Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн иргэдтэй хийх уулзалт баруун бүсийн тойрог болох Говь-Алтай аймагт үргэлжилж байна.
Тэрбээр, Говь-Алтай аймгийн иргэдэд Ардчилсан намаас хэрэгжүүлэх 9 эрчим хөгжлийн төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал бодлыг нь сонслоо. Хамгийн чухал нь энэ бүх төлөвлөгөөг ажил хэрэг болгож, бүтээн байгуулалтыг хийж, баруун бүсийг хөгжүүлж чадах чадвартай, туршлагатай 10 хүнээ Ардчилсан нам баруун бүсийн тойрог буюу Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Ховд аймагт нэр дэвшүүлж байгаа гэдгээ хэллээ.
Түүнчлэн тэрбээр “Баруун Монгол- Монгол улсын эрүүлжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Эрх баригчид найман жил сөрөг хүчингүй дураараа дургисан. Авлигал, арын хаалга, ажилгүйдэл хэвээр. Боловсрол улам доройтож, эрүүл мэндийн салбар босож ирсэнгүй. 2016 онд Монголчуудын нэрлэж байсан хамгийн том 10 асуудлын нэг нь ч шийдэгдсэнгүй. Эрх баригчид мөнгө тарааж, худал амалт өгдөг боллоо. Тиймээс Ардчиллын төлөө, эрх чөлөөний төлөө, Монголын хөгжлийн төлөө Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд хоосон амлалт биш бодит ажлыг хийхээр төлөвлөгөө боловсруулан оролцож байна” гэдгийг онцолсон юм.
Ардчилсан мөрийн хөтөлбөрт баруун бүсийг хөгжүүлэхээр Нефть боловсруулах бага оврын үйлдвэр барих, Гурил, тэжээлийн үйлдвэр байгуулах, Хавдар судлалын төв байгуулах, Шахмал түлшний жижиг үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалт хийнэ гэж төлөвлөсөн байна.
Говь-Алтай аймгийн Жаргалан, Алтай өрхийн эмнэлэг болон зарим сумын эрүүл мэндийн төв, сургуулийн барилгуудыг шинээр барих, АШУҮИС-ийн нэгдүгээр байрыг дахин төлөвлөлтөд оруулж, лаборатори сургуулийн барилгыг шинээр барих, зарим сум, тосгонд цэвэрлэх байгууламж барих, аймгийн төв буюу Есөнбулаг сумын баруун уулын үерийн даланг шинээр барих ажлуудыг хийхээр намын мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт Ардчилсан намаас О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, З.Нарантуяа, Ш.Адьшаа, Д.Батцогт, Ц.Одонтунгалаг, Д.Батсайхан, Б.Түвшин, Н.Тэгбаяр нар нэр дэвшиж байгаа юм. Ийнхүү Говь-Алтай аймгийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр Алтайчууд Ардчиллыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.