© Ардчилсан нам. 2011-2024
2024/06/21 /

Ардчилсан нам Монгол тээвэр нэгдэлтэй хамтран ажиллана


Ардчилсан нам, Монгол тээвэр нэгдэлтэй хамтран ажиллана

Ардчилсан нам, Монгол тээвэр нэгдэлтэй санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Ардчилсан намыг төлөөлж Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нөгөө талаас Монгол тээвэр нэгдлийг төлөөлж ТУЗ-ийн дарга С.Ганболд нар гарын үсэг зурав. Мөн үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Р.Булгамаа, Н.Болдбаатар нар оролцов.

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал” “9+90+900” Эрчимт хөгжлийн төлөвлөгөө мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа салбарын судлаачид, төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цөөнхийн бүлэг зэрэг олон мэргэжлийн холбооны саналыг хүлээн авч, тусгасан.

Энэхүү гэрээгээр Ардчилсан нам Тээврийн салбарт дэвшилтэт техник технологи, инновац, дижитал шилжилтийг нэвтрүүлж, тээвэрлэлтийн аюулгүй, найдвартай байдлыг ханган, замын сүлжээнд ухаалаг систем нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Тухайлбал, Монгол Улсаас хөрш орнуудтай байгуулсан авто тээврийн хэлэлцээрийн хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үндэсний тээвэрлэгчдийн эрх ашигт нийцсэн бодлого хэрэгжүүлэх,

Олон улсын транзит тээврийн сүлжээнд монголын тээвэрчид оролцох боломжийг бүрдүүлэх,

Нүүрс тээврийн “С” зөвшөөрлийн асуудлыг төрийн бус байгууллагын оролцоотойгоор өөрчлөх,

Монгол Улсын зам, тээврийн салбарын болон тээврийн логистикийн бодлогыг нэгтгэсэн Тээврийн тухай хуулийг боловсруулж, батлуулах,

Транзит ачаанд НӨАТ ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх,

Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхайн салбарыг түшиглэсэн тээвэр, логистикийн төвүүдийг барьж ашиглалтад оруулах, тээврийн шинэ төрлүүдийг хөгжүүлэхийг бодлогоор дэмжих,

Хөшигийн хөндийд агаарын тээвэр, төмөр зам, авто замын ачааны холимог терминал бүхий “Чингис хаан” карго логистикийн төв байгуулж, хөрш орнуудын сүлжээнд холбох чиглэлээр бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

 

#Ардчилсан_нам