© Ардчилсан нам. 2011-2024

Лу.Гантөмөр: Би Дорнод аймгийг ардчиллын өлгий нутаг гэж бодож явдаг


Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр энэ удаагийн сонгуулийн иргэдтэй хийх уулзалтаа Дорнод аймгаас эхлүүлсэн билээ.

Тэрбээр “Би Дорнод аймгийг ардчиллаар овоглосон, ардчиллын өлгий нутаг гэж бодож явдаг. 21 аймгаа тойрч, ард иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсож, бидний алдаж, онож байгаа зүйлс юу байна ярилцаад явж байна. Түүнээс биш хий улс төржиж, хий онгирч, хөөсөрч явахгүй байгаа. Монголын ард түмэн амьдралыг өөд нь татах байх гэж найдаж, монгол ардын намыг сонгосон. Гэтэл сүүлийн найман жилд юу ч өөрчлөгдсөнгүй. Харин авлига хэрээс хэтэрч, бараа бүтээгдэхүүний өсөж, иргэдийн амьдрал доройтож байна гэж олон хүн хэлж байна. Ялангуяа залуус ажил хийгээд ч цалин хүрэлцэхгүй байгаа учраас гадагшаа явмаар байна гэж ярьж байна. Боловсрол доройтож, эмнэлгийн салбар уналтад орлоо. Ийм хэцүү нийгмийг бий болгож, цөвүүн цаг ирсэн энэ үед эрх баригчид иргэдийн саналыг мөнгөөр худалдаж байна. Мөнгөөр саналаа өгнө гэдэг бол улс орноо, монгол орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, монгол төрийг арилжиж байна гэсэн үг. Энэ байдлыг таслан зогсоохыг та бүхнээсээ хүсэж байна” хэмээн ярилаа.

Ардчилсан намын эрчимт хөгжлийн төлөвлөгөөний гол чухал зүйл бол хүчирхэг монгол хүнийг бүтээх юм. Ажилтай, орлоготой, орлого нь амьдралдаа хангалттай хүрдэг нийгмийг бүтээхийн тулд энэ удаагийн сонгуульд хоосон амлалт биш, төлөвлөсөн ажлаа хийж хэрэгжүүлэхээр оролцож байна гэдгийг онцлов.

Лу. Гантөмөр “Монголын боловсролыг босгож ирнэ ээ гэж нүүр бардам саналаа өгөөрэй. Надад баг бий. Хүчирхэг монгол хүнийг бий болгохын тулд хамгийн түрүүнд эрүүл мэнд, боловсролын салбарыг бид босгох болно. Монгол хөшөө дурсгалаар хөгжихгүй. Тиймээс үйлдвэрлэлийг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийг ажилтай, орлоготой болгох болно. Ардчилсан нам ирэх дөрвөн жилийг их ажлын жил болгохоор зорьсон.

Н.Ганибал бол тооны хүн. Түүний хувьд хэлсэн л бол амлалтдаа хүрдэг. С.Төмөрхүү бол инженер хүн. Монгол улс аж үйлдвэрийн орон болох ёстой. Тиймээс Ардчилсан нам 18 инженерийг нэр дэвшүүлж байгаагийн нэг нь С.Төмөрхүү юм. Тэр хийж чадна.

Ш.Бямбасүрэн бол дэлхийд боловсрол эзэмшсэн хүн. Манай намаас нэр дэвшиж буй 126 хүнээс дэлхийд боловсрол эзэмшсэн 54 хүний нэг нь юм.

Э.Төмөрбаатар бол хуульч хүн. Бид авлигыг устгахын тулд бараг 30 гаруй хуульч нэр дэвшүүлсэн. Түүнийг нэг нь юм.

Эрх баригчид бидний амийг барьж байгаа энэ их дарангуйллыг эмэгтэйчүүд сөрж чадна гэж би бодож байна. Тийм учраас Т.Пүрэвхатаныг та бүхэн минь дэмжээрэй.

Д.Балдан бол Залуу хүний эр зоригийг харуулахаар сайн цагийг өөрийнхөө гараар авч ирэхийн төлөө ардчиллынханд хань болоод дэвшиж байгаа юм.

Ш.Батдэлгэр бол багш хүн. Түүнийг 100 хувь дэмжээрэй. Түүний дуу хоолой монголын төрд байх ёстой. Монголын ардчилал, эрх чөлөөнд хайртай бүх хүн биднийг дэмжиж байгаа” хэмээн онцлон ярилаа.

Уулзалтад оролцсон Дорнодчууд ардчилсан намаас нэр дэвшигчдийг, ардчиллыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.