© Ардчилсан нам. 2011-2024

ЛУ.ГАНТӨМӨР: ХАМГИЙН ТОМ ЯЛАЛТЫГ ХАН-УУЛЧУУД ХИЙНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА


Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр нийслэл хотод иргэдтэй хийх уулзалтаа Хан-Уул дүүргээс эхлүүллээ.

Тэрбээр, “Хэрсүү байж чаддаг Хан-Уул дүүргийн иргэддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ардчилсан нам өөрчлөлт хийж, эрчимт хөгжлийн төлөвлөгөөгөө ажил болгон хэрэгжүүлэхээр энэ удаагийн сонгуульд оролцож байна. Эрх баригчид авлигатай тэмцээд байгаа ч авлигачид нэмэгдээд байна. Ийм л орчин бий болсон байна. Орон нутгаар иргэдтэйгээ уулзаад ирлээ. Олон хүн солих цаг нь болсон гэдгийг хэлж байна. Одоогийн эрх баригчид  бодлого гаргах чадамжаа бүрэн алдсан байна. Стратеги байхгүй, зүгээр өнгөлөн далдлалт хийдэг болсон. Ажилгүйдэл нэмэгдэж, иргэд зээлээс зээлний хооронд амьдарч байна. Энэ өрийн дарамтаас хэрхэн салах вэ. Эдийн засаг, хөгжлийн яам гэж байгуулсан ч юу ч хийсэнгүй. Хэтэрхий эрх мэдэлд шунаж байна. Соёлын яам, Биеийн тамир, Спортын яам, Түгжрэлийн  сайд гээд яамд, сайд нар аа нэмээд л танхимаа бүрдүүлсэн. Гэвч бодлого байхгүй. Ажлаа хийхгүй байна. Тийм учраас Ардчилсан нам Стратегийн Засгийн газрыг байгуулна. Бодлогоо өөрчилж, зөв бодлогоор улс орноо хөгжүүлнэ. Улаанбаатарын хамгийн том асуудал бол утаа, ууж байгаа ус юм. Иргэд утаанд хордож, зэвтэй, бактеритай ус ууж амьдарч байна. Ходоод бүтэн хүн байхгүй боллоо. Тиймээс энэ асуудлыг шийдэж чадах чадвартай гурван хүнээ Хан-Уул дүүрэгт нэр дэвшүүлж байна. Зайсан, Яармагт төлөвлөлт байна уу байхгүй, Япончууд төлөвлөөд өгсөн хотын төлөвлөлт бий. Гэхдээ ажил хэрэг болгохгүй байна” гэдгийг хэлэв.

Ардчилсан нам ирэх дөрвөн жилийг “Эрчимжсэн хөгжлийн дөрвөн жил” болгохыг зорьж буй юм. Тиймээс зөв стратеги, зөв бодлогоор эдийн засгийг босгоно. Ингэхийн тулд үйлдвэрлэлийг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлж, ажилтай, орлоготой иргэнийг бий болгож, улс орноо хөгжүүлэхийг зорьж байна. Үйлдвэржсэн Монголыг бий болгохын төлөө Хан-Уулчууд та бүхэн Ардчилсан намаас нэр дэвшигчдийг дэмжээрэй. Өрнөөс гарч, төрийн дарамт үгүй болгохын тулд цэнхэр хувцастай баатрууд та бүхний зүтгэл хэрэгтэй шүү. Мөнгө тарааж, иргэдийн саналыг худалдах гээд явж л байна. Энэ мөнгө наадмын дараа дуусаж, улс орон мөхөлд хүрнэ. Та бүхэн зөвхөн өөрөөсөө би улс орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж асуух хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улс мухардалд орчихсон байна. Би гурван зүйлийг онцлон ярьж байгаа. Нэгдүгээрт, боловсролыг босгож, Монголын боловсролыг боссон, сэргэсэн 4 жилийг бий болгоно гэдгээ амлаж байна. Хоёрдугаарт, Эрүүл мэндийн салбарт бодлого дутагдаж байна. Манай улс хавдраараа дэлхийд тэргүүлж байна. Хүнийхээ амийг хайрлаж, боловсролыг үнэлж чадахгүй байна. Тиймээс энэ асуудалд зөв шийдлийг олж чадах Э.Тамир энэ тойрогт нэр дэвшиж байна. Гуравдугаарт, Авлигыг бүрмөсөн таслан зогсоох хэрэгтэй. Дэлхийн улс орнууд ядуу байхдаа авлигыг зогсоож, хөгжлийг бий болгож чадсан. Тиймээс хуулийн орчныг бүрдүүлж, ажил хэрэг болгон хэрэгжүүлж, авлигыг устгах болно. Ардчилсан нам 18 инженерийг нэр дэвшүүлж байгаа. Түүний нэг нь Б.Ариунболд юм. Түүний хувьд бүтээж, хийж, хэрэгжүүлж чадах хүн. Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй гурав бол мэдлэгтэй, чадвартай, төрд түмнээ төлөөлж, итгэлийг нь алдахгүй ажиллах чадна. Тэд чадна. Мөнх хөх тэнгэрт Ардчиллын цэнхэр туг үүрд мандах болтугай” хэмээн ярилаа.

Уулзалтад тус тойрог нэр дэвшигч Э.Тамир, Ч.Лодойсамбуу, Б.Ариунболд болон Ардчилсан намын дэд дарга, жагсаалтаар нэр дэвшигч П.Батчимэг, Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга П.Мөнхбаатар, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, жагсаалтаар нэр дэвшигч Б.Жаргалан нар оролцлоо.

П.БАТЧИМЭГ: ХАН-УУЛ ДҮҮРЭГТ НЭР ДЭВШИГЧИД БОЛ ТӨЛӨВШСӨН, ХҮНИЙ ИТГЭЛ ДААЖ ЧАДАХ ХҮМҮҮС

Хан-Уул дүүрэг бол ардчиллын дүүрэг, ялдаг дүүрэг. Улаанбаатар хотын хөгжлийн нүүр царай болсон хамгийн том дүүрэг. Бидэнд утаа, түгжрэл гээд олон асуудал бий. Энэ бүгдийг ард гарч чадах, амласнаа хийж, хэрэгжүүлж чаддаг улс төрийн хүчин бол Ардчилсан нам. Өнөөдөр энд суусан цэнхэр хувцастан, цэнхэр малгайтнууд та бүхэн бол баатрууд юм. Ардчилсан намын мянга мянган гишүүний итгэлийг дааж, Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй сэтгүүлч Ч.Лодойсамбуу, инженер Б.Ариунболд, эрх зүйч Э.Тамир нар бол төлөвшсөн хүмүүс юм. Та бүхэнд Хан-Уулчууд итгэлээ өгч чадна гэж би харж байна.

Ч.ЛОДОЙСАМБУУ: ДЭМЖИЖ ГАРГАСАН ЗАЛУУ ЧИНЬ ЗҮГЭЭР СУУХГҮЙ, ХИЙЖ ЧАДДАГ ГЭДГЭЭ ХАРУУЛНА

Би анх удаа сонгуульд нэр дэвшиж байна. Сүүлийн өдрүүдэд хотын гудмаар алхаж явахад манай залуучуудын нүд нь сэргэг, сэтгэл нь өөдрөг, итгэл нь сэргэсэн, зориг нь бадарсан байгаа юм билээ. Та бүхэн үнэхээр бадруулж байна. Анх удаа улс төрийн намд гишүүнээр элсэж орсон. Ийм том тэврэлтийг би өмнө нь мэдэрч байгаагүй. Халуун дулаанаар айлд алхаж орохыг мэдэрч байгаагүй. Энэ их итгэлийг нь би алдахгүй ээ. Дэмжиж гаргасан залуу чинь зүгээр суухгүй. Ажил хийнэ. Хийж үзүүлнэ. Хийж чаддаг учраас үргэлжлүүлнэ гэдгээ амлаж байна.

Б.АРИУНБОЛД: БУРХАН ХҮНИЙГ БҮТЭЭДЭГ. БУСДЫГ НЬ ИНЖЕНЕР БҮТЭЭДЭГ

Хан-Уул дүүрэгтээ төрж, өсөж, 50 гаруй жилийг өнгөрөөж байна.   Ардчилсан нам ард түмэндээ өгч чаддаг,  хийж чаддаг, бүтээж чаддаг нам. Тиймээс эрчимт хөгжлийн төлөвлөгөө гаргаж, олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр энэ удаагийн сонгуульд оролцож байна. Монгол хөгжүүлж, шинэчилж чадна гэдгээ харуулах болно. Миний хэлэх дуртай үг бол бурхан хүнийг бүтээдэг. бусдыг нь инженер бүтээдэг гэдэг. Ялалтын төлөө хамтдаа.

Э.ТАМИР: ЭНЭ УДАА ЯЛАЛТ БАЙГУУЛЖ, ИХИЙГ ХИЙЖ, БҮТЭЭХ БОЛНО

Маш их энерги энд цугласан байна. 2012-2016 онд шинэчлэлийн Засгийн газарт би ажиллаж байсан. Уг Засгийн газар бол түүхэнд хамгийн их ажил хийсэн. Энэ удаа ялалт байгуулж, илүү их зүйлийг хийж бүтээмээр байна. Бид ялна.

Танхимыг дүүргэж, уулзалтад хүрэлцэн ирсэн Хан-Уулчууд уухайлан алга ташиж, ардчиллыг дэмжиж буйгаа илэрхийллээ.