Ардчилсан намын дэд дарга, “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаа, АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун болон Шинэ нэгдсэн эвлэлийнхэн хамтран Ховд аймгийн Жаргалан сумын Хайрхан багийн Засаг дарга Цэнд-Аюуш Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын дэд дарга Ж.Баярмаа “Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн асуудлуудаар Сонгуулийн ерөнхий хороонд удаа дараа хандсан ч дорвитой хариу ирүүлдэггүй. Хэргийг нь хэрэгсэхгүй болгочихдог. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойрогт нэр дэвшиж буй Ч.Хүрэлбаатарын 1000 оюутанд 100,000 төгрөг тараасан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл энэ байдалтай давхцаад тус тойрогт дахин мөнгө тарааж, МАН-ын нэр дэвшигчдийн 10 нэрийг бичсэн саналын хуудсыг иргэдээр бөглүүлсэн гэх ноцтой асуудал гарлаа. Үүнийг нэн яаралтай горимоор шалгах шаардлагыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж байна” гэв.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун “Эрх барьж буй МАН хэт их хүч түрэмгийлсэн байдалтай сонгуульд хандаж байна. Сонгох эрхэнд халдаж байна. Ховд аймагт гарсан хэрэг бол ганц л жишээ. Цаашид ийм хэргүүд маш олон гарна. Тиймээс Шударга сонгуулийн төлөө ажлын хэсэг нам, эвслүүдтэй хамтрах хууль бус байдалтай тэмцэнэ ” гэв.
Сонгуулийн ерөнхий хорооноос Ховд аймагт болсон хэргийг шалгах хүсэлтийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн гэдгээ энэ үеэр мэдэгдэв. Цаашид хууль зөрчсөн асуудал дээр төрийн байгууллагууд уялдаатай ажиллаж, хууль зөрчсөн ноцтой хэргүүдийг хуулийн хүрээнд яаралтай шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэдийг Шударга сонгуулийн төлөө ажлын хэсгээс мэдээлсэн юм.