© Ардчилсан нам. 2011-2024

Алдагдсан найман жилийн алдааг засах сонгууль эхэллээ


Алдагдсан 8 жилийн алдааг засах сонгууль эхэллээ

Ардчилсан намын УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо. Эл үйл ажиллагаа МонголУлсын 27 дахь Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуягийн илтгэлээр эхэлсэн. Тэрбээр“Ардчилсан нам засаг барьж байхдаа хоёрхон жилд 3000 км авто зам барьж, Монгол Улсаа хөгжлийн замтай болгосон бол МАН 8 жил ноёрхохдоо Дарханы 200 км замыг ч бүрэн тавьж чадахгүй өнөөдөр ч ноцолдсоор байна. Бид 17 хувь байсан орон сууцын зээлийн хүүг 8 болгож, хоёр жилийн дотор 100 гаруй мянган айлыг тохилог орон сууцад оруулсан. Харин МАН засагласан 8 жилд ипотекийн зээл зогссон. Ардчиллынхны үед ЖДҮ-ийн зээл жинхэнэ эздэдээ хүрсэн. 1055 үйлдвэр үүд хаалгаа нээсэн. Сүүлийн 8 жилд аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа хааж, залуус минь ажил хайн, гадаадыг зорилоо. Ардчилсан нам засаг барьж байхад үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлж, үнийн өсөлтийг хазаарлаж, бүр шатахууны үнийг бууруулж байсан түүхтэй. Ардчилсан намын үед Монголын төр нүд, чихээ нээж, иргэдийг сонсох 1111 төвийг байгуулсан. Төрийн хүнд суртлыг халах ТҮЦ машиныг байрлуулсан” хэмээн мартсаныг санууллаа.

Ардчилсан нам ахмад, дунд, залуу үедээ тэгш боломж олгож, нийгмийн бүх бүлгийн төлөөллийг нэр дэвшүүлсэн. Энэ удаагийн сонгуульд залуусын төлөөлөл болон оролцож буй С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, дунд үеийн төлөөлөл, хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг, багш, сурган хүмүүжүүлэгчдийн төлөөлөл Ц.Мөнхтуяа нар нээлтийн үйл ажиллагаанд үг хэлсэн.

МАН-ын 8 жилийн ноёрхлыг үргэлжлүүлэх үү, өөрчлөх үү гэдгийг шийдэх эгзэгтэй цаг үед Ардчилсан нам хэмээх итгэл найдварын хөлгийн залуур дээр байгаа хүн бол Ардчилсан намын дарга Л.Гантөмөр. “Үндэсний хэмжээний намын дарга, багийн удирдагчийн хувьд фронтоо командална” хэмээн нэр дэвшигчдийн жагсаалтаа тэргүүлж буй Л.Гантөмөр нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ “Бид мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа 300 мянган хүний хүсэл, зорилгыг сонссон. Энэ олон хүний хүсэл, зорилгыг нэгтгэн бид “Эрчимт хөгжлийн төлөвлөгөө”-гөө боловсруулсан. Үүнийгээ хэрэгжүүлэх дөрвөн жилийг бидэнд олгохыг монголчуудаасаа хүсэж байна.

Өнгөрсөн 8 жилийн амьдралыг монголчууд янз бүрээр дүгнэж буй. “Алдагдсан 8 жил”, “Дарангуйлал тогтсон 8 жил”, “Там шиг 8 жил байлаа”, “Байлдаж байгаа юм шиг 8 жил” гэж байна. Харамсалтай нь өнгөрсөн 8 жилд монголчуудад тулгарч буй асуудлуудыг шийдээгүйг хүн бүр хэлж байгаа. Ажилгүйдэл, ядуурал, авлига, хулгай шийдэгдсэнгүй. Үнийн өсөлт улам галзуурлаа. Тог тасардаг, шатахуун авахаар дугаарладаг боллоо. Боловсрол, эрүүл мэндийн салбар доройтсон.

Үнэхээр асуудлуудыг шийдээгүй учраас Ардчилсан намыг одоо ажил хийгээд өгөөч ээ гэдэг хүсэл, санал санаачилгыг монголчууд бидэнд өгсөн. Манай 126 нэр дэвшигч ялгуусан ялалт авчирна гэдэгт итгэл төгс байна.

Бид утаа, түгжрэлийг хэрхэн шийдэх вэ, боловсролын салбарыг хэрхэн босгож ирэх вэ, залуус нь эх орондоо амьдардаг улсыг хэрхэн бий болгох вэ гэдэгт гол анхаарлаа хандуулах ёстой болоод байна. Үйлдвэрлэлийг босгож ирэхгүйгээр Монгол босохгүй ээ. Үйлдвэрлэлийг хэрхэн бий болгох тухай бүх эдийн засгийн тооцоо Ардчилсан намд бий.

Бидний их ажлын төлөвлөгөөг гурван зүйл дээр томьёолж хэлмээр байна. Хамгийн түрүүнд бид монгол хүндээ анхаарах ёстой. Хүчирхэг улс болъё гэвэл ард түмэн нь хүчирхэг болох ёстой.

Монголын эдийн засаг “хорт хавдар” туссан. Үүнийг эмчлэх ганц арга нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Түүхий эдийн экспортлогч байхаа больж, үндэсний үйлдвэрлэлээ Төв Азид гайхуулсан орон болгох дөрвөн жилийн төлөвлөгөө бидэнд байна.

Монголын төр өнөөдөр дүлий болсон. Дарга нар эрх ямбанд умбасан. Ирэх дөрвөн жил бол дарга нарын эрх ямбыг халсан жил байх болно. Хорих ял авсан хүн ч УИХ-д кноп дараад сууж байна. Иймээс ирэх дөрвөн жилд УИХ-ын гишүүдийн дархан эрхийг халах хэрэгтэй. Ингэж бид монгол төрийг Монголын ард түмний төр болгоно.

Ардчилсан намын төлөвлөгөө ажил болно гэдгийг амлаж байна. Хоосон амлалт биш, ажил хийсэн он жилүүдийг та бүхэн харах болно. Та бүхэндээ ялалт, амжилтыг хүсэн ерөөе” гэв. Ингээд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр болон намын гишүүд, дэмжигчид намын тугаа мандуулснаар нээлтийн үйл ажиллагаа өндөрлөв.