Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Завхан аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж, эрчимт хөгжлийн төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж буй О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, Б.Түвшин, З.Нарантуяа, Д.Батсайхан, Ц.Одонтунгалаг, Д.Батцогт, Н.Тэгшбаяр нар оролцсон юм.
Уулзалтын танхимд Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга бусдын гарт амиа алдсан явдалд эмгэнэж, зул асаасан байв.
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Хутагтуудын өлгий нутгийн ард түмэн та бүхний амар амгаланг эрэн мэндчилье. Монголын өнөөдрийн дүр төрх үнэхээр хэцүү болчихжээ. Бид дотор нь, хажууд нь байдаг болохоор сайн анзаардаггүй юм байна. Эрх мэдлийн төлөө улайрсан эрх баригчид ардчиллынхныг аль муухайгаар доромжилж байна. Ингээд байвал цаана нь ардчилал, эрх чөлөөг хүсдэг хүнгүй болно гэдэг бодлого ер нь байх шиг байна. Би хүмүүсийг гүтгэхгүй. Гэхдээ хүмүүсийн хийж буй ажил, түүний үр дагаврууд, хүмүүсийн сэтгэл зүйг, тэр дундаа төрийг юу гэж бодож байгааг анзаарч дэнслэхээр бүр углуургаар нь монголчуудыг ардчилал, эрх чөлөөнд хайргүй, хэн нэгэн даргыг шүтэж амьдардаг ард түмэн болгох сонирхол асар хүчтэй болсон байна. Тийм учраас би та бүхнээс чин сэтгэлээсээ гуймаар байна. Би олон зүйл ярихгүй ээ. Олон зүйл ярих сэтгэлийн тэнхээ ч надад алга байна. Жаахан цаг гаргаад бодож үзээч ээ гэж л хүсмээр байна. Монгол маань ер нь юу болоод байна аа, монгол хүн маань монгол хүнээрээ байж чадаж байна уу, монголчууд нэг дарангуйлагчийн дор орчихвол юу болох вэ, бидний үр сад яаж амьдрах вэ гэдгийг нарийн тунгааж өгөөч гэж би та бүхнээс чин сэтгэлээсээ гуйж байна” хэмээн уулзалтын эхэнд онцлон хэллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр Ардчилсан нам хоосон амлалт өгөх бус хийж хэрэгжүүлэх ажлаа иргэдэд танилцуулж, хөгжлийн төлөвлөгөөг бодит ажил болгож чадах чадвартай, боловсролтой, туршлагатай 10 хүнийг баруун бүсийн тойрогт нэр дэвшүүлж байгаа гэв.
Н.Тэгшбаяр бол Монголд цөмийн энергийг бий болгоно. Саяхан л бид Дорнодод уран олборлодог ард түмэн байлаа шүү дээ. Одоо ураны сургаар айдаг болсон. Тийм аймхай болчихсон. Шинжлэх ухааныг мэдэхээ больчихсон учраас тэр. Гэтэл эрдэмтэд “Бидэнд чадал байна. Монголыг цөмийн энергийн орон болгоё. Атомын цахилгаан станц барьж байж Монгол хүчирхэг болно” гэж байгаа. Ш.Адьшаа бол нээлттэй засаглал бий болгох, хөгжлийн төлөвлөлт гаргахын төлөө ажиллана. Ардчилсан нам ялбал авлига гэдэг зүйлийг бүрмөсөн алга болгоно. Авах ч, өгөх ч аргагүй болгоно.
О.Амгаланбаатарыг яаж ажил хийж буйг бид харж байгаа. Малчдын орлогыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг бий болгохын төлөө ажиллаж байгаа хүн. Монгол ахуй, сэтгэлгээ гэж юу юм, түүнийг бид яаж гаргаж ирэх ёстой юм гэдэгт анхаарна.
Б.Пүрэвдоржийг та бүхэн мэднэ, шударга, зарчимч, төрд байх ёстой хүн. О.Цогтгэрэл бол шинийг сэтгэдэг, хатуу байр суурьтай. Ардчилсан намыг эвлэрүүлэхэд хамгийн их хань болсон хүн бол О.Цогтгэрэл. Ингээд харахаар манай 10 нэр дэвшигч дунд үлдээх хүн байхгүй. Тэднийг дэмжихийг та бүхнээс хүсэж байна хэмээн Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр онцоллоо.
Уулзалтад хүрэлцэн ирсэн Завханчууд ч мөн ардчиллыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.