Ардчилсан нам хэвлэлийн эрх чөлөөг хамгаална
Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. 1993 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн 05 дугаар сарын 03-ны өдрийг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос эхлэн тэмдэглэсээр ирсэн билээ. Энэ өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдаа” цуглааныг зохион байгуулав.
Уг цуглаанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Х.Тэмүүжин, Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Батзаяа, АН-ын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцож, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамт хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах уриалгад нэгдэв.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр “Хэвлэлийн эрх чөлөө бүрэн хангагддаг улсад бол өнөөдөр тэмдэглэлт баярын өдөр. Харамсалтай нь Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хойш сэтгүүлчид хүнд нөхцөл байдалд ажиллаж байна. Сөрөг хүчний ажлыг хийхэд дэм болдог дөрөв дэх засаглалынхантайгаа хамт байгаагаа илэрхийлж, уриалгад нэгдэж байна. Хэвлэлийн эрх чөлөөг бооно гэдэг бол ард түмний мэдэх эрхийг хааж байгаа гэсэн үг. Ардчиллын үнэт өвийг тээж яваа намын хувьд Та бүхэнтэйгээ хамт байж, хэвлэлийн эрх чөлөөгөө авч үлдэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхээр хүрэлцэн ирсэн юм” гэв.
Сүүлийн найман жилд хэвлэлийн эрх чөлөө 81 байраар ухарчээ. Ардчилсан нам төрийн эрх барьж байх үед хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгож байсан. Гэтэл одоогийн төр хэвлэлийн эрх чөлөөг боомилсон, сэтгүүлчдэд халтай зүйл заалтуудыг Эрүүгийн хуулиар буцаан баталсан юм.
Дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэж, олон нийтийн мэдэх эрхийг ханган ажилладаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн 13, 14 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх, шууд яллагдагчаар татах, дээрх зүйл ангиар шалгаж байгаа нэрийдлээр сэтгүүлчийг цагдан хорих, ажил үүргийг нь гүйцэтгэх боломжийг нь хязгаарлаж байгаа зүй бус үйлдэл их гарах болсон. Эрүүгийн хуулийн энэхүү зүйл заалтуудаас болж хэвлэлийн эрх чөлөө ухрах, хумигдах гол үндэс болж байгааг сэтгүүлчид онцоллоо.
#Ардчилсан_нам