© Ардчилсан нам. 2011-2024
2024/06/22 /

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр байгалийн шинжлэх ухааны салбарын багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа


Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр өнөөдөр математик, физик, хими, биологийн тэргүүлэх багш нарын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, хэрхэн шийдвэрлэх  шийдлийн талаар санал солилцсон байна.

Лу.Гантөмөр “ Монголын боловсролын салбар доройтож, дэлхийн боловсролоос хоцорсон. Тиймээс Ардчилсан нам боловсрол, эрүүл мэндийн салбарт анхаарч, шинэчлэлт хийх, үйлдвэрлэлийг болгож ажлын байрыг нэмэгдүүлж, орлоготой, орлого нь амьдралдаа хангалттай хүрдэг нийгмийг бүтээхийн төлөө энэ удаагийн сонгуульд оролцож байна. Боловсролын салбарыг босгохын тулд бид энэ салбарт ажиллаж байгаа багш, мэргэжилтнүүдийн санал чухал гэж үзсэн учраас та бүхэнтэй уулзаж байна” хэмээн онцоллоо.

Багш нарын хувьд сүүлийн найман жилд эрх баригчид долоон сайд томилсон нь боловсролын салбарын бодлогын тогтвортой байдлыг алдагдуулж, доройтолд хүргэсэн. Энэ салбар улс төрийн томилгоо хийдэг бус стратегийн тэргүүлэх салбар юм гэдгийг онцоллоо.

Боловсролын салбарт тулгамдаж буй хамгийн гол зүйл бол эдийн засгийн хөшүүрэг. Цалин орлого нь амьдралдаа хангалттай хүрэхгүй байгаа учраас чадварлаг залуу багш нар гадаад руу явж байна. Ингэснээр сургуулиуд багш нарын дутагдалд орж, их, дээд сургуульд байгалийн ухааны салбарын элсэгчдийг тоо буурч байгаа. Тиймээс цалинг хангалттай нэмэх шаардлагатай байгааг хэлэв. Үүнээс гадна боловсролын салбарт хамгийн чухал зүйл бол зөв бодлого дутагдаж байна гэлээ.

Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд багш нарын ачаалал өндөр, сурагчад зориулсан сурах бичиг хүүхдийг сургахад чиглээгүй, ном сурах бичгийг боловсруулж буй багт мэргэжлийн багш нарыг оруулах шаардлагатай байна хэмээн саналуудаа хэллээ. Багш нарын саналууд хамгаас чухал, боловсролын салбарыг шинэчлэхэд багш нарын оролцоо чухал гэдгийг Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр онцоллоо.