Ардчилсан намын дэд дарга
Чадраабалын Өнөрбаяр: "Ардчилсан тогтолцоо гэж нэг тогтмол агаараар амьсгалахыг хэлдэггүй. Сонгуулийн давтамжтай цонхоо нээж шинэ агаар оруулахыг ардчилал гэж байгаа юм. Цонхоо нээгээд болохгүй, бүтэхгүй зүйлийг хөөж гаргахыг ардчилсан тогтолцоо гэдэг"
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч АЭХ-ны дэд тэргүүн Д.Энхтуяа, АЭХ-ны дэд тэргүүн Э.Цэцэгсайхан, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Л.Отгонцэцэг нар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга
Ням-Очирын Лхагвадорж: Энэ 7 хоног Ардчилсан намын хувьд түүхэн чухал тэмдэглэлт өдөр тохионо. Тэртээ 34 жилийн өмнө 1990 оны 4-р сарын 7-ны өдөр Ардчилсан намын анхдугаар хурал хуралдаж Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан түүхтэй. Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт байгаа ардчиллаа дэмждэг, нийт гишүүд, дэмжигчид болон ардчилсан Монгол Улсын нийт иргэд та бүхэнд Ардчилсан намын удирдлагууд, нийт гишүүдийн нэрийн өмнөөс Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан 34 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
Ардчилсан намын гишүүд бид бүхэн 34 жилийн ойн өдрөө ямар нэгэн баярын үйл явдлаар тэмдэглэхээс илүүтэй өнөөдөр төр нь хулгайчдаар дүүрсэн, төрийн цагдаадаа итгэхгүй болсон энэ үед бид бүхэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээр ахлуулан “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9, 90, 900” эрчимт хөгжлийн хөтөлбөрөө хэлэлцсэн баярын хурлыг хийхээр төлөвлөж байна.
Бид өнгөрсөн 34 жилийн алдаа, оноогоо хэлэлцэж, цаашид эх орноо хэрхэн гацаанаас гаргах аргаа хэлэлцье гэсэн зорилтыг тавьж байна.
Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр: Үр нь хортой бол ургаж байгаа жимс нь хортой байдаг. Монгол төрийн бодлого өөрөө буруу явж байна. Улсаа хорлоод зогсохгүй, ирээдүйгээ хорлож байна. Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд бидний өмнө том бодлого ярих ёстой. Цагдаагийн алба хаагчдыг яаж илүү хариуцлагатай болгох ёстой талаар, улс орноо хэрхэн хөгжүүлэх талаар бодлогын шийдлүүдийг ярих ёстой.
Гэтэл татвар төлөгчид, бизнес эрхлэгчид нь улс төрчидтэйгөө хэрхэн тэмцэх тухай яриад эхэлсэн байна. Аргаа барсандаа өөрсдөө тэмцэх тухайгаа ярьж байгаа хэрэг юм. Энэ бүх зүйл дээр Ерөнхий сайд өөрөө хариулт өгөх ёстой. Ерөнхий сайд нь ахлах мөрдөн байцаагчийн ажлыг хийгээд гэмт хэрэг зохиогоод яриад суудаг биш хүний эрхийн асуудлууд дээр ямар бодлого хэрэгжүүлэх тухай ярих ёстой. Гэтэл харамсалтай нь дандаа хоосон бодлого, хоосон амлалт ярьж байна.
Дөрвөн зуун жуулчин авчрах, аз жаргалтай Улаанбаатар хот болгох, 2050 он хүртэл алсын хараатай байна гэчихсэн. Та нар хүлээ гэсэн. Эрх баригчид 8 жил өдөр бүр худлаа ярисаар байна. Увайгүй, зарчимгүй, яахаас ч буцахгүй болсон байна. Өрөөнд агаар сэлгэхгүй бол агаар өмхийрдөг, урсгал ус байхгүй бол тогтонги ус ч мууддаг. Түүнтэй адил монгол төрийн бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Цонхоо нээж агаар оруулахгүй бол монгол төрийн бодлого бүхэлдээ бүхэлдээ нийгмийг хордуулж байна.
Ардчилсан тогтолцоо гэж нэг тогтмол агаараар амьсгалахыг хэлдэггүй. Сонгуулийн давтамжтай цонхоо нээж шинэ агаар оруулахыг ардчилал гэж байгаа юм. Цонхоо нээгээд болохгүй, бүтэхгүй зүйлийг хөөж гаргадаг зүйлийг л ардчилсан тогтолцоо гэдэг. Энэ зүйлийг бид үнэхээр авчрахгүй бол болохгүй байна.
Сэтгүүлч та нар ч гэсэн энэ хүмүүсээс, эрх баригчдаас асуух асуулт олдохгүй байгаа. Яагаад гэвэл 8 жил худлаа амлаад явчихсан. Архичин нөхөр эхнэрээ зодож дарамталдагтай адилхан иргэдээ байнгын дээрэлхдэг, дарамталдаг ийм л төр боллоо. Үнэхээр бид энэ хугацаанд сөрөг хүчингүй болж ирснээс болж эрх баригчдыг шүүмжилсэн хэвлэлийг цагдаа, хуулиар айлгадаг гэмт хэрэгтэн болгодог улс болгочихсон байна.
Өнөөдөр Монголд Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурин дээр байх боломж, бололцоог хясан боогдуулж хааж ирлээ. Тийм ч учраас монголчууд бид ухаалаг сонголтыг хийх ёстой. Нэг алдана, хоёр алдана. Харин гурав алдаж болохгүй.
Монгол Улсын Ерөнхий сайд шиг төрийн том бодлого тодорхойлж байгаа монгол төрийн сайд хов жив, жижиг улс төр яриад суудаг ардчилсан улс төрийн тогтолцоотой улс байна уу. Гэмт хэрэг мөрддөг, хэрэг шалгадаг хуулийн байгууллагууд нь ажлаа хий. Бид бодлогын өөрчлөлт гаргахгүй бол урагшлах биш ухарч байна.
АЭХ-ны дэд тэргүүн Д.Энхтуяа: Ардчилсан нам Үндэсний Аудитын газарт 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өглөө. Энэ мөрийн хөтөлбөр бол хувь хүний эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө гэсэн үнэт зүйлийнхээ хүрээнд хувь хүний болон, эдийн засгийн эрх чөлөөгөө хэрхэн эдлэх вэ гэдэг дээр Монгол Улс орон даяар ажиллаж иргэдээсээ санал асууж, саналыг тусгалаа. “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал” үгүй байна гэдгийг иргэд онцолж байна. Тийм ч учраас Ардчилсан нам “Бүтэн монгол, Бүрэн ардчилал” гэсэн мөрийн хөтөлбөрийн концепцийг 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болгон ажиллаж байна. Энэ бол амлалт биш ажлын төлөвлөгөө юм.
АЭХ-ны дэд тэргүүн Э.Цэцэгсайхан: Цагдаагийн алба хаагчид нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг дээр хүүхдийн төлөө ажилладаг ТББ-ууд, хөдөлгөөнүүд нэгдэн ажиллаж байна. Иргэнээ хамгаалах, хүүхдээ хамгаалах үүрэг хүлээсэн цагдаагийн алба хаагчид нь хүчирхийлэл үйлдэж байна. Бага насны хүүхдүүдийн хүчирхийллийг бууруулахын төлөө зүтгэж байх ёстой монгол төрийн цагдаа өнөөдөр хүүхэд хүчирхийлж байгаа нь хамгийн харамсалтай. Байж боломгүй үйлдэл боллоо. Бид цаашид хэнд итгэх вэ, цагдаа нь өөрсдөө гэмт хэрэгтэн болчихсон байна. Бид ямарваа нэгэн асуудал тулгарахад хамгийн түрүүнд цагдаа руу холбогддог. Гэтэл тэд өөрсдөө гэмт хэрэгтэн, бэлгийн хүчирхийлэл үйлдэгчид боллоо.
Энэ салбарыг ахалж байгаа Хууль зүйн сайд нь үнэхээр шударга сайд юм бол Цагдаагийн Ерөнхий газрын даргадаа хариуцлагаа тооцох, огцруулах хүртэл арга хэмжээг авах хэрэгтэй.
Энэ ямарваа нэгэн зүйлд хохирогчийн байр суурийн тал маш чухал. Тухайн хохирогчийн сэтгэл зүй гэр бүл, ар гэрийн байдал ямар байгаа дээр анхаарал тавих ёстой. Гэтэл энэ хэрэг маш удаашралтай, дарагдахуйц хэмжээнд байна. Дүгнээд хэлэхэд ЦЕГ-ын удирдлага огцрох ёстой. Хаа хаанаа хариуцлага хүлээдэг, хуулиа мөрддөг байх ёстой гэдгийг дахин хэлье.