Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн иргэдтэй хийх уулзалт олон ястны өлгий нутаг Ховд аймагт үргэлжилж байна.
УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт туршлагатай, боловсролтой, чадвартай 10 хүнээ нэр дэвшүүлж байгааг тус намын дарга онцоллоо.
Баруун бүсийн тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж буй О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, З.Нарантуяа, Ш.Адьшаа, Д.Батцогт, Ц.Одонтунгалаг, Д.Батсайхан, Б.Түвшин, Н.Тэгбаяр нар уулзалтад оролцож, өөрсдийн хийх ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм.
Ардчилсан намын Лу.Гантөмөр “Энэ сонгуулиар эрх баригчиддаа хариуцлага тооцож чадахгүй бол Монголын ардчилал мөхөхөд бэлэн болсон байна. Монголын ардчилал, Монголчуудын эрх чөлөөг хамгаалахын тулд бид энэ сонгуульд оролцож байна. Цөвүүн цагийг зогсоохыг та бүхэндээ уриалж байна” хэмээн онцоллоо.
Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ажилтай орлоготой, орлого нь амьдралдаа хангалттай хүрдэг байдлыг бий болгоход хамгийн чухал нь үйлдвэр барих явдал юм гэдгийг тэрбээр хэлсэн юм.
Тус намын мөрийн хөтөлбөрт Ховд аймагт нефть боловсруулах бага оврын үйлдвэр барих, баруун бүсийн эрчим хүчний системийг хөгжүүлэх, гурил, тэжээлийн үйлдвэр байгуулна гэж тусгасан байна.
Эрүүл мэнд эрхэм баян. Тиймээс аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай болгох, эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг олон ажлыг хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Тэр дундаа эмнэлгийг хар зах болгон хувиргаж буй хавдрын өвчлөлийг бууруулах, орон нутагт эмнэлгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Улаангом хотод Хавдар судлалын төвийг байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Түүнчлэн сумдын эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгийн барилга, цэвэрлэх байгууламж зэрэг олон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн байна.
Баруун бүсийн тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт туршлагатай, чадвартай, боловсролтой хүмүүсийг Ардчилсан нам илгээж, нэр дэвшүүлж байна хэмээн тус намын дарга Лу.Гантөмөр онцоллоо.