Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Хан Хэнтий нутгийн иргэд, сонгогчидтой уулзаж, эрчимт хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо.
Тэрбээр, “800 жилийн өмнө дэлхийн шинэчлэл энэ нутгаас эхэлсэн. Тийм учраас Монголын хөгжил, шинэчлэл энэ нутгаас эхэлнэ гэж харж байна. Хан Хэнтий бол эр зоригтнуудын өлгий нутаг юм. Энэ нутагт байгаа хүмүүс ажилч, хичээнгүй зангаараа монголчуудыг гайхшируулж байдаг. Энэ удаагийн сонгуулийн уулзалтаар монголын ардчилал, эрх чөлөөний төлөө зүтгэж буй хүмүүсийг халуун дулаанаар хүлээн авч, дэмжиж, урам зориг өгч байгаа Хан Хэнтийчүүд та бүхэндээ Ардчилсан намын 210 мянга гаруй гишүүнийхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна” хэмээв.
УИХ-ын энэ удаагийн сонгуулийн гол онцлог бол найман жил эрх барьсан Монгол ардын намд хариуцлага тооцож чадах уу үгүй юу гэдгийг харах том сорилт болж байна.
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр уулзалтын үеэр “Монгол ардын нам найман жил төр барихдаа монголчуудыг бүтэн хяналтдаа байлгасан. Төрийн албаар дамжуулж бүрэн хянаж байна. Бид монгол орноо тойрч, 300 гаруй мянган хүнээс асууж, судалж, үгийг нь сонсож, сэтгэлийг нь танихыг хүслээ. Иргэд нэг л зүйлийг хэлсэн. Монгол хүний хөгжлийн асуудал орхигдсон шүү гэдгийг хэлж байсан. Тиймээс Ардчилсан нам энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Монгол айл, Монгол гэр бүл, Монгол хүний хөгжил гэдэг зүйл дээр бүх ажлын төлөвлөгөөгөө гаргасан. Бид ирээдүйгээ өөрчлөх ганцхан арга байна. Тэр бол боловсрол. Бид оюунлаг ард түмэн гэдгээрээ дэлхийд ялгардаг. Гэтэл монголчуудын боловсрол дэлхийгээс хоцорчихлоо. Үүнээс болоод ажилгүйдэл, ядуурал бий боллоо. Тиймээс хүчирхэг монгол хүнийг бүтээж, хүчирхэг төрийг бий болгохын тулд Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд орж байна. Монгол хүнийг ажилтай, орлоготой болгож, эдийн засгаа босгох ёстой. Ингэхийн тулд үйлдвэрийг болгох нь чухал. Үүнийг хийхийн тулд Ардчилсан нам ТЭЗҮ боловсруулсан. Одоо ажил хэрэг болгож, хийж бүтээх цаг нь ирсэн. Надад маргаашийн Монгол чухал болохоос өнгөрсөн хэдэн дарга нарын булхай, луйвар чухал биш. Бид урагшаа харж, томоор сэтгэж, дарга нарыг байранд тавих ёстой ” гэдгийг онцоллоо.
УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Н.Ганибал, Т.Пүрэвхатан, С.Төмөрхүү, Ш.Бямбасүрэн, Д.Балдан, Ш.Батдэлгэр, Э.Төмөрбаатар нар нэр дэвшиж байна.
Ардчилсан нам Хэнтий аймгийн олон улсын нисэх буудлыг барьж дуусгах, Байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газруудыг түшиглэн аялал жуулчлалын цахимжсан, хүртээмжтэй, найдвартай үйлчилгээг нэвтрүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Мөн тус тойрогт төмөр замын логистикийн төв байгуулах, Баруун-Урт-Бичигтийн боомт чиглэлийн 272 км хатуу хучилттай автозам барих, зүүн бүсийн хөдөө аж ахуй парк бий болгох, “Баруун-Урт” олон улсын нисэх буудал барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтад оролцсон Хэнтийчүүд ардчилсан намаас нэр дэвшигчдийг, ардчиллыг дэмжиж байгаагаа илэрхийлж, өөрчлөлт хийж, солих цаг нь болсон гэдгийг онцоллоо.