© Ардчилсан нам. 2011-2024

Лу.Гантөмөр: Баянзүрх дүүрэгт нэр цэвэр, чадвартай, туршлага, таван залууг нэр дэвшүүлж байна


Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр нийслэлийн хамгийн олон сонгогчтой буюу 275 мянга гаруй сонгогчтой хамгийн том дүүрэг болох Баянзүрх дүүргийн иргэд сонгогчидтой уулзлаа.

Тэрбээр уулзалтын эхэнд хэдий цас бороотой, хүйтэн зэврүүн өдөр байгаа ч танхим дүүрэн цугласан иргэддээ талархал илэрхийлсэн юм.

Ардчилсан нам хүчирхэг монгол хүнийг бий болгож, боловсрол, эрүүл мэндийн салбарыг босгохоор энэ удаагийн сонгуульд оролцож байгаа. Хийх ажлын хамгийн чухал нь авлигыг бүрмөсөн устгах юм. Тиймээс ч шударга, нэр цэвэр, туршлагатай, чадвартай шижигнэсэн таван залуу улс төрчөө УИХ-ын сонгуулийн 8-р тойрогт нэр дэвшүүлж байгаагаа Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр онцоллоо.

Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж буй таван залуу тус дүүрэгтээ амьдардаг. Тиймээс ч иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг сайн мэддэг, түүнийг шийдэх шийдэлтэй, хийх ажлын төлөвлөгөөтэй залуус юм.

Ардчилсан нам алдагдсан найман жилийн алдааг засахаар эрчимт хөгжлийн төлөвлөгөө бүхий мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Түүнийг ажил хэрэг болгон хийх хэрэгжүүлэх нь чухал учраас Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр уриаллаа.

Танхим дүүрэн цугласан иргэд ардчиллыг дэмжиж, өөрчлөлт шинэчлэлт хийж, эрх баригчдыг солих нь цаг нь болсон гэдгийг дуу нэгтэйгээр хэлж байлаа.