© Ардчилсан нам. 2011-2024
2024/06/15 /

Лу.Гантөмөр: Уул уурхайн нөхөн сэргээлт, хөрс, агаарын бохирдлыг бууруулахад онцгой анхаарна


Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн иргэдтэй хийх уулзалт Дундговь аймагт үргэлжилж байна.

Тэрбээр, “Ардчилсан нам хүчирхэг төрийг бий болгохын тулд эрчимт хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, ажил хэрэг болгохоор энэ удаагийн сонгуульд оролцож байна. Нэн түрүүнд үйлдвэрлэлийг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилтай, орлоготой, орлого нь амьдралдаа хангалттай хүрдэг нийгмийг бүтээж, сөрөг хүчингүй, авлига хээл хахуульд автсан, хууль засаглал байхгүй болсон цөвүүн цагийг зогсоохын тулд Ардчилсан нам эвлэлдэн нэгдэж, эрх чөлөө, эх орны хөгжлийн төлөө иргэдээс авсан санал, судалгааны хүрээнд мөрийн хөтөлбөрөө боловсруулан бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөсөн” гэдгийг онцоллоо.

УИХ-ын сонгуулийн 7-р тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт Г.Ганбаатар, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн, Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхбат, Л.Одсэр, Н.Энхбат нар нэр дэвшиж байгаа юм. 

Говийн бүсэд хамгийн нэгдүгээрт хийгдэх ажил бол “Говийн бүсийн ус” хөтөлбөрийг хэрэгжүүлж, говийг устай болгоно.

Түүнчлэн бороо, цасны ус нөөцөлж, тариалан услах боломжийг бүрдүүлэх, Цагаан хад суурьшлын бүсийг хөгжүүлэх ТЭЗҮ-г боловсруулах, боомтуудыг түшиглэсэн тосгон бий болгох, уул уурхайн нөхөн сэргээлт, хөрс, агаарын бохирдлыг бууруулахад онцгой анхаарна гэж Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Сонгуулийн сурталчилгааны уулзалтад хүрэлцэн ирсэн Дундговьчууд улс эх орны хөгжил, эрх чөлөөний төлөө ардчиллыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.