© Ардчилсан нам. 2011-2024
2024/06/21 /

Ардчилсан нам, Монголын даатгалын холбоотой хамтран ажиллана


Ардчилсан нам, Монголын даатгалын холбоотой хамтран ажиллана

 Ардчилсан нам, Монголын даатгалын холбоотой санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Ардчилсан намыг төлөөлж Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нөгөө талаас Монголын даатгалын холбоог төлөөлж тус холбооны ТУЗ-ийн дарга Т.Батзул нар гарын үсэг зурав. Мөн үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Р.Булгамаа, Н.Болдбаатар, Монголын даатгалын холбооны Гүйцэтгэх захирал Ж.Батжаргал нар оролцов.

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал” “9+90+900” Эрчимт хөгжлийн төлөвлөгөө мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа салбарын судлаачид, төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цөөнхийн бүлэг зэрэг олон мэргэжлийн холбооны саналыг хүлээн авч, тусгасан.

Энэхүү гэрээгээр Ардчилсан нам Монголын даатгалын холбоотой хамтран даатгалын тогтолцооны хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Тухайлбал, Эрсдэлийн удирдлагын тогтолцоог төр, хувийн хэвшлийн хамтын үр ашигтай хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан бий болгох,

Олон улсын жишигт нийцсэн, мэргэжлийн ёс зүйтэй, даатгалын зах зээлийг хөгжүүлж, даатгалын хураамжийн хэмжээг нэмэгдүүлж дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 2 дахин нэмэгдүүлэх,

Байгалийн гамшиг, үер, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлээс үүдсэн хохирлыг даван туулах арга хэмжээний талаарх хөтөлбөрийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх,

Хариуцлагын тогтолцоог бий болгох суурь асуудал болох хүний амь нас, эрүүл мэндийн хохирлын үнэлгээг эдийн засгийн агуулгаар тооцох аргачлалыг хөгжүүлж, гэм хорыг арилгах тогтолцоог хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд боловсруулж хэрэгжүүлэх,

Иргэн, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн, өгөөжтэй санхүүгийн зуучлалыг хөгжүүлж, Санхүүгийн үйлчилгээний хүртээмж, үйлчилгээг ашигласнаар иргэн, аж ахуйн нэгжид бий болох ашгийн бодит хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалтын арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхэд Ардчилсан намын зүгээс бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

#Ардчилсан_нам