Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн иргэдтэй хийх уулзалт Архангай аймагт үргэлжилж байна. 1-р тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт нэр дэвшиж буй Д. Ганбат, О.Алтангэрэл, А.Адъяасүрэн, П.Мөнхтулга, Д.Цогтбаатар, С.Ганбаатар, Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан, Э.Болорчулуун нар уулзалтад оролцлоо.
Ардчилсан нам Хангайн бүсэд туршлагатай, боловсролтой есөн нэр дэвшигчийг илгээсэн. Нэр дэвшигчид "9+90+900" мөрийн хөтөлбөрийн эрчимт хөгжлийн төлөвлөгөөг иргэдэд танилцуулж, өөр өөрсдийн зорьсон ажил, төлөвлөсөн зүйлээ иргэдэд танилцуулж, санал бодлоо солилцсон байна.
Тус намын мөрийн хөтөлбөрт бүх аймгийн төв болон томоохон сум, суурин газруудыг хатуу хучилттай автозамаар холбох ажлыг эрчимжүүлнэ гэж тусгасан.
Тухайлбал, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн тойрогт Мянганы хэвтээ тэнхлэгийн авто замыг Арчулуут сумаас Эгийн даваагаар давуулж, Баянхонгорын арын сумдуудаар дайруулан Говь-Алтай аймгийн Гуулин сумаар төв замтай холбоно гэж төлөвлөгөөндөө тусгажээ. Мөн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт сумын засмал замыг дуусгаж, ашиглалтад оруулна гэв.
Түүнчлэн Сарлагийн хөөвөр, хонины ноос угаах үйлдвэр барьж, эрчимжсэн мал аж ахуй, усалгаат тариалан болон аялал жуулчлалыг хөгжүүлэх, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулж, сум бүрийн онцлогийг тодорхойлон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого баримтална гэж Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Ийнхүү УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Архангай аймаг дахь сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэр тус намын дарга Лу.Гантөмөр намын төлөвлөгөөг ажил хэрэг болгох найдвартай, итгэлтэй, туршлагатай есөн нэр дэвшигчийг Хангай бүсийн тойрогт илгээсэн гэдгийг онцоллоо.
Архангай аймгийн иргэд ардчиллыг дэмжиж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.