна, цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа учир энэ цаг үед шийдвэр гаргалтад нөлөөлөх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ямар байх вэ гэдэг асуудал яригдаж байна.
Эмэгтэй нэр дэвшигчдэд сонгуульд зарцуулах хөрөнгө, санхүү хүндээр тусдаг тул улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих санг Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос байгуулан ажиллаж байгаагаа албан ёсоор илэрхийлж байна. Бид иргэдээсээ, олон нийтээсээ их бага, хэмжээгээр хандив цуглуулан эмэгтэйчүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилт тавин ажиллаж байна.
 
Ардчилсан намын дэд дарга Х.Номингэрэл: Эмэгтэйчүүдийн 7 хоногийн хүрээнд “Залгаарай сонсъё” аян зохион байгуулагдаж АЭХ-ны удирдлагын баг тодорхой хуваарийн дагуу тусгай дугаараар нийт эмэгтэйчүүд, монголчуудад тулгамдаж буй асуудлыг сонсож байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр цаашлаад төрийн бодлогод тусгах саналуудыг улс орны өнцөг булан бүрээс илэрхийлж байна. Бид бүхэн эдгээр саналуудыг багцлан намын мөрийн хөтөлбөрт тусгахаар ажиллаж байна.
 
Бид эмэгтэйчүүдийнхээ “Хаврын чуулган”-ыг зохион байгууллаа. Уг чуулганд АЭХ-ны бүтцийн байгууллагын эмэгтэйчүүдийн төлөөлөл 1000 гаруй эмэгтэйчүүд оролцож эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл гэдэг зүйлийг тал талаас нь хэлэлцлээ. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх гэдэг бол нийгмийн оролцоо, эдийн засгийн оролцоо, бие дааж амьдралдаа шийдвэр гаргах эрх мэдлийн суурь эрх бөгөөд эдийн засгийн өмчтэй, орлоготой байх нь эдийн засгийн эрх чөлөө гэдэг манай нам үзэл баримтлал бий. Эдийн засгийн эрх мэдлийг цаашдаа намын хөтөлбөрт тусгайлан тусгуулахаар байна.
Аж ахуй нэгж эрхлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх санхүүгийн эх үүсвэртэй байх гээд эд бүгд эмэгтэйчүүдэд нэн хүндээр тусдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн байр суурь маш ялгаатай болсон. Хоёр эмэгтэй тутмын нэг нь баталгаатай ажлын байран дээр байхад нэг нь тогтвортой орлоготой биш байна. Тогтвортой ажлын байртай, тогтвортой орлоготой биш бол эмэгтэйчүүд эмзэг байдал руу шилжиж хүчирхийллийн хохирогч болох эрсдэл өндөр байна. Нийгмийн оролцоо, бие даан ажиллаж амьдрах оролцоо, улс төрийн оролцоо нь хязгаарлагдаж эхэлдэг.
 
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Р.Оюун-Эрдэнэ: Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Залгаарай сонсъё, Хаврын чуулган, салбар хуралдаанууд гээд маш олон ажлууд зохион байгуулагдлаа. Эдгээр арга хэмжээнүүдээр дамжуулан нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудын талаар олон нийтэд хүргэх, төр засгийн сонорт хүргэх зорилгоор ажиллаж байна.
 
Мөн түүнчлэн 3-р сарын 8-ны өдрийн 14:00 цагаас 16:00 цагийн хооронд нийгэмд, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлаар тайван цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд нийслэл, дүүргүүдийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, залуучуудын байгууллага, ахмадын байгууллага гээд нийслэлийн хэмжээнд өргөн хүрээний арга хэмжээ болох тул та бүхнийг хүрэлцэн ирж, нээлттэй санал бодлоо илэрхийлэхийг хүсье!