“Эрүүл мэндийн салбарын бодлогын зөвлөл”-өөс Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүллээ
Уулзалтад Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт, Ардчилсан намын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Ж.Энхбат нар оролцож, тус бодлогын зөвлөлөөс Анагаах ухааны доктор, дэд профессор, АЭХ-ны дэд тэргүүн Н.Одонгуа, Эрүүл мэндийн дэд сайд асан, ҮБХ-ны гишүүн Ж.Амарсанаа,, Эрүүл мэндийн салбарын бодлогын зөвлөлийн удирдах зөвлөл, ҮБХ-ны гишүүн Н.Болдбаатар нар эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар танилцуулж, нээлттэй санал солилцлоо.
Эрүүл мэндийн салбарын бодлогын зөвлөлөөс: ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улсын эрүүл мэндийн салбар үр ашигтай байдлаараа 145-рт, хүн амын дундаж наслалт 2022 оны байдлаар 71 болж, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.1, эрэгтэйчүүдийнх 67.1 жил байгаа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.4 жил байгааг онцоллоо.
Мөн Монгол Улсын тэргүүлэх хорт хавдрын шалтгаант нас баралтаар хорт хавдрын шалтгаант нас баралт дэлхийд 1-рт, элэгний хорт хавдраас шалтгаалах нас баралт дэлхийд 1-рт, ходоодны хорт хавдрын нас баралт 1-рт, цус харвалтын шалтгаант нас баралт дэлхийд 2-рт бол эрүүл мэндийн чанар, хүртээмжээр дэлхийд 119-р байрт эрэмбэлэгдэж байгаа нь нийтийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, эрүүл мэндийн салбарт тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай байгаа талаар илэрхийллээ.
Ардчилсан нам 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн байгууллага, холбоод, салбар, салбарын экспертүүдийн бодлогын шийдлүүд, саналуудыг тусгахаар ажиллаж байна.