Ардчилсан нам сонгогчдын нэрсийн жагсаалтын бүртгэл, шилжилт хөдөлгөөний мэдээллийг сонгуулийн луйвар, булхайтай холбоотойгоор олон нийтэд ил болгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандаж санал, асуулга хийлээ
Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж: Монгол Улсын түүхэнд анх удаа томгосон тойргоор явагдах УИХ-ын ээлжит сонгууль болоход 55 хоног үлдсэн байна. Энэ үед нийгэмд, иргэдийн дунд сонгогчдын нэрсийн жагсаалт болон шилжилт хөдөлгөөн үе үеийн УИХ-ын ээлжит сонгууль дээр гардаг зөрчлүүд тул үүнтэй холбоотой хардалт бий болсон байна. Өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, холбогдох дарга нарыг цаг алдалгүй хариуцлагатайгаар өөрийн биеэр иргэддээ мэдээлэл өгөхийг хүсэж байна.
Сонгуулийн ил тод байх, иргэд мэдэх ёстой мэдээллийг мэдээллийг Ардчилсан нам холбогдох төрийн байгууллагаас шаардаж иргэдэд түгээдэг баймааргүй байна. 4, 5 хоногийн хугацаанд Ардчилсан нам уриалга гаргаж өнөөдөр хэвлэлийнхэнд нээлттэй санал асуулга явуулж байж сонгогчдын бүртгэлтэй нэрсийн жагсаалт, шилжилт хөдөлгөөн бүхий тоо баримтуудыг ил болгож байна. Яг нийт шилжилт хөдөлгөөн улсын хэмжээд болон нийслэл, орон нутгийн түвшинд тэд байлаа гэдгийг албан ёсоор мэдээлмээр байна. Нийслэл дотроо, дүүрэг хооронд, аймгаас нийслэл рүү, нийслэлээс аймаг руу албан ёсоор сонгуулийн насны хэчнээн иргэн шилжсэн гэдэг мэдээллийг Ардчилсан нам УБЕГ-аас авахаар ажиллаж байна.
“УБЕГ” сүүлийн 5 жилийн сонгогчдын шилжилт хөдөлгөөний мэдээллийг албан байдлаар өгөөч гэдэг хүсэлтийг гаргаж байна.
УБЕГ-ын зүгээс цаг хугацаандаа мэдээллийг ил болгохгүй байгаа учир та бүхэнд иргэдийн мэдэх ёстой мэдээллийг ил болгохоор дараах асуултуудыг тавьж байна.
Эцсийн байдлаар шилжилт хөдөлгөөний процесс 2024.04.29-ний өдөр дууссан. Оюутнууд сонгуулийн үеэр хаана саналаа өгөх вэ, уул уурхайн компаниудад өөр бүс нутагт ажиллаж байгаа хүмүүс яах вэ, мөн гадаадад амьдарч байгаа иргэд, оюутнуудын тоо хэд болж эцэслэгдсэн бэ? Яг өнөөдөр гадаадад сонгуулийн насны хэдэн иргэн санал өгөхөөр байгаа вэ? гэдгийг тодорхой мэдээлэхийг та бүхнээс шаардаж байна.
Хардалтын шинжтэй маш олон зүйлс байна. Бид мэдээллийг ил байлгасныхаа төлөө байгууллага удирдаж байгаа дарга нар нь уурлаж, бухимддаг биш мэдээллээ ил болгох ажлаа хиймээр байна.
Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа: Сонгууль бүрийн дараа гардаг царцаа, луйврын асуудлууд бий. СЕХ-ны үндсэн чиг үүрэг бол сонгуулийг шударга, ил тод явуулах юм. УБЕГ бол Засгийн газрын харьяаны агентлаг учир улс төржүүлэхээс өөр аргагүй болж байна. Бид яагаад эдгээрийг сүүлийн хэд хоног ярьж байна гэхээр сонгууль болсны дараа гомдол, саналуудыг баримттай нь цуглуулаад УБЕГ, СЕХ, Тагнуулын ерөнхий газарт өгөөд ямар нэг хариу өгдөггүй.
Цахим царцаа гэж нэрлээд байгаа нь байхгүй хаягийг зохиогоод иргэний үнэмлэх үйлдэж санал авхуулаад байна гэсэн бодит кейс бий болсон. Жишээлбэл 5 давхар байр байхад 6 давхар болгож хий давхар нэмснээр иргэний бүртгэл дээр мэдээлэл үүсгэж санал авсан тохиолдол байна. Баянзүрх дүүргийн 25-р хороонд 16 давхар барилга дээр хий давхар нэмж үүсгэснээр огт байхгүй тоот хаягийг үүсгэсэн ч 2020 онд үүн дээр нэг ч арга хэмжээ авч, холбогдох газрууд хариулт өгөөгүй. Энэ бол маш ноцтой зөрчил.
Нэг хаяг дээр 30 хүн бүртгэсэн тохиолдол ч байна. Ард нь хамаарах этгээд гээд нэрс нь цаастайгаа баримт болоод байж байна. Ийм асуудлууд өмнөх сонгуулиар давтагдан гарсан.
Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу оршин суух хаягаа иргэд өөрөө сонгож суух боловч оршин суух гэж биш санал өгөх зорилготой үйлдлүүд илэрч байна. Бөөнөөр нь хүчээр хаяг шилжүүлэлт хийгдэж байна. Хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны жаварт 11-1-р саруудад 200, 300 мянгаараа шилжилт хийнэ гэдэг нь сонгуулийн жил бол хардалт үүсгэх асуудал мөн. Үүн дээр УБЕГ судалгаа хийх хэрэгтэй. Анализ хийж үзээд буцаад сонгуулийн дараа эдгээр шилжилт хийсэн хүмүүс нүүцгээсэн бол нөгөө л сонгуулийн царцааны технологи мөн.
#Ардчилсан_нам