Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр наран мандах нутаг Сүхбаатар аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа.
Тэрбээр, “Ардчилсан намын 210 мянга гаруй гишүүн Сүхбаатар аймгийг онцолж хардаг болсон. Сүхбаатарчуудын эр зориг, хөдөлмөрч чанар, эрх чөлөөнд хайртай, Ардчилсан намын удирдлагуудынх нь ажил хэрэгч, асуудал болгонд ул суурьтай хандаж, аймгаа хөгжүүлж байгаад талархаж байна. Сүхбаатар аймгийг иргэдийн ардчилалд итгэсэн итгэл улам сэргэж энэ сонгуульд орж байгаад баярлаж байна. Аймгуудаар явж байхад нэг л зүйл харагдаж байна. Монгол ардын намын тар нь танигдсан байна. Өнгөрсөн найман жилд юу болоод өнгөрөв өө гэдгийг бодитоор дүгнэхийг хичээж байгаа нь мэдрэгдэж байна. Ажилгүйдэл огт буурсангүй, ядуурал буурсангүй, олж байгаа орлого, монгол төгрөг цаас болж, авлига газар авч, боловсрол улам доройтлоо гэдгийг олон түмэн хэлж байна” гэдгийг уулзалтын эхэнд онцоллоо.
Өдрөөс өдөрт иргэдийн дуу хоолойг боомилж, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт сүлжээ унагааж, холбоо барих боломжийг эрх баригчид хааж байна. Эрх баригчдад хариуцлага тооцож чаддаг эсэхээ харуулах цаг нь ирсэн. Тийм учраас 6 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийг дэмжээрэй гэв.
Түүнчлэн тэрбээр “Ардчилсан нам эрчимт хөгжлийн төлөвлөгөөгөө бодит ажил хэрэг болгохоор энэ удаагийн сонгуульд оролцож байгаа гэв. Эрчимт хөгжлийн төлөвлөгөөний хамгийн чухал зүйл бол Монгол хүний хөгжил. Хүчирхэг иргэнтэй байж, хүчирхэг монгол улс бий болж, хүчирхэг төр бий болно. Ард түмэн монгол төрийн бодлогын голд байна гэдэг бол бидний хийх ажлын төлөвлөгөөний нэгдүгээрт бий. Тийм учраас ирэх дөрвөн жил монгол хүний төлөөх дөрвөн жил байх болно” хэмээн онцлон хэлэв.
Ардчилсан нам боловсрол, эрүүл мэндийн салбарыг хамгийн түрүүнд аврах хэрэгтэй гэдгийг онцолж байгаа. Тиймээс боловсрол, эрүүл мэндийн салбарыг босгож ирэхийн арван багш, найман эмч хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж байгаа юм.
УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Н.Ганибал, Т.Пүрэвхатан, С.Төмөрхүү, Ш.Бямбасүрэн, Д.Балдан, Ш.Батдэлгэр, Э.Төмөрбаатар нар нэр дэвшиж байна.
Ардчилсан нам Хэнтий аймгийн олон улсын нисэх буудлыг барьж дуусгах, Байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газруудыг түшиглэн аялал жуулчлалын цахимжсан, хүртээмжтэй, найдвартай үйлчилгээг нэвтрүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Мөн тус тойрогт төмөр замын логистикийн төв байгуулах, Баруун-Урт-Бичигтийн боомт чиглэлийн 272 км хатуу хучилттай автозам барих, зүүн бүсийн хөдөө аж ахуй парк бий болгох, “Баруун-Урт” олон улсын нисэх буудал барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтад оролцсон Сүхбаатар аймгийн иргэд, сонгогчид ардчилсан намаас нэр дэвшигчдийг, ардчиллыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.