© Ардчилсан нам. 2011-2024
2024/06/06 /

Ардчилсан нам ард түмэнтэйгээ хамт ялна


Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан нам, Ардчилсан намаас нэр дэвшигчдийн нэр хүндэд удаа дараа халдсан агуулга бүхий ярилцлага, бүрэн хэмжээний нэвтрүүлгүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр цацаж байгаа нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа талаар мэдээлэл хийлээ.

"Монгол төрийн сонгууль явж байгаа учраас монгол төр бүх намд тэгш үйлчлэх ёстой. Өнөөдөр хуулийн байгууллага МАН-д тангараг өргөөгүй, монгол төрд тангараг өргөсөн" 

Хуульч Р.Булгамаа: Тун удахгүй хэдхэн хоногийн дараа Монгол төрийн сонгуулийн кампанит ажил эхлэх гэж байна. Сонгууль гэдэг бол бодлогын өрсөлдөөн байх ёстой. Гэтэл албан ёсны сурталчилгааны өдөр эхлээгүй байхад Ардчилсан нам болон түүнээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн нэр төрд халдах хууль бус үйлдлүүд гарсаар байна.

Илтэд гүтгэсэн агуулга бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байна. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 35.3 дахь зүйл заалтад нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн агуулга бүхий материалыг тараах эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд дахь олон нийтийн сүлжээгээр цацахыг хуулиар хориглосон. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.11-д гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд төрөл, саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно хэмээн зааж хуульчилсан байдаг. Гэтэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд зарим телевиз, сайтууд манлайлан илт худал мэдээллийг түгээж Ардчилсан нам болон тус намын дарга,  нэр дэвшигчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон байдлаар мэдээ мэдээллийг удаа дараа бэлтгэн давтамжтай байдлаар тарааж байна. Ингэхдээ нэр дэвшигчийг элдвээр цоллож, илт худал мэдээллийг зураг хөрөгтэй нь эвлүүлэн тарааж сонгуулийг там болгон хувиргахаар идэвхийлэн ажиллаж байна. Гэх мэтчилэн нэр хоч, хаяг зүүлгэж шүүхээр тогтоогдоогүй мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь сонгуульд оролцогч нам түүний нэр дэвшигчийн нэр төрд халдсан үйлдэл мөнөөсөө мөн юм гэв.

Тийм учраас нэр дэвшигчдийн нэр хүндийг хамгаалах үүднээс худал мэдээлэлтэй холбогдуулан бид хуулийн байгууллагад хандаад байна. Энэхүү худал мэдээллүүд дотор АН-аас нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдийг тусгайлан харлуулах худал мэдээллийг түгээж байгаа явдалд эмэгтэй хүнийхээ хувьд харамсаж байгаагаа үүгээр илэрхийлье. Намын нэр хүндэд халдсан нэр дэвшигчдийг гутаан доромжилсон аливаа үйлдэл мэдээ мэдээлэл, төлбөртэй нэвтрүүлэгтэй холбогдуулан Ардчилсан намын зүгээс 20 гаруй гомдлыг хуулийн байгууллагад өгч шалгуулж байгаа талаар онцоллоо.

 Удаа дараагийн захиалга төлбөрт нэвтрүүлгүүд нь тус намын гишүүд болон намын дэмжигчид сонгогч, олон түмэнд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг төрүүлж сонгуульд оролцогч улс төрийн нам, нэр дэвшигчдийн нэр хүндийг зориудаар унагаах сонгуулийн санал хурааж сонгуулийн дүнд нөлөөлөх зорилго бүхий үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Бид хуультай нийгэмд амьдарч байгаа. Төрийн сонгуульд аль нэг нам нэр дэвшигч хуулиа хүндэтгэн оролцож хуулийн дагуу өрсөлдөхий хуулиар үүрэг болгосныг энэ ташрамд дурдахыг хүсэж байна. Сонгуулийн сурталчилгааны ажил эхлээгүй байхад АН-ын хэвлэл мэдээлэл Пи Ар багийн үйл ажиллагааг цалгардуулах эсвэл ямар нэгэн хэлбэрээр гаднаас нөлөөлөх зорилго бүхий үйлдлүүд эхэлсэн байгаа. Үүний нэгэн тод жишээ бол өнгөрсөн амралтын өдрүүдэд АН-тай хамтын ажиллагаатай ажилладаг зарим нэг салбар тухайлбал хэвлэл мэдээлэл Пи Ар багийн хүмүүсийг хойшлуулшгүй ажиллагаа нэрийдлээд 48 цаг саатуулсан. Энэ бол сонгуулийн сурталчилгааны шударга бус гарааны эхлэл гэж харж байна. 

Ардчилсан намын Хууль зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүү:  “МАН”-ын сонгууль биш Монгол төрийн сонгууль эхэлж байгаа бид өнөөдөр хүн ярихгүй хөгжил ярья, нам ярихгүй бодлого ярья гэсэн уриатай. Бидэнд ямар нэгэн байдлаар хэн нэгнийгээ харлуулах сонирхол байхгүй. Жишээлбэл бид нар үнэн байдлыг нь хэлье гэвэл 10 дугаар тойрог дээр гэхэд 4 Ждүчин, нэг төсвийн хулгайч, нэг бэлгийн хүчирхийлэгч байж байгаа юм. Энэ мэтчилэнгээр МАН-ыг ярьж болно. Гэхдээ бид хүн ярихгүй, бодлого ярих болно.

Монгол төрийн сонгууль явж байгаа учраас монгол төр бүх намд тэгш үйлчлэх ёстой. Өнөөдөр хуулийн байгууллага МАН-д тангараг өргөөгүй, монгол төрд тангараг өргөсөн гэж би ойлгож байгаа. Тэгэхээр Монгол төрийн сонгуулийг хийх гэж байгаа энэ ажилд Монгол Улсын төрийн тэргүүний хувьд ҮАБЗ-ийн тэргүүний хувьд, эв нэгдлийг хангагчийн хувьд нийт намуудын хандсан уриалга дээр үндэслэн Монгол төрийн хууль хяналтын байгууллагынхныг авчраад нэг намд үйлчлэхгүй байх чиглэлийг өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд илэрхийллээ.

Дээрх үйлдлүүд бол Ардын нам ялагдахаасаа айсан, шударгаар өрсөлдхөөс зугтсан үйлдэл гэдгийг онцоллоо. Хэрэв та бүхэн ажил хийсэн бол битгий ай, ажлыг нь үнэлээд л ард түмэн сонгочихно. Гэтэл эсрэгээрээ өрсөлдөгчөө зохион байгуулалттайгаар явуургүй аргаар гүтгэлэг хийж байгаа учраас бид өмөөрөх төртэй гэдгээ мэдэрмээр байна гэв. Монгол төрийн тэргүүн та нэн яаралтай одоо ҮАБЗ-ийг хуралдуулж хууль хяналтынхныг авчраад 20 гаруй намд тэгш өрсөлдөх боломжийг нь хангана гэдгээ илэрхийлэх хэрэгтэй. Тийм учраас АН-ын нэрийн өмнөөс Монгол Улсын төрийн тэргүүнд хүсэлт гаргаж байгаагаа илэрхийлэв.

 Ардчилсан намын гишүүн Ш.Отгон-Өлзий: Улс төрийн бусад бүх намуудад шударгаар өрсөлдөхийг уриалж байна. Нэг нам дангаараа эрх барьж, засаглаж байгаа энэ үед өрсөлдөгч намуудаа янз бүрийн нэвтрүүлэг, янз бүрийн контентуудыг бэлдэж олон нийтийн сүлжээгээр олон түмэнд төөрөгдүүлсэн ажлыг хийхээ зогсоохыг уриалж байна. Эрх баригчид өнгөрсөн 8 жилд хийсэн ажлаа дүгнээд, иргэд олон түмэндээ мөрийн хөтөлбөрийн бичлэлт, цаашид юу хийх гэж байгаа ажлынхаа тайланг тавихыг хүсэж байна. Тэрнээс биш зөвхөн Ардчилсан нам руу дайрдаг, зөвхөн АН-д ажиллаж байсан бүх хүмүүсийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалтай нь холбогдуулж, холбож нэр хоч өгч гүтгэдэг байдал хэрээс хэтэрлээ. Энэ бүх зүйлүүдийг зогсоогоод шударгаар өрөслдөхийг эрх баригчдаас хүсэж байна. Сүүлийн 8 жилд МАН дарга нарынхаа тоог нэмж, даргын эрх мэдлийг улс орон даяар нэмэгдүүлсэн. Харин бид 2024 оны хариуцлагатай сонгуулийн дүн тавих цаг дээр ард түмэн ялах хэрэгтэй байна гэдгийг илэрхийллээ.

Энэ удаагийн Ардчилсан намын 2024 оны сонгуулийн стратеги дээр бид хэн нэгнийг гүтгэсэн баримтууд, контент мэдээллүүдийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагаар тараахгүй. Тийм болох дээр 2024 оны энэ удаагийн сонгууль дээр эрх баригчид та бүхэнд хийсэн ажил байдаг бол түүнийгээ ард иргэд, олон нийтэд дүнгээ тавьж, тайлагнаж, тэр чиглэл рүүгээ кампанит ажлаа чиглүүлэхийг шаардлаа. Юу ч хийгээгүй байна гэдгийг нь ард түмэн судалгаагаар хэлээд байна.Удахгүй сонгууль болох гэж байна. Сонгууль дээр бодлого, мөрийн хөтөлбөр, шийдэл хөгжлийн асуудлуудаар өрсөлдье.

Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газрын хэлтсийн дарга Д.Хулан: Иргэд, сонгогч бид бүхэн 4 жил тутамд нэг удаа төрийн төлөөллийн төв байгууллагаа сонгох эрхээ эдэлдэг. Энэхүү сонгууль өөрөө шударга өрсөлдөөн,  мэтгэлцээн бодлого, мөрийн хөтөлбөр, шийдэл дунд өрнөх ёстой. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд худал гүжирдлэг, гүтгэлэг, хар пи арын технологи дунд өрнөж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгууль Монголын ардчилал үлдэх үү, эс үлдэх үү гэдгийг шийдэх түүхэн хариуцлагтай цаг үе тул иргэд, олон нийт та бүхэн хариуцлагатай байхыг Ардчилсан зүгээс уриалж байна.