© Ардчилсан нам. 2011-2024
2024/06/17 /

Сант сумын Ардчилсан намын дарга амиа алдсан асуудалд хариуцлага хүлээж, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардлаа


Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б дарга нарын дуудсан газарт, уулзалтад очоогүйнхээ төлөө эрдэнэт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Үүнтэй холбоотойгоор Ардчилсан нам шуурхай ажлын хэсэг байгуулж, төрийн сонгуулиар хүний аминд хүрсэн ноцтой асуудалд Монгол ардын нам хариуцлага хүлээж, 1-р тойрогт нэр дэвшигчдийг багаар нь нэрийг нь татах, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардлаа.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Хүний алтан аминаас илүү улс төржилт гэж байх ёсгүй. Ардчиллын тугийг мандуулагч талийгаач Б сумынхаа ИТХ-д гурван удаа, сумын намын даргад хоёр удаа сонгогдон ажиллаж байсан шилдэг боловсон хүчний нэг. Монгол ардын нам өчигдөр нэг нэр дэвшигчийн нэрийг татсан гэх мэдэгдэл хийсэн. Гэхдээ ганцхан хүний нэрийг татах биш УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшиж  буй есөн хүнийг багаар нь сонгуульд оролцуулахгүй байж, нэрийг нь татахыг Ардчилсан нам, намын гишүүдийн зүгээс шаардаж байна. Улс төрийн хариуцлагаа бүрэн хүлээх ёстой. Тиймээс Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж байна” гэв.

Өнөөдөр 17:00-19:00 цагийн хооронд Монгол орны өнцөг булан бүрт буй Ардчилсан намын гишүүд, намын тугийг бөхийлгөж ЭМГЭНЭЛ илэрхийлнэ гэдгийг энэ үеэр мэдээллээ.

Ардчилсан намын УТЗ-ийн гишүүн Х.Тэмүүжин “УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан МАН-ын том дарга нар ирсэн учраас хурал, уулзалтад оролцох ёстой гэж даргадаа тал засаж, бялдуучилж, зусардсан үйлдлийн золиосонд нэг ардчилагчийн амь нас үрэгдлээ. Энэ нийгэм ганцхан дарга нарт зориулагдаагүй. Жирийн иргэд, энэ улсад амьдарч байгаа хүн бүхэнд зориулагдсан. Дарга нараас өөрөөр бодож, өөр үзэл бодолтой байсныхаа төлөө амиа алдаж байгаа нь харамсалтай. Бид дарга нарын төлөө амьдраагүй. Энэ нийгэм хуультай, хуульгүй хоёр нийгмийг бүтээсэн. МАН-ын дотор байгаа, тус намтай холбоотой хүмүүст хууль үйлчилдэггүй болж, энгийн иргэдэд хууль тэнгэр хол газар хатуу гэгч  нь болоод хувирчихжээ. Сонгуулийн хуулийг өдөр бүр зөрчиж байгаа асуудалд хариуцлага тооцоогүйгээс болж одоо хүний аминд хүрсэн ч хууль үйлчлэхгүй гэх ойлголттой болсон хүмүүс нэгнийхээ алахад хүрч байна. Эрх баригчид гэмт хэргээр энэ нийгмийг удирдах боллоо. Дарангуйлагч ааштай хүмүүсийн сүүдэр нь, гор нь хүний аминд хүрч байна. Тиймээс энэ гэмт хэргийн намыг сольж, зөв хүмүүсээр төрийг бүрдүүлэх ёстой” гэв.